МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Энхтүвшинтэй уулзаж ярилцлаа. МАН-ыг шинэчлэхээр зорин тэмцэж байгаа залуучууд Удирдах зөвлөлийнхөө хурлыг өнгөрсөн мягмар гарагт хийхээр багагүй хүчин чармайлт гаргасан ч МАН-ын “архагууд” нь амралтаа авч хөдөөгүүр наадам хэсч яваа учир ирц бүрдэлгүй хурал нь хойшилжээ. Гэхдээ шинэчлэгчид найман сарын эхээр Удирдах зөвлөлийнхөө хурлыг ямар ч байсан хийлгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
-Удирдах зөвлөлийн хурал чинь төлөвлөсөн өдрөө хуралдсангүй. Ямар шалтгаан, нөхцөл үүсээд хурлаа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулав аа?
-Удирдах зөвлөлд байдаг хүмүүсээс хурлын товыг дуулаагүй хүн байхгүй. Хэрвээ тэд цуглахгүй бол намын бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар бага хурлыг зарлана гээд намын дүрмэнд заачихсан байгаа. Бид Удирдах зөвлөлд хүлүүлчихсэн юм шиг сууж л байдаг хариуцлагагүй, намын шинэчлэлийг үл ойшоодог нөхдүүдийг хүлээгээд, хараад суугаад байж таарахгүй.
Бид намын бага хурлын гишүүдийн 1/3-ийн саналыг аваад дуусч байна. Ер нь удирдах зөвлөлд насаараа шахуу лаглайгаад сууж байгаа хариуцлага, ёс суртахуунгүй нөхдийн асуудлыг ч цэгцлэх ёстой. Зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болоод Удирдах зөвлөлийн хурал хойшилсон ч найман сарын эхний долоо хоногт ямар ч байсан хурлаа хийнэ.
-МАН-ын шинэчлэлийн хорооны залуучуудын тавьж байгаа шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэрхэн хүлээн авч байгаа вэ. Ер нь УИХ-д олон жил сууж байгаа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Энхболд, Д.Дэмбэрэл нарын гишүүдээс та нарын ажлыг дэмжиж уулзаж ярилцсан хүн байна уу?
-МАН-ын шинэчлэлийн талаар нийгэмд танигдан дуугарч байгаа нь залуучууд боловч үндсэндээ манай намын бүх насны гишүүд дэмжигчид, удирдлагын зохих хүрээнд ч бидний ажлыг ойлгон дэмжиж байгаа хүмүүс олон бий. Энэ чухал асуудалд зөвхөн залуучууд л яваад байгаа юм шиг ойлголцлын зөрүү багагүй байна. МАН-ын арай эрчтэй, зоригтой залуучууд эхэнд нь яваад байгаа болохоос биш намаа шинэчлье, улстөрийн тулхтай хүчний хувьд улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ дорвитойхон оруулъя гэж бүх шатандаа зорьж, тэмцэж байгаа нь сүүлийн өдрүүдэд илэрхий ажиглаж байгаа.
Шинэчлэлийн хөдөлгөөний 14 гишүүн УИХ-ын гишүүдтэйгээ байнга уулзаж, санал бодлоо солилцон намын шинэчлэлийн концевц боловсруулах ажилд ухаан бодлоо уралдуулж байна. Гэхдээ таны нэр дурдсан гишүүдийн хувьд байр сууриа тодорхой илэрхийлсэн зүйл байхгүй.
-МАН-ыг шинэчлэх хороонд НАМЗХ, НАМОХ, НИТХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-дахь МАН-ын зарим гишүүд гээд олон төлөөлөл багтсан юм билээ. Сүүлийн үед МАН-ыг шинэчлэгч залуус байр суурь, тэмцлийн арга хэлбэр, тавьж байгаа шаардлагын зөрүүгээс шалтгаалан хэд хуваагчихаад ажил нь урагшлахгүй байгаа талаар шуугих боллоо. Энэ талаар сайн мэдэх хүний хувьд тайлбар хийхгүй юу?
-МАН-ын шинэчлэлийг өөр өөрсдийн байр суурь, үзэл бодлоор харж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгтлээ сүрхий үл ойлголцоод, хэдэн тийшээ хараад суучихсан зүйл үнэхээр байхгүй. МАН-ын санхүүжилтийг ил болгож, фракциудыг нээлттэй байлгая гэсэн хүмүүс байна. Эцсийн эцэст МАН-ыг шинэчлэх зорилго дээр нэгдэж байгаа мөртлөө шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэс дараалал нь өөр байх зэрэг бага зэргийн саналын зөрүү бол бий. Намын шинэчлэлийн тулгуур үзэл баримтлал дээр тэгтлээ санал зөрөлдсөн юм байхгүй. Яах вэ. Зарим маань намын удирдлагуудыг яаралтай шинэчилж, хариуцлага тооцох ёстой гэж байхад зарим нэг нь үзэл бодлын шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг.
Хамгийн гол нь МАН-ын шинэчлэлийн эхлэл нь бага, их хурлууд хуралдах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа. Миний хувьд МАН-д 10-аад төрлийн шинэчлэл хийх ёстой гэж боддог. Гэтэл зарим нөхдөд маань энэ олон шинэчлэлийг базаад цөөрүүлэх гэдэг ч юм уу бүр лавшруулаад олон төрлийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж ч үзэж байж болно.
Хамгийн гол нь олон ургальч үзэл бодлын нэгдэл нь МАН-ыг улстөрийн хүчний хувьд ялагдагч биш, ялагч нам болгоход л орших учиртай. Тэгж гэмээнэ бидний нэгдэл, тэмцэл жинхэнэ утгаараа утга учиртай болж, хожмын өдөр сайнаар дурсан яригдах болно.
-Томоохон гурван ч сонгуульд МАН ялагдсан бурууг гишүүд, дэмжигчид нь, тэр ч байтугай жирийн ажиглагчид ч намынх нь удирдлагын идэвхгүй, зориг зүрхгүй, тогтсон үзэл баримтлалгүй, гуйвж дайвсан үйл ажиллагаатай нь холбон шүүмжилсээр байгаа. Тэгвэл сүүлийн үед МАН-ын дараагийн даргаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын нэг нь томилогдож энэ намд шинэчлэл ерөөсөө хийгдэхгүй гэж яригдах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн хоёр намын дарга бага хурлаас сонгогдсон. Одоо бидний барьж байгаа бодлого бол бага хурлын 200 гаруй гишүүдийн лобби, бас бус юм хутгалдсан заалнаас сонгодог байдлыг халж, нийт гишүүдийнхээ дунд намын даргын сунгаа явуулж, ил тод, шударгаар дараагийн даргыг тодруулахаар тэмцэж байна. Хүнийг нь биш МАН-ыг шинэчлэх хөтөлбөрийг нь сонгох нь хамгийн чухал байгаа юм. Хуучин жишгээс харвал улс эх орон, намын нийт гишүүдийн эрх ашгийг урьтал болгохоос илүүтэй танхимд цугласан намын бага хурлын гишүүн 200 гаруй хүний саналыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан нь л МАН-ын дарга болоод яваад байсан.
Одоо энэ байдлыг дахин давтаж хэрхэвч болохгүй. Зөвхөн намын дарга гэлтгүй бусад удирдлагуудад санаархаж байгаа нөхдүүдэд ч хатуухан сануулга өгөхөд гэмгүй. Намын шинэчлэл, үзэл баримтлалын тулгуур зарчим болох сайн хөтөлбөр танилцуулах чадвартай нэр дэвшигчдийг гаргаж ирвэл манай нам цаашдаа хөлөө олоод, улам чадавхжаад явах боломжтой.
-МАН-ыг шинэчлэх хорооны залуусын ихэнхийг УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх хөтлөн авч ирж МАН, тэр ч байтугай их улстөрд оруулсан гэж яригдаад байгаа. Одоо анзаарч байхад нээрээ ч У.Хүрэлсүхийн хөтлөн авч ирсэн залуус олон байгаа нь анзаарагдаж байна. Эдгээр залуусын ард нь сууж байгаа У.Хүрэлсүх намын дарга болохоор хүчтэйхэн хөдлөөд эхэлсэн сурагтай. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Яг Хүрэлсүхийн хөтөлж авч ирсэн хүмүүс гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой нэр устай нь бичих, зарлах хэрэгтэй л дээ. Уг нь хүмүүсийн яриад байгаа залуучууд бол урьд нь бүгдээрээ л намд идэвхтэй ажиллаж, зүтгэж байсан хүмүүс шүү дээ.
-Тэгвэл заримыг нь нэрлэхгүй бол болохгүй бололтой. Жишээ нь НАМЗХ-ны Ерөнхийлөгч байсан Н.Оюун-Эрдэнэ гэдэг нөхрийг яах аргагүй У.Хүрэлсүх хөтөлж авч ирсэн гэх юм билээ. Харин өнөөх Н.Оюун-Эрдэнэ нь Харвардад сурах мөнгө хэрэгтэй болоод УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа “бэлэглэчихсэн” гэж яригдаад байгаа л даа. Энэ нь тэгээд худлаа болж байна уу?
-Би тиймэрхүү зүйлийн нарийн ширийнийг мэдэхгүй. Гэхдээ тэр нь тэрний хүн, энэ нь ийм учиртай гэж бүхнийг Сталинч маягаар хардаж, сэрдээд байвал цэвэр нэртэй хүн үлдэхгүй нь тодорхой. ХХI зуунд амьдарч байгаа бид ХХ зууны цуст дарангуйлагч Сталины маягаар, гол өрсөлдөгч Тройцкийтой ажиллаж байсан бүх хүнийг барьж, хорьж цаазалсан жишээгээр нь ажиллаж, асуудалд хандаж хэрхэвч болохгүй.
-МАН-ын даргыг сонгох сонгууль ихэнхдээ тайзны ард, хөшигний араар энэ намд удсан хэдхэн дарга нарын ашиг сонирхол, хуйвалдаанаар явагддаг байсан нь нууц биш. Та бүхний баримталж байгаа дараагийн даргаа сунгаагаар тодруулах процесс амжилттай хэрэгжих баталгаа байна уу. Ялангуяа УИХ дахь “архаг” гишүүдийн зүгээс ирэх шахалт, дайралт, хор найруулах ажиллагааг та бүхэн урьдчилан харж, ямар нэгэн бэлтгэл хийж байна уу?
-УИХ дахь МАН-ын жагсаалтаар орж ирсэн зарим гишүүдийн хувьд үнэхээр арчаагүй байдалтай байгаа нь үнэн. АН амалж аваад, ганц үг хэлэх ч зориггүй болтол нь буулгаад авчихсан. Ёстой л нөгөө загас шиг дүлий дүмбэ оргиод суугаад л байдаг нөхдүүд байгаа. Эдгээр гишүүд бидэнтэй байлдах санаатай байгаа бол ёстой “уучлаарай”. Эхлээд намынхаа төлөө цохилох зүрх, зоригтой болчихоод дараа нь бидэнтэй юм ярих хэрэгтэй.
УИХ-д МАН-ыг төлөөлсөн бүлэггүй удаан явах боломжийг АН-д хэн олгосон юм, хэн нь байр суурь, үзэл бодлоо тууштай хамгаалж чадахгүй үхээнц царайлаад яваад байсан юм гэдгийг ярилцаж, хатуухан хариуцлага тооцох л ёстой. Хэн нь “Би хуулиа мэдэж байна, цаг нь болоогүй” гэж ханхалзсаар байгаад бүлэг байгуулах боломжоо алдаж байсан юм гээд сайтар нягтлан ярилцах зүйл их бий. Өнөөдөр УИХ дахь манай намын гишүүдийн ихэнх нь ганцхан байнгын хороонд харьяалагдаж байхад АН-ын гишүүд бүгд гурваас дөрвөн байнгын хороонд харьяалагдаж байх жишээтэй.
-МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүдийн дунд авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон, сэжиглэгдэж байгаа олон хүн бий. Та бүхэнд намынхаа нэрийг буртаглаад байгаа эдгээр хүмүүстэйгээ хатуухан тооцоо бодох зориг, зүрх байна уу?
-Би тодорхой нэр заахгүй. Хамгийн гол нь бидний баримталж байгаа зарчим бол “Та бүхэн шалгадаг тогтоодог газар нь очоод асуудлаа шалгуулаад, асуудалтай бол цаашаа яв. Асуудалгүй бол наашаа ир” гэдэг л шаардлага тавьж байгаа. Энэ байр суурин дээрээ ч хатуу зогсож байгаа.
Өглөөний сонин: Д.Түвшин