З.Энхболдын “базах” тактик ба Алтангадас, МоАХ-ын “алалцаан”

      “Фракцигүй нам болъё” гэж АН-ын дарга З.Энхболд бараг жилийн өмнө зарлан тунхаглаж байв. Гэвч АН дахь фракцийн зарчим тийм ч амархан үгүй болохгүй гэдгийг нь ойрмогхон болсон хэд хэдэн үйл явдал тодорхой гэрчиллээ. Сүүлийн үед тэдний фракциудын хагаралдаан тэмцэлдээн туйлдаа хүрч байна. Женко тэргүүтэй МоАХ, Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракциуд ил далд “алалцаж” байна.

Тэр ч байтугай З.Энхболдын нам доторх байр суурь нь ганхаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Түүний буюу Шонхорын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хүчин бол Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийнхан. Дайран дээр давс гэгчийн үлгэрээр АН дотор МоАН гэх дахин нэг томоохон нэгдэл үүсэн бий болсон. Тус нэгдэл өдөр ирэх тусам улам л хүчирхэг болсоор л байгаа.  Фракцигүй болъё гэсэн ч фракцийн тоо нь нэмэгдсээр л байна. Мөн З.Энхболд даргыг намын залуус нь ихэд шүүмжилж, зарим бодлого дээр нь нэлээдгүй дургүйцэж буй сурагтай. Намын залуус нь даргынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон нь учиртай.

Тийм хэд хэдэн шалтгаануудыг ч дурьдаж байна. Тодруулбал, нэгдүгээрт намын даргын хувиар анхныхаа ҮЗХ-г хуралдуулах гэсэн боловч ирцээ бүрдүүлж чадахгүй хуралдаж чадаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулган зарлаад бас л хуралдуулж чадсангүй. Гуравдугаарт, эрх мэдлээ ашиглаж нам дотроо “дарангуйлал” тогтоох гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл АН-ынханыг хатуу гараар барьж асуудлыг шийдэхээр санаархаж байгаа нь залууст нь ихээхэн таалаагдахгүй байгаа гэнэ.

ҮЗХ-ны хурлын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдах гээд чадаагүй. АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол З.Энхболд намын дарга болсноос хойшхи анхны хурал байсан. Энэ утгаараа З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Харамсалтай тэр өөрөө ирцээ бүрдүүлж чадаагүй. Хурлын зааланд З.Энхболд ирц бүрдэхийг удтал хүлээж байгаад тэсгэл алдаж гарч одсон түүхтэй. Энэ үйлдэл нь түүнийг намын сул дарга болгон харагдуулж байлаа. Угаасаа ч ийм зорилгоор “Алтангадас” тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалжууд одоог болтол онцолдог. Учир нь тэр өдөр АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадсан.

Ингээд эдгээр хүчин зүйлүүдээс хамаарч З.Энхболд даргын нам доторх нэр хүндэд сэв суулгаж рейтингийг нь ихээхэн унаж байгаа гэнэ. Мөн хэзээнээсээ “шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” байж ирсэн олон фракциудынхаа учрыг олж, хужирын тунгааж чадахгүй яваа бололтой. Хамгийн сүүлд тэрбээр ирэх сонгуулийн тактик хэмээгээд нэгэн цагт намаасаа хөөж байсан М.Энхсайханыг намынх нь нөхдийн хамтаар АН-тайгаа нэгдээч гэдэг хүсэлтийг явуулсан. Энэ үйлдэл нь ч намынханд нь таалагдахгүй байгаа бололтой. М.Энхсайханыг намдаа авч ирвэл намын жагсаалтаасаа илүүчлэх шаардлагатай тулгарна. Гэвч АН-ынхан мэргэжлийн “хагалан бутаргагч” хэрэггүй гэх байр суурийг намынхаа даргад удаа дараа илэрхийлсэн байна. Мөн ҮЗХ-г нэн яаралтай хуралдуулж, намын дотоод асуудал болон сонгуулийн чухал асуудлыг хэлэлцүүлэхийг намын даргаасаа шаарджээ. Эдгээр хүчин зүйлүүдээс болоод АН-ын дарга руу ирэх дайралт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа сурагтай.

Өчигдөр гэхэд л “хулгайч хулгайчаа бариарай” гэдэг шиг инээдтэй зүйл боллоо. Өөрөөр хэлбэл эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагслаа. Ингэхдээ Х.Баттулга төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрс гээчийг зарлав. Үүнд, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн нэрсийг дурдлаа. Тэр дундаа “та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү.” хэмээн онцлов. МАН-ын гишүүд бол ойлгомжтой  асуудал. Эсрэг намынхаа нөхдийг хэлэхгүй өнгөрвөл алдас болно. М. Энхсайхан ч гэсэн тодорхой. Тавантолгойд Женкод хамгийн их “лай” болсон хүн. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыгаа яагаад “ар нуруунд нь хутга зоох болов” гэдэл сонирхолтой.

Ер нь АН-ын асуудал тогооноосоо хальж хэн нэгнийгээ унагаж авснаар асуудал цэгцрэх биз. Харин тэр болтол асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …