Хэдхэн жилийн өмнө оюутны ширээнээсээ салаагүй залуу, бүсгүй хоёр “Хонгорхон үр минь” “Насан багын дурсамж” зэрэг олон сайхан дууг дуулж монголчуудыг буцаагаад нийтийн дуунд дурлуулсан. Хэсэгтээ л байхгүй болчихсон байсан хос дуучдын шинэ цагийг түүчээлж, араасаа нэгэн үеийн олон ч хос дуучдыг төрүүлсэн. Яг энэ үед монголчууд хөгшин залуугүй нийтийн дуугаар амьсгалж, амьдарч байв. Нэгэн цаг үед эргэлт хийсэн энэ хүмүүс бол МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар.
Олон жил хамтдаа дуулж, зохиолын дууны хаан, хатан өргөмжлөлийг ард түмнээсээ хүртсэн тэд нэг л өдөр хамтран дуулахаа больж буйгаа мэдэгдэж олон хүнийг цочроосон. МУГЖ С.Жавхлан бие даан уран бүтээлээ туурвиж, улмаар “Хамаг монгол” төслийг эхлүүлэн амжилттай яваа. Түүнийг улс төрд орох гэж байна хэмээн хардах болсон ч тэрбээр “Миний хийж байгаа ажил ямар ч улстөрчийн хийж буй ажлаас илүү. Би улстөрд орохгүй” хэмээн мэдэгдсэн.
МУГЖ Т.Баясгалангийн тухайд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хоёр хүүхдийн эх болсон. Ингэснээр уран бүтээлээсээ хөндийрч бизнес эрхлэх болов. Тэрбээр эмнэлэг, телевиз гээд хэд хэдэн салбарт хүч үзсэн ч төдийлөн амжилт олохгүй л байна. Энэ мэт хоёр гавьяатын амьдралыг хүмүүс бүгд мэдэх тул ингэсгээд дуусгая.
Харин хамтарч уран бүтээл хийхээ больсон хоёр гавьяат маань саяхан нэгдэж, “Хаврын найраг” хэмээх уран бүтээл гаргаж, дуунд дуртай түмнийхээ сонорыг мялаасан. Түүгээр ч зогсохгүй хаваржилт хүндэрсэн аймгуудад туслахаар “Илгээлтийн эзэд” аяныг өрнүүлж, монгол бөхийн өргөөнд пиг дүүрэн хүнтэй гурван ч удаа тоглосон.
Тэднийг санасан сонсогчид нь гурав хоног бөхийн өргөө дүүрэн цуглаж, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад илгээгээрэй хэмээн лаа, шүдэнз, нэмнээ зэргийг барин ирж, хандив болгон өгсөн байдаг. Иргэд ингээд ч зогсохгүй малчидад өвс авч өгөөрэй хэмээн бэлэн мөнгө хүртэл хандив болгож өгч байсан талаар хоёр гавьяат ярьж байв. Ийнхүү гурав хоногийн тоглолтын орлого болоод, бусад албан байгууллага хувь хүмүүсийн өгсөн хандиваас бүтсэн 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч, орон нутгийн зүг хөдөлсөн.
БСШУЯ, ОБЕГ-тэй хамтарсан “Илгээлтийн эзэд” аян ийнхүү эзэддээ хүрч эхэлсэн. МУГЖ Т.Баясгалангийн нөхөр Д.Батбаяр хүртэл эхнэрийнхээ санаачилсан ажилд гар бие оролцож, боодолтой өвч зөөж буй зураг цахим сүлжээгээр тарж олны таашаалыг хүртсэн. Ийм л сэтгэлийн ажил болж байв.
Гэтэл өчигдөр цахим сүлжээгээр “Илгээлтийн эзэд”-ийн хандивын өвсийг худалджээ” гэх таагүй мэдээлэл тарж эхэлсэн. Тодруулбал Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд “Илгээлтийн эзэд”-ийн хандивийн зүйлсийг худалдаж байгаа талаар тус аймгийн сэтгүүлч С.Анхбаяр өөрийн фэйсбүүктээ оруулжээ. Тэрбээр “Жавхлан, Баясгалан хоёр гавьяат маань “Илгээлтийн эзэд” тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ-ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг зургаан мянгаар зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын “золиос” боллоо. Ичээч !!! гэжээ. Энэ талаарх мэдээг дүрсжүүлж баримтжуулсан” гэсэн юм.
Удалгүй МУГЖ С.Жавхлангийн толгойгоо барин доошоо харж суусан зураг мөн л цахим ертөнцөд тарж, түүнийг гавьяатын багын найз найруулагч Д.Галбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ээ ямар өөдгүй юм бэ! Энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулая гэж урилаагүй шүү дээ. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэж сонслоо. Сонссон зүйлдээ итгэхийг хүсэхгүй урам хугарч сууна. Хандивыг эзэнд нь хүргэж өгөх үүрэг авсан Онцгой байдлын газар, Засгийн газар даанч яаавдаа” хэмээн оруулжээ.
Увс аймагт уг хандивийн хүрээнд нийт 200 уут тэжээл, 800 боодол өвс ногдсон аж. Энэ хандивыг иргэдэд хүргэх тээврийн зардлыг тухайн орон нутаг нь хариуцах талаар ОБЕГ-ийн мэдэгдэл гарч. Улмаар тээврийн зардлаа нөхөхийн тулд иргэдэд өвс, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарсан байна. Тэжээлийг нь 6500, боодол өвсийг 3000 төгрөгөөр малчид авчсан байна.
Ямартай ч С.Жавхлан гавьяатын нутгийн удирдлагууд арай л хуншгүй зан гаргачихлаа. Уг нь тээврийн зардал мэтийг бол орон нутгийн эрсдлийн сан өөр бусад зүйлээс гаргачихаж болмоор. Олны сэтгэлийн хандивыг эзэнд нь хүргэхдээ замд нь зарж, “цус гаргасан” удирдлагуудад гавьяатууд хэрхэн хандах нь сонин байна.
Эх сурвалж: Шуурхай.мн