Австраличуудаа, Та нарт дахин баяр хүргэе

Далай гаталгаж нүүрсээ мөнгө болгодог энэ улсад хор шаргүй дахин баяр хүргэх хэрэгтэй боллоо. Зараагүй нүүрс, тавиагүй зам дээрээ талцсаар цаг алдаж буй тухай харамслаа жилийн өмнө хэлж байсан./Нийтлэлийг энд дарж үзнэ үү./

Хар алтаа Хятадад зарж өнгийг нь ногоон болгохоор Австрали, Индонези, Колумби, Орос сүүлийн үед АНУ ч хүрз нэмж нүүрсээ зөөх болсон. Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан бол 2009 оноос Хятад улс энэ байран дээр нь гарч ирсэн. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 32 хувийг Хятадад гаргадаг.

6io8t2bcjtrvge7e93a5422e7h

Үндсэндээ 6 том “нүүрсчин” улс Хятад гэдэг ганцхан зах зээлд байраа эзлэхээр ил далд, шударга шулуун янз бүрээр өрсөлдөж ирсэн юм. Дэд бүтэц зам тээврээ нэмэгдүүлж өрсөлдсөн. Далд бодлогоор хутгуур хийж өрсөлдөгчөө өөрсдөөр нь шийдвэр гаргуулж энэ зах зээлээс холдуулж өрсөлдсөн. Энэ мэт нарийн нэхсэн торонд нь эв нэгдэл муутай, эрх ашгийн зөрчилд улстөрчид нь сүлбэлдсэн хийрхэл ихтэй Монгол минь хамгийн түрүүнд орооцолдон ойчоод өглөө.

Нүүрсний зах зээлд ширүүхэн өрсөлдөхөөр сүр ихтэй орж ирсэн улс бол Монгол байлаа. Газар зүйн байрлалаар зах зээлдээ хамгийн дөт. Хөрсөн доороо 150 тэрбум тонн нүүрстэй. Зөвхөн Тавантолгойгоо наахнуур нь шанагадаад гарахад 4 тэрбум тонныг авах уу гэж ярина. Ийм их нүүрстэй улс яагаад энэ зах зээлийг харахгүй тойрох ёстой билээ.

Гэхдээ бид ёстой амжсангүй. Том гүрнүүдийн баздаг нүүрсний зах зээлд хойд хаяанаас нь 250 км зайнаас түүхий нүүрсээ машинаар зөөж үзээд жижигдлээ. Төмөр замаа тавьж чадсангүй.Нүүрснийхээ оронд доллар биш танктай гамин хүлээж авна гэж зарим нь айлгасан. Оросоор тойруулаад замаа тавих бол иртлээ бас удна гэх дэндүү гэмээр гэнэн тархи угаалтад иргэд төөрөлдөн хоёр талцсан.

Манай улс нүүрсний ордуудаа хурдан эргэлтэд оруулж чадвал мөнгө олж болох ойрын 15-хан жил байгааг эдийн засагчид сануулж эхэлснээс даруй 5 жил нь өнгөрсөн байна. Төмөр замд аль компанийн, хэний эрх ашгийг хадгалсан хөрөнгийг оруулах, ямар царигаар зам барихаа шийдэж чадахгүй байтал нүүрсний аж үйлдвэр уруудаж эхэлжээ. 2014 онд Хятадын нүүрсний хэрэглээ 2.9 хувиар буурсан. Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна гэж шинжээчид үзэж байгаа гэнэ. Цэвэр агаар худалдаж авч, нийтээрээ маск зүүх дээрээ тулсан улс нүүрсийг халах замыг хайж эхэлсэн байна.

Цагтаа амжиж галт тэргэндээ сууж чадалгүй дотроо хэрүүлтэй үлдсэн бид уул уурхайн салбарт хөрөнгө хаяж зүтгэж байсан нэг компаниа дампуурахад хүргэлээ. “Mongolian Mining Corporation” санхүүгийн хүндрэлд тулсан талаар шуугиан дэгдлээ. Үндэсний хэмжээний компаниуд энэ мэтээр сөхрөөд өгвөл бид засгийн газар гэдэг тусгай салбартай, төсвийн мөнгөнөөсөө 50-ийг бэлэн гаргана гээд хөрөнгө оруулагчид томхон дуугарчих тэнхэлгүй,авилгад идэгдсэн ТӨР гэдэг ганц том компанитай үлдэх болох нь. Хувьцаа эзэмшигчид нь нам дамжсан улстөрчид.

10035d2b065c8200big

Хөөрөг хийдэг юм уу, хурдан морины эм хийдэг нэг компани байсан бол манайд тийм амар дампуурахгүй дээ гэж бодогдоно. Дэлхийн зах зээл дээр баялгаа бариад хөрөнгө оруулагчтай ярихад манай төр, түүний улстөрчид даанч “микро”. Эрх ашгийн дэндүү явцуу зөрчилтэй харагдана.

Бид яагаад нүүрсний зах зээлд мөнгө босгох ид үеэ алдаж өрсөлдөөнд орж ч амжилгүй үлдэв. Нүүрсээ тойроод олон шалтгаан хэлдэг.

  • Далай гатлан ирэх өрсөлдөгчдийг бодвол 200 км давхиад хүрдэг зайгаа давуу тал гэж андуурчээ. Бид луугийн аманд хүрзээр нүүрс шидэж цаг их алдлаа. Үүнд төр ашиг сонирхлын зөрчилд идэгдэж нэг талд хэт үйлчилж үнэхээр их нэрмээс боллоо. Гадны нөлөөнд ч их автсан. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өсчээ.
  • Цаг алдахын хэрээр нүүрсний үнэ доош унасаар. 2013-2014 онд 90 доллараас 79 доллар болтлоо унасан. Коксжих нүүрс мөн адил. 2013-2014 онд 160 доллараас 125 доллар болсон.
  • Цаашлаад Хятад улс өөрөө нүүрсний хэт их хэрэглээнээс татгалзаж уурхайнуудаа хааж эхэллээ.

Гэхдээ энэ бүхнээс өрсөх байсан боломжоо юунаас алдсан бэ. Уул уурхайн салбарт хөрөнгө босгож гарч ирсэн ганц компаниа гаднын зээлдэгчдийн өмнө бөхийлгөж, хөрөнгө оруулагчдын дунд яагаад ганцаардуулав.

Бизнес хийх тусгай ухаантай хүмүүсийг төрд хэт олноор оруулаад ирчихжээ. Эх оронч байх, нүүрс зах зээлд зарах хоёр холбоотой болчихсоныг салгаж ойлгох хэрэгтэй боллоо. Үүнийгээ эрт тогтож ярих хэрэгтэй байсан.

Хэрвээ ТТ-н тендер гацалгүй явсан бол ордыг ММС-ийн барьцаанд гадаадад алдах байсан гэж байна. Энержи ресурс төслөө эхлүүлсэн бол дампуурахгүй байсан гэдэг талаас яагаад ярихгүй байгаа юм бол. Хөдөлж байгаа хүн хөлдөж үхдэггүй гэсэн үгийг нэмж хэлмээр байна.

Товчдоо улстөрчдийн ашиг сонирхол эх орны баялаг дээр дэндүү их байснаас нүүрсээ хэнд зарах нь чухал биш. Эндээ хэн баялгийг эзэмших нь чухал болсныг харлаа. Бидний энэ онцлог уул уурхайн баялгаа хөрөнгө, хөрөнгөө хөгжил цэцэглэлт болгодог алсын бодлоготой Австрали болон Индонезээс өөр гэдгийг олон улсад үзүүлэв.

Улстөрчдийнх нь амны цангааг эхлээд тайлахгүй бол Монголын хөрсөнд худаг гаргаад ч нэмэргүй. Өөрсдөө дотроосоо тээг хийж ундаргад нь чулуу тавьж чадахыг Тавантолгойн төлөөх таван жилийн дайнаараа хөрөнгө оруулагч нарт тод харуулсаар байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …