Цельсийн -25 градус хүртэл хүйтэрдэг нутагт түлээ хагалж явсан хөвгүүд Их Британийн нийслэл Лондон хотын мэргэжлийн хөлбөмбөгийн клубд бэлтгэл хийсэн талаар тус улсын өдөр тутмын сонин “Дейли Мейл” уламжилж байна. Сонины анхааралд өртсөн тэдгээр хөвгүүд нь ирээдүйд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасан мэргэжлийн хөлбөмбөгчин болох гал халуун хүсэл өвөртөлж яваа манай улсын залуу хөлбөмбөгчид юм.
Англид 83 дугаарт эрэмбэлэгдэж байгаа мэргэжлийн лигтэй хамт нэг сарын бэлтгэлд хамрагдах нь “Хоромхон” клубын тоглогч, одоо 16 нас хүрч байгаа Г.Ганбаяр болон “Эрчим” клубын тоглогч, 20 настай С.Гал-Эрдэнэ нарын хувьд хүнд сорилт байсан ч, манай 2 тоглогч шинэ нөхцөл байдалд тун амархан дасан зохицжээ. Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн хүйтэн улиралд гадаа бэлтгэл хийх боломж муу байдгаас хөлбөмбөгчид спорт заланд тоглож, бэлтгэл сургуулилтаа хангадаг.
Гэхдээ давчуухан заланд хийх ийм бэлтгэлээр мэргэжлийн тоглогчидтой өрсөлдөхүйц хангалттай ур чадвар хуримтлуулахад бэрх. Ийм ч учраас өнгөрсөн 10 дугаар сараас хойш ногоон талбайд гараагүй манай 2 тоглогч эхлээд мэргэжлийнхний бэлтгэлд багахан түүртжээ. Гэхдээ хоёрхон долоо хоногийн дараа гэхэд бэлтгэлийн шинэ дэглэмдээ дассан манай тоглогчдын авьяас тодорч эхэлсэн байна. Ганбаяр оролцсон хоёр тоглолтондоо 2 удаа ашигтай дамжуулалт өгөөд зогсохгүй 2 гоолын эзэн болсон аж.
Манай 2 хөлбөмбөгчнөөс мэргэжилтнүүдийн хараанд илүүтэй өртсөн тэрээр дараа жил гэхэд мэргэжлийн багтай гэрээ байгуулж магадгүй гэх таамаг ч гарч байгаа тухай Дейли Мейл мэдээллээ. Нэг сарын бэлтгэлээ дуусгаад нутаг буцсан манай 2 хөлбөмбөгчинд мөрөөдөлдөө хүрэх боломж бололцоо дүүрэн байгааг Их Британийн алдарт сонин онцолжээ.
Эх сурвалж: mnb.mn