Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн боловсрол ба Ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт 2026 оны 10 сарын 07-ны өдөр ГХЯ-нд боллоо.
Сургалтанд 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлч, судлаачид оролцлоо.
Сургалтаар “Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, Үзэгч, сонсогч, уншигчдад төдийгүй сэтгүүлчдийн хувьд хэвлэл мэдээллийн боловсролын ач холбогдол, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх олон улсын зарчим болон үндэсний хууль тогтоомжуудын талаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сургагч багш, ахлах шинжээчид маүщш сонирхолтой мэдээлэл өгч, “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмуудыг Монгол улсын практикт хэрэгжүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл сонсгож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулж, оролцогчдын дунд тодорхой кэйсүүд гаргаж ажиллууллаа.
ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Яан Браату хэлсэн үгэндээ Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний үүргээ биелүүлэн нээлттэй байдлаар, хамтран ажиллах санал тавин эх орондоо урьсан явдалд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлчидтэй уулзах боломж олгон, улмаар сонирхсон асуултад нь хариулах болсондоо таатай буйгаа цохон дурьдаж, Монголын сэтгүүлчдийн мэдээ сурвалжилга, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэргэжлийн стандартыг бэхжүүлэх талаарх хүчин чармайлтыг сайшааж, сэтгүүлчид аюулгүй хараат бус, зүй бусаар хөндлөгөөс оролцох аливаа нөлөөлөлгүйгээр ажиллах боломжтой байх ёстойг онцлов. Мөн тэрээр ёс зүйтэй сэтгүүл зүй нь мэдээллийг үнэн зөв, төвийг сахисан, шударга байдлаар хүргэх, хүний нэр төрийг хүндэтгэх, эх сурвалжаа хамгаалах, нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээн зэрэг ойлголтыг хамруулахыг дурдаж, баталгаатай баримт болон шийдэгдээгүй тодорхой бус асуудлын хооронд нь ялгаж харуулах, мэдээллийг хэрхэн олж авснаа тайлбарлах, алдаа гарсан тохиодолд засварыг ил тод хийх зэрэг нь чухал болохыг онцлов.
ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн албаны Ахлах зөвлөх Барбара Трионфи илтгэлдээ “Сэтгүүлч байхын тулд хараат бус мэргэжлийн байгууллагынхаа гишүүн байх, ёс зүйн стандарт зарчмыг мөрдөж ажилладаг байх ёстой бөгөөд сэтгүүлчийн үүрэг бол засаг төрийн мэдээг “Чанга яригч” нийтэд хүргэх төдий биш нийгмийн оролцооны хэсгүүд тухайн сэдэвт хэрхэн хандаж байгааг сурвалжилж мэдээлэх явдал юм” гэв.
Цюрихын Шинжлэх ухааны Их сургуулийн судлаач Гвидо Кеел сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Фейсбүүкт суурилсан алгоритм нь иргэдэд чухал хэрэгцээт албан мэдээллээс илүүтэй сенсаци дагуулсан, олны анхаарал татсан гэмт хэрэг, авилгал зэрэг мэдээллийг түлхүү харуулдаг. Тиймээс фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээг олон нийтийн мэдээллийн дэд бүтэц гэж үзэх учир дутагдалтайг дурьдаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахын тулд ямар нэг байдлаар санхүүжилт босгож ажиллах нь чухал боловч тэрхүү санхүүжилтийн эх сурвалж нь эргээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын чөлөөтэй хэвлэн нийтлэх үйл явцыг хязгаарлах үндэс болох ёсгүй гэдгийг хэлэв. Сэтгүүл зүй бол баримт нотолгоонд үндэслэн олон нийтийн мэдэх эрхэд үйлчилдэг бөгөөд ямар ч тохиолдолд сэтгүүлч хүн нийтлэх гэж буй мэдээллээ ямагт нягтлах ёстойг дурьдлаа.
Сургалтанд оролцсон сэтгүүлчид илтгэгчдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авч, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдлын талаар санал солилцож, идэвхтэй оролцосноор “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Ц.Мөнх
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл