Цаг агаар дулаарч цас, мөс хайлж байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх үүргийг нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөнөөс холбогдох байгууллагуудад өгсөн.
Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран шар усны үерээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцлаа. Нэгдсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан танилцуулах гэж байна.
Он гарсаар шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 417 ажилтан 136 техник хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүрэг Орчлон хорооллын үерийн хамгаалалтын далангийн хөрсний ус халихаас сэргийлж, мөсийг сэтэлж, суваг татав.
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн хашаа, Дандарбаатарын гудамжинд хөрсний ус халисныг соруулан усны шугам болон бөмбөлгөн хаалтыг шалгаж, гудамж, зам талбай руу шар усны үер орохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
“Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 78 зам талбайн үйлчлэгч, 3 мастер гэр хорооллын9,10,11,21,22,23 дугаар хорооны далан суваг болон гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 6 машинаар 12 удаагийн рейс хийж 48 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн 156 ажилчид 39 техник хэрэгсэлтэйгээр 1-19 дүгээр хорооны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн ус өнгөрүүлэх суваг шуудууг цэвэрлэжээ гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.