Өчигдөр буюу 3 сарын 25-ны өдөр Токио хотын “Тokyo dome” спорт цогцолборт Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны “Starting Over” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монголоос ах дүү хоёр бөх оролцсон юм. Төв аймгийн арслан Б.Дамба Африкийн Сенегал улсын үндэсний бөхийн Их аварга Грис Бүдотой тулалдах байсан нь Африкийн аварга Грис Бүдо үндэснийхээ бөхийн тэмцээнд бэлтгэж байгаа нэрийдлээр тус тэмцээнд оролцоогүй боловч түүний дүү гэх Грис Бүдо 2 гэгчтэй өрсөлдсөн. Манай тамирчин Б.Дамба Африкийн тамирчин Грис Бүдо 2 гэгчтэй хоёр үе тоглоод 3 удаа талбайгаас гарсан гэх дүрмийн дагуу ялагдал хүлээсэн.
Түүний дараа Б.Дамбын төрсөн дүү, мэргэжлийн сүмод Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэнд Өмнөд Африкийн Зулу үндэстний дайчин Бонгинкоши Мадонсэратай тулалдсан. Хэдийгээр өндөр, жин, сүрээр Африкийн тамирчин иүү байсан ч манай тамирчин Б.Амармэнд өрсөлдөгчөө буулган авсан. Өмнөд Африкийн Зулу үндэстний дайчин Бонгинкоши Мадонсэра тэмцээний өмнө “Рингэн дээр тулалдаж үзээгүй, гэхдээ ширэнгэн ой дотор байлдахаас л амар байх. Анх энэ тэмцээнд орох урилга ирэхэд хэдэн арван хүнтэй л тулалдах юм бодож байлаа. Тэгсэн чинь ганцхан хүн юм байна. Ардаас гэнэдүүлж дайрна гэхгүй хялбархан юм. Дүрмийг нь сайн ойлгоогүй ч алж болохгүй юм байна гэдгийг л ойлгосон” гэсэн бардам үг хэлж байсан тэрбээр өөрөөс нь чац биеэр жижиг Монгол эрийн нятрашгүй эр зориг, цуцашгүй дайралтыг тэсвэрлэж чадалгүй дасгалжуулагч нь цагаан алчуур шидсэнээр бууж өгсөн байна.
Инйхүү холын Африкийн мэргэжлийн зодоончийг биеэр жижиг, арал жингээр хавьгүй дутуу Чингис хааны удмын Монгол эр “нам зодож” ялалт байгууллаа.
Ц.Мөнх