Аалзны тор шиг хэлхсэн авлигаас хэрхэн ангижрах вэ?

aalznii tor   Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн зах зээл дээрээс бадар бариад ч болтугай босгоод ирсэн “Чингис бонд”-оороо багагүй ажил амжуулж, яах аргагүй шинэчилсэн бүтээн байгуулалт өрнүүлж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Улаанбаатарт урьд өм­нө зам засвар, барилга, орон сууц, тохижилт, шинэч­лэлтийн ийм өргөн далайцтай, бүтээлч хөдөлмөр өрнөж байсныг мэдэхгүй. Гэтэл сайны хажуугаар саар гэгч нь салалгүй дагаж явдаг бололтой. Сүүлийн үед бүх л яамдын үүдэнд “Ямар ч тендерийг шууд авч өгнө шүү. 10 хувь нь байхад л болно” гэсэн гайхмаар болзол тулгасан тендерийн ченжүүд язганалдах болсныг гайхан ярих хүмүүс олширч байна.

Хэдхэн жилийн өмнө өнөөдрийнх шиг их мөнгө Монголд байсангүй. Тиймдээ ч өнөөдрийнх шиг цэцэглэн хөгжсөн авлига байсангүй. Харин өнөөдрийн тухайд бид авлигажсан орнуудын жагсаалтад толгой цохих хэмжээнд хүрээд байгаа. Ингэхэд авлига гэдэг нь биднийг дэлхийн дэвжээнд гутаатал тархсан эд мөн үү? Мөн бол гэтлэн давахад бидэнд юу хэрэгтэй вэ?  Үнэндээ бол төрийн өндөрлөгт гарсан Монгол, түүнийг сонгож дэвшүүлсэн Монгол хоёр огт өөр хэлээр ярьдаг учраас холоос эх­лэхээс аргагүй, авлигын тухай. Манай Монголд авлига цэцэглэж байгаа нь яалт ч үгүй үнэн. Яагаад авлига үүсээд байгааг ч бид ухварлан ойлгож дөн­гөхтэйгөө. Их хурлын гишүүд ч бас гадарлана. Чадахгүй, мэдэхгүй хүн алга. Тийм учраас авлига их байна гэж бүгдээрээ боддог, итгэдэг, итгэхийг хүсдэг.

Өөрт нь тулаад ирэхлээр хэрэг­жүүлдэг.
Бүгд хэрэгжүүлдэггүй юм гэхэд итгэчихсэн учраас авлига үүсгэх, санаачлах, хардахад ойлгож цөхөх юмгүй. Гэхдээ амжилтгүйдэл, азгүйтэл, бүтэлгүйтэл, буруутал болгоноо авлига өгөлцөж, авалцаагүйгээс боллоо хэмээн сүржигнэн нэрлэж сураад байгааг ч бас бодолцох ёстой.

Бороотой өдөр зам дээр тогтсон ус үсэргэсэн жолоочийг хэдэн цагдаа дарамтлахыг харсан хүн төрийг авлигажсан гэж үзнэ. Зүгээр зарагдаж байсан махыг зах дээрээс мөнгөөр зодож авчихаад өөрийн харъяаны лангуугаар дамжуулж өндөр үнээр эргүүлэн худалдаж байгаа наймаачныг авлигач гэнэ. Хэрэг дээрээ бол газар зохион байгуулалтын жил бүрийн төлөвлөгөөг батлуулаагүй мөртлөө газар олгоод буй Засаг дарга авлигач мөн. Хог хаягдлын мөнгийг иргэдээс, аж ахуйн нэгжээс хуу хамдаг боловч хэд дахин идэж замруулдаг хурган дарга авлигач мөн.

Ийм агуулгаар бол Монголд авлига их байна. Гэхдээ энэ нь Монгол Улсыг авлигажсан орнуудын жагсаалтад толгой цохиулах шалтгаан мөн үү, эсвэл байрлуулах шалтаг болж байна уу гэдэг харин бидний бодох ёстой, засч залруулах учиртай асуудал юм. Эхний байруудаас ядаж л 20-д оруулж ирэх, оруулахгүй байгаа бол яагаад гэдгийг асуух эрхтэй болтлоо залруулж чадах асуудал билээ.  Үнэндээ бол төсвийн хөрөнгө хяналтгүй, тендер хэмээх бохир замаар хуваарилагдаж, аль эсвэл төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг хууль бус үйлдлүүд энд голлох учиртай. Гэхдээ хууль зөрчсөн үйлдэл бүхэн авлига мөн үү гэдгийг бодолцох ч ёстой.
Манай сонгуулийн хууль нэг л болохгүй байгаа.

Сонгуульд ялсан хүн бүгдийг шийддэг гэсэн горьдлого үнэндээ галзуурч байна. Сонгуульд ялагч эцсийн дүндээ ердийн нэг “гуйлгачин” гэдгийг сонгосон, сонгуулсан талууд мартаад эхэлдэг гунигт төөрөгдөл эхний том шалтгаан болдог. Ялсан хүн баг бүрэлдүүлэх нэрээр өөрийн идсэн, идэх гэж санаархсан болгоныг нуух гэж, мартагнуулах гэж, улс төрийн болон амин хувийн хонзон авах гэж бөөн халаа сэлгээ хийдэг.

Тэрийгээ сонгууль, парламентын засаглал, ардчилал хэмээн хол эндүүрдэг. Бас үүнийг ойлгосон болж туйлшрахлаараа төрийн албан хаагч нэг байрандаа байх ёстой, тогтвортой ажиллах ёстой, намын харъяалалгүй байх учиртай гээд л онолдож, хийсвэрлэж, мөрөөдөж, муйхарладаг. Монголын үнэргүй нөхөд нам дагаж сэмбэгнээд парламентад сууж байгаа нь сонгуулийн хуулийн буруу.

Аль ч намын нэр дэвшигч нь Хэнтийд бус Монгол даяар танигдсан, эсвэл Монгол даяар хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчнийг төлөөлж чадаж гэмээ нь УИХ-д тоогдох учиртай. Ялсан “нэр дэвшигч” гээд төр бантагнуулах, ганцаарчилж “шоудах” боломж эрхэм “депутат”-д байх учиргүй. Ялсан хүн төрийн албанд томилогдож, сонгогдож очихдоо өөрийн улс төрийн багтай тухайн газар очих нь зүйн хэрэг.

Урдаас нь мэргэжлийн гэж “товойсон” хөдөлшгүй хэдэн нөхөд угтах мөртлөө хөдөлж цөхөх нь заваан бөгөөд зэвүүн байдаг. Удахгүй тэднийг халах, солих, хахуульдах түвшинд хүртлээ төр, засгийн механизм гацаж эхэлдэг. Нэгэнт хүчээр шахуу цугларсан эрэмдэг зэрэмдэг баг авлига, эрх мэдэл, төсвийн хөрөнгийн үргүй зардлын эх үүсвэр болдог. Бүхнийг нуух, хаах мэдрэмж төрийг түмнээс зугтаалгах үндэс, эхлэл болдог. Иймээс ялсан улстөрч удирдлагын багтайгаа тухайн газар очиход мэргэжлийн хүмүүс бэлтгэлтэй байх ёстой.

Ямар ч тайлбар, буруутгал байх учиргүй. Тэр битгий хэл төрийн албан хаагч гэдэг нөхдийг нэг байр суурин дээр 3-аас хэтрэхгүй жил байлгах хэрэгтэй. Ахихгүй бол халах ёстой. Ахисан бол итгэж найдаад ижил зиндааны өөр ажилд дэвшүүлдэг байх хэрэгтэй. Албан тушаал дээрээ хүн 3-аас олон жил болохоор гаршаад, илүү дутууг мэдрээд эхэлдэг нь гэм биш зан. Бас ямар ч ахиц гаргахгүй байгаа ажилтанг байлгаад байх шаардлагагүй.

Үнэндээ бол мэргэжлийн хүн гээд авто замын инженерүүд л авто замын яаманд ажиллана гэвэл дэндүү өрөөсгөл бас шударга бус зохиуцуулалт, авлига үүсэх үндэс болно. Авто зам нийтийн хэрэглээний асуудал болохоор тэр. Төрийн албан хаагчдыг 2-3 жилийн завсартайгаар яам, салбар хооронд хутгаж, тухайн ажлын байранд амжилт үзүүлээгүйг халдаг тогтолцоог нэвтрүүлэхгүйгээр авлига, төрийн албаны хүнд суртал алга болохгүй.

Улс төрийн баг, тухайн салбарт ажиллах төрийн албан хаагчдын бүрэлдэхүүний харьцааг төр зохицуулж хуульчилах ёстой. 1:4 гэдэг ч юм уу. Ийм шалтгаанаар, авлигыг алга болгоё гэвэл улс төрд хүчээ үзэгчийн, сонгуульд нэр дэвшүүлэгчийн чансааны асуудал чухалд тооцогдох учиртай. Улстөрчийг жалга довоос өөрөөр сонгох, худал амлалт, мөнгө төгрөг, албан тушаалын занганаас мултлах ганц арга зам нь түүнд тохирсон сонгуулийн хууль юм.

Сонгуулийн оновчтой хуульгүйгээр авлига арилахгүй. Ерөнхийдөө сонгуулийн болон төрийн албаны тухай бүдүүвчилсэн, тунхаглал шинжтэй ажиллагаагүй хуулиуд хуулийг үл хэрэгжүүлэх, хууль бус эрх мэдэл, хөрөнгө мөнгө зувчих нэг шалтгаан болсоор байгаа билээ.
Нөгөөтэйгүүр Монгол Улсад хөгжлийн тодорхой, товч, оновчтой бодлого алга.

Хэн нь мэдэгдэхгүй нэг этгээд магадгүй, төрийн мэдээлэлд илүү ойр байсан нөхөр тодорхой газарт мэдээллийн давуугаар лиценз эзэмшлээ гэж бодъё. Түүнийг нь сонирхогч талууд олон өөр өнцөгөөс харах нь ойлгомжтой. Уг хүн, эсвэл түүний хөрөнгө оруулагч, аль эсвэл тэднийг долдойдсон уул уурхайнхан өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлнэ. Уурхай асар их эрсдэлтэй.

Тэр дор юу байгааг тааж мэдэшгүй, ийм эрсдэл хийсний төлөө бүх олдсныг бид авах учиртай, тэртэй тэргүй хангалттай ажлын байр, татвар энэ тэрээр нөхөн төлбөрөө хангалттай өгсөн гээд л зүтгэд байдаг. Нэг нь Тогтвортой байдал ярьж, нөгөөх нь Хөрөнгө оруулалт гэж дайрсаар гэрээ байгуулах, байгуулахгүйгээ шийдэж ядан цаг барна. Ийнхүү хөгжлийн тодорхой бодлогогүйн гайгаар авлига гаднаас экспортлогдож эхлээд байгаа. Уул уурхайгаар дамжин лиценз наймаалах, хөрөнгө оруулах нэрээр авлига цэцэглэж байна.

Гэхдээ уул уурхай авлига хөрсжих суурь болох ёсгүй. Монгол хүн бүр тодорхой мэдэж байдаг хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын, түүний хэрэгжилтийн үе шаттай, товч, оновчтой, заавал хэрэгждэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцогддог хөтөлбөр байхгүй нь авлига тархах томоохон шалтгаан болж байна.

Хуулийн хэрэгжилтийг хүчээр хангадаг тогтолцоо үгүйлэгдсээр л байгаа. Хууль хэрэгжихгүй, хуулийг сахисан нь сахиагүйн өмнө ялагдах маягийн үзэгдлүүд нийгэмд үзэгдээд ирэхээр авлига бий болох таатай нөхцөл бүрдэнэ. Хууль зохицуулдаг бус шийтгэдэг, ноёдод цоорхойтой, номхонд халтай болсоор байгаа нь хээл хахууль цэцэглэж байгааг нотлох хамгийн энгийн үзүүлэлт. Үнэндээ хуулийг хэрэгжүүлдэг нь энгийн иргэд болоод байгаагаас ийм үзэл бодол тарж байгаа юм.

Төр, захиргааны хэт нүсэр, иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон шат дамжлагатай үйлчилдэг, түүгээр дамжуулан бий болдог хүнд суртал, мэдээллээр боомилсон дээрэнгүй хандлагыг өөрчлөхгүйгээр, төрийг нээлттэй болгохгүйгээр, хуулийн үг үсэг бүрийг ёсчлон биелүүлэхгүйгээр дунд болон бага шатны авлигыг таслан зогсоох бүү хэл багасгаж ч чадахгүй.

Хуулийн цоорхойг ашиглах боломж эрх дархтанд л бий. “Хууль цоорхойгүй байх учиртай, хууль ард иргэдэд зориулагдсан байх ёстой, хууль үг, үсэггүй хэрэгждэг байвал авлига гишгэх газаргүй болох жамтай” гэж дээр дооргүй ярьцгаадаг ч бид яг ярьсныхаа эсрэг хийгээд байдаг нь өнөөдрийн эмгэнэлт явдал. Аливаа Засгийн газар хуулийг дээдлэн сахидаг, ард иргэдэд нээлттэй үйлчилгээтэй, мэдээллийн чөлөөтэй орон зайтай байх ёстой. Асуудлыг шийддэг, уг шийдвэр нь хуулийн дагуу гарч, хэрэгждэг байх шаардлагатай.

Хуулийн хэрэгжилтийг хүчлэн хангуулахгүй явдал газар авсан нь авлига гарах бас нэгэн үндсэн нөхцөл юм. Авлигыг хэт хийсвэрлэж улстөржүүлэх, онолжуулах шаард­лагагүй, бас огт байхгүй юм шиг тоомжиргүй хандаж бүр болох­гүй.Түүнийг хэрэгжүүлдэг хувь хүмүүс байна, гаршсан цөөн албан тушаалтан байна, өдөөдөг улс төрийн томилгооны буруу тогтолцоо байна, санаатай зохион байгуулагдсан газрын, замын, тендерийн бүлэг байгааг үгүйсгэж болохгүй.

Яг үнэндээ бол ганц Монгол ч бус дэлхий даяараа авлигад идэгдсээр байгаа нь гашуун үнэн. Дээрх гажуудлуудыг шийдсэн төгс төгөлдөр нь хаа нэгтээ байвал, тэр нь бидэнд хэрэгтэй байгаа бол дагацгаая, үгүй бол хоосон бурцгааж өөрсдийгөө гутаах хэрэггүй.

Д.Түвшин
“Өглөөний сонин”

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. …