“Мэргэжлийн хүний удирдлагад ажиллах сайхан шүү” гэдэг үг зарим төрийн албан хаагчдын амнаас гардагсан. Тэгвэл мэргэжлийн хүн орон нутагт ажиллаж, аймаг, сумдаа удирдахад ч мөн л эерэг үр дүн гарсан байх юм. Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ багш мэргэжилтэй хүн. Тиймээс ч өөрийнхөө мэргэжлийн дагуу аймгийнхаа сурагчдын нэгдсэн дүнг мэдэгдэхүйцээр дээшлүүлж, мэдлэг боловсролд нь анхаарч чадсан байна.
Архангай аймгийн хувьд эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг гэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүн хангалтгүй, улсын дундажаас 10-20 функцээр доогуур бичигдэх болсон байна.
Үүнийг засахын тулд сурагчдын математикийн хичээлд анхаарлаа хандуулах болжээ. Ер нь математикийн хичээлд сайн хүүхэд бусад ерөнхий мэдлэгийн хичээлүүд дээрээ өндөр амжилттай суралцах боломжтой байдаг. Тиймээс ч ЭЕШ-ын нэгдсэн дүнд ажиглалт, дүгнэлт хийгээд сурагчдын боловсролд анхаарах “Математик” дэд хөтөлбөрийг ИТХ-аар батлуулж 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнд буюу гурван жилийн дараа улсын хэмжээнд 13 дугаар байрт байсан Архангай аймаг 8 дугаар байрт хүрч урагшилсан амжилтыг үзүүлжээ. “Гэхдээ л улсын дундажид хүрээгүй байгаа. Хүрэхэд ганц оноо л дутуу байна. 2016 оны ЭЕШ-ын дүнгээс бидний ажлын, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн харагдана” гэж аймгийн мэргэжилтэн тайлбарлалаа.
Аймгийн хэмжээнд бүх сурагчдыг жиг, амжилттай суралцуулна гэдэг бэрх. Гэвч Засаг дарга Д.Бат-Эрдэнийн мэргэжлийн хүнийхээ хувьд санаачилсан дэд хөтөлбөр нүдээ олж, сурагчдын сурах сонирхол, идэвх санаачлага ч нэмэгдэж эхэлсэн байна. Аймгийн хэмжээнд математикийн хичээлээр ЭЕШ өгөөд 800 оноо авч байсан тохиолдол байдаггүй аж. Тэгвэл дэд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2015 оны ЭЕШ-аар нэг сурагч математик, монгол хэл, нийгэм зэрэг хичээлүүд дээр жигд 800 оноо авч, амжилттай төгсчээ.
Аймгийн удирдлагуудын зүгээс багш сурагчдыг математикийн хичээлд дур сонирхолтой болгохын тулд зуны сургалт, бүсчилсэн тэмцээн уралдаан, стандарт олимпиад зохион байгуулж, идэвх санаачлагыг нь нэмэгдүүлж, шагнаж урамшуулах арга барилыг хэрэгжүүлжээ. Мөн улс, бүсийн чанартай олимпиадад оролцож, тодорхой байр эзэлсэн сурагч, багширйг мөнгөн шагналаар шагнаж, урамшуулах систем тогтоож ажиллах байгаа аж. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд онц сурлагатай ч өнчин, эмзэг бүлэгт хамрагддаг сурагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгож, Их, дээд сургульд амжилттай суралцсан тохиолдолд орон нутагтаа ажиллах боломжийг нээн ажиллаж байгаа аж.
Архангай аймгийн энэхүү амжилтыг улс ч өндрөөр үнэлж, Д.Бат-Эрдэнэ даргад “Боловсролд ээлтэй Засаг дарга” өргөмжлөлийг гардуулан өгчээ. Мөн “Математикийн 52 дугаар олимпиад”-ыг зохион байгуулахаар олон аймаг өрсөлдөж байснаас Архангай аймаг шалгарч, зохион байгуулах эрхийг авсан гээд олон олон амжилт, эерэг үр дүнг энд дурьдаж болохоор байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүн, салбараа мэддэг хүн удирдан зохион байгуулсан ажил богино хугацаанд үр дүнгээ өгч, Архангайн сурагчид улсын хэмжээнд сурлагаар гологдож биш манлайлах цаг үе иржээ.
А.Аюуш