Ноён уулыг ашиглах эсэх асуудал шүүх дээр маргалдсан хэвээр байгаа. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурал 2016 оны 03-р сарын 24-нд болох байсан.
Гэсэн ч нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний МУ-ын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан “маргаан бүхий газарт хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон. Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон “Сентерра Гоулд” ХХК-ийн ерөнхийлөгч Жон Казакоффын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч талын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс маргаан бүхий газарт хэргийн газрын үзлэг хийхээр болсон байна. Үзлэгийг 2016 оны 03-р сарын 31-ний өдөр буюу Пүрэв гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён ууланд хийх юм. Цаашид энэхүү маргаанд Монгол улсын засгийн газрыг “Сентерра Гоулд” ХХК-г хамгаалан гуравдагч этгээдээр оролцууахаар Ашигт малтмалын газар шүүхэд хүсэлт гаргажээ.