А.Гансүхийн Хятад гэрээ

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн байгуулсан нэгэн гэрээг нийгмийн сүлжээнд нэлээд олон хүн шейрлэжээ. Уг гэрээ ийнхүү олон нийтийн сүлжээнийнхний анхаарлыг татах болсон нь ч учиртай.

Учир нь, Тавантолгойн гэрээнээс улбаатайгаар төмөр замыг хятадуудаар бариулахгүй хэмээн өнгөрсөн найман жил Засгийн газрын бодлогыг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хүмүүс “бойкотолсоор” ирсэн юм. Болсон явдлыг эргэн сануулбал, Монголын парламент 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогоо тодорхойлж, Засгийн газар “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэхүү төмөр замын төслийн хамгийн чухал хэсэг нь Монголын улстөрчдийн амь тавин тэмцээд байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам.  Нэг хэсэг нь экспортын, нөгөө хэсэг нь “нүүрсний” хэмээн нэрлээд байгаа энэ төмөр замыг тавих гэж Монголын улстөрчид өргөн, нарийн цариг дээр бүтэн долоон жил алдсан. Ямар сайндаа л нарийн царигтай төмөр замаар хятадууд цэрэг танктай ороод ирнэ гэсэн нэвтрүүлэг хүртэл хийж цацаж байх вэ дээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хятадуудаар бариулахгүй, нарийн царигтай төмөр замаар хятадууд ороод ирнэ хэмээн хамгийн их эсэргүүцдэг хүний нэг бол Шинэчлэлийн Засгийн газрын үед Зам тээврийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх бөгөөд Тавантолгой төслийг гацаахад хамгийн том үүрэгтэйгээр оролцсон хүн. Мөн төмөр замыг төр барина хэмээн Зам тээврийн сайд байхдаа Чингис бондын хөрөнгөөс 280 сая долларыг говийн шороонд “цацсан” түүхтэй.

Гэтэл өнөөх хятадуудыг үзэж чаддаггүй гэх А.Гансүх зөвлөх нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хийхдээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг төлөөлж Хятадын төмөр замын яамтай нэгэн гэрээг үзэглэхдээ Хятад-Монголын хамтарсан төмөр замын компани байгуулж, 50:50 хувь эзэмшихээр, Тавантолгой-Гашуунсухайт, Сайшанд-Чойбалсан, Баруун Урт-Бичигт чиглэлээр Засгийн газраас барихаар төлөвлөж байгаа зүүн чиглэлийн бүх төмөр замыг хятадуудтай хамтарч барихаар тусгажээ.

Чингэхдээ төмөр замын төсөлд хэрэгтэй мөнгийг хятадууд гаргах, харин Монголын төрөөс хийсэн хайгуулийн нөөцөөр илэрсэн уурхайг, ордыг ашиглуулах замаар хамтрахаар уг гэрээг үзэглэсэн байх юм. Эндээс харахад Х.Баттулга сайдаар ажиллаж байхдаа Төрийн нарийн бичгийн даргынхаа хийсэн гэрээг мэдэхгүй байна гэж үгүй. Тухайн үед Ц.Нямдорж гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга төмөр  зам барих солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг олонд “ил” болгож бөөн хэл ам болж байсан билээ.

Ямар ч байсан хятадуудад эх орноо алдах нь гэж акц хийдэг нөхдүүд маань харин биднийг хужаа танк, эрлийз царигаар айлгаад эсрэгээрээ ийнхүү хятадуудаар төмөр зам бариулах гэрээ хүртэл үзэглээд явж байсан байх юм. А.Гансүхийн хувьд хятадуудаас айдаггүй, харин ч хятадуудаас мөнгийг нь аваад ордоо ашиглуулахдаа дуртай, гагцхүү Тавантолгой төслийг УИХ-аар хүртэл хэлэлцүүлээгүй нь өөрсдөө “авах” гэсэн санаархал байв уу гэх хардлага төрүүлж байна. 2010 онд А.Гансүх энэ гэрээг байгуулсан гэхээр Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга ажиллаж байсан болж байна.

Хятадаас айдаг “эх оронч”-дын Хятад гэрээг доорх зурагнаас сонирхож харна уу?

 

news.mn

 

Санал болгох мэдээ

“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар  “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс …