Хүүхэд харах үйлчилгээний ажил иргэдэд хүлээлт үүсгээд байна

Нийслэл орон нутагт цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй хүртээмжгүйгээс болж олон хүүхэд өнөөдөр цэцэрлэгт явах боломжгүй, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй сургуульд орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүртээмжгүйгээс 60 мянган хүүхэд гэртээ байна гэсэн тоо судалгаа бий. Тэд цэцэрлэгт явах боломжгүй, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс болж гэмт хэргийн золиос болж цаашлаад амиа алдах, осол аваарт бэртэх тохиолдол цөөнгүй гарсаар байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд дөрвөн настай хүү нохойд хүүлүүлж харамсалтайгаар амиа алдлаа. Энэ хэрэг ажлын өдөр гарсан байдаг. Хэрвээ тэр хүүхэд өнөөдөр цэцэрлэгт юмуу, хүүхэд харах үйлчилгээнд явдаг байсан бол айлын нохойнд хүүлүүлэхгүй байх байсан ч юм билүү хэн мэдлээ.

Үнэндээ Монголд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зайлшгүй шаардлагатай нэн тулгамдсан асуудал төдийгүй нийгмийн эмзэг сэдэв ч болчихоод байгаа нь үнэн. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьж өнгөрсөн долдугаар сарын 09-ны өдөр батлагдсан юм. Харин хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Харин энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар хуулийн хэрэгжилт зогсч, хувьсах зардал байхгүй, төрөөс төсөв санхүүг нь баталж өгөөгүй байна зэрэг сөрөг мэдээлэл нийгэмд гараад удаж байна. Энэ асуудал яагаад жаахан удаашраад байгаа талаар иргэд хоёр талтай хардаж, харж байна. Нэг талаар сонгуулийн шоу гэх ч нөгөө талаар төсөв санхүү байхгүй гэж ярих хүмүүс цөөнгүй бий.

Уг нь бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг эрх зүйн баримтыг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол хүрэлцээгүйн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа дээрх 60 мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээг үзүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон эцэг эх, асран хамгаалагчийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжийг олгох зорилготой юм. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нийт 31 мянга 413 эцэг, эх, асран хамгаалагч байгаа бөгөөд хуулийн хэрэгжсэнээр тухайн өрхийн орлого нэмэгдэх төдийгүй 15 000-30 000 иргэн байнгын ажлын байртай болох урьчилсан тооцоо байгаа ажээ.

Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын хүрээнд 21 аймаг, нийслэлийн 120 төлөөлөгчид үндсэн таван чадамжийн мэдлэг чадавхийг эзэмшүүлсэн. Үүнд:

-Хүүхдийн эрх, хамгаалал

-Хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр

-Хүүхдийн хоол тэжээл

-Хүүхдийн хөгжлийн дэмжих арга зүй

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй… гэсэн сургалтыг онол практик дээр хослуулан өнгөрсөн хоёрдугаар сард амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл Хүүхэд харах үйлчилгээний асуудал юу болсон, хаанаа ямар шалтгаан нөхцлөөр гацаад байгаа талаар Хүүхдийн үндэсний төлөө газрын хүүхэд гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Г.Саранхүүгээс тодруулав.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжихгүй зогслоо гэсэн мэдээлэл иргэдийн дунд байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хэрэгжээд л яваад байгаа шүү дээ. Хууль батлагдсаны хойш хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хүрээнд энэ хуулийг зохион байгуулах журам, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандарт, санхүүжилт олгох журам, үндэсний жишиг хөтөлбөр гээд олон баримт бичгүүдийг холбогдох газруудтай хамтарч боловсруулан батлуулаад үндэсний хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний багш нарыг бэлтгэсэн байгаа. Бид 21 аймаг есөн дүүрэгт 150 үндэсний сургагч зөвлөх багшийг бэлтгэсэн.

-Нийт хэчнээн хүн сургалтад хамрагдсан билээ?

-Хүүхэд харах үйлчилгээг явуулах хүсэлтэй 2800 гаруй хүн хандснаас 2500 нь хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж уг үйлчилгээг эрхлэх эрхээ авчихаад байгаа.Эдгээр багш хүүхэд харах үйлчилгээг тухайн нийслэл, орон нутагтаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүсийг сургах ёстой сургалтыг хийж байна.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авна гээд байгаа. Үүнийг хэрхэн яаж олгож байгаа юм бэ?

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байранд нь дүгнэлт гаргах, үнэлгээ хийх маягтыг манай газрын даргаар батлуулсан. Энэ маягтыг хэн боловсруулсан юм бэ гэхээр ХТҮГ-дээр байгуулагдсан Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд ОБЕГ, Мэргэжлийн хяналтын газраас гишүүд оролцож боловсруулсан. Ажлын байрны дүгнэлт гаргаж ажил эхлээд 10 гаруй хонож байна. Өнөөдрийн байдлаар орон нутгаас хэчнээн хүүхэд харагч ажлын байрны дүгнэлт гаргуулж, хэд нь зөвшөөрөл олгогдоод байгаа талаар мэдээлэл авах гэж байна. Ажлын байраа стандартад нийцсэн эсэхийг шалгуулаад дараа нь зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эхлүүлэх ёстой.

-Хувьсах зардал байхгүйгээс удааширч “гацаанд”орсон гэх мэдээлэл үнэн юмуу?

-Үгүй ээ. Энэ ажил яагаад жаахан удаашираад байна вэ гэхээр хүмүүс ойлгохдоо хууль хэрэгжээд эхлэнгүүт нэг хүн таван хүүхэд авч, төсвөөс мөнгийг нь аваад ажиллах юм шиг их амархан ойлгоод байна. Ямарваа нэгэн хуулийг хэрэгжүүлэхийн тулд түүний хэрэгжилтийг хангах хүрээнд дүрэм, журам, стандарт гэх зэргийг боловсруулж түүний үндсэн дээр хууль хэрэгжих ёстой гэдгийг ойлгоорой. Тэгэхээр цаг хугацаа жаахан орно.

-Нэг хүүхдэд ноогдох мөнгөний хэмжээ хэд билээ?

-Нэг хүүхдэд 16900 төгрөгийн хувьсах зардал бий.

10,8 тэрбум төгрөг төсөвлөснөөс найман тэрбум болсон хоёр тэрбум төгрөгийн асуудал бас хөндөгдөөд байна л даа?

10 тэрбум төгрөг төсөвлөөд баталсан. Энэ нь 9600 хүүхдийн хувьсах зардлын мөнгө. Үүнээс өөр зүйлд зарцуулахгүй. Батлагдсан төсвийн хэмжээ хэвээрээ байгаа. Найман тэрбум төгрөг гэсэн мэдээлэл худлаа.

Ийнхүү зарим дүүрэг орон нутагт үйл ажиллагаа явуулах хүүхэд харах үйлчилгээ хүүхдэд ээлтэй стандарт нормтой байраа шалгуулсны дараа зөвшөөрлийг нь олгож, санхүүжилтээ аваад үйл ажиллагаа эхлүүлсэн явж байгаа ажээ. Гэхдээ зөвшөөрлөө аваагүй иргэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм байна шүү.

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …