Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ-ийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХөгжЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ толилуулж байна.
Монгол улсын хөгжмийн оюун сэтгэлгээний сонгодог оргил Цогзолын НАЦАГДОРЖ 1951 оны 04 дүгээр сарын 07-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт мэндэлжээ.
1959-1966 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэн 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн багш мэргэжлээр, 1972-1978 онд ЗХУ-ын Уралын Хөгжмийн Их Сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр тус тус суралцан төгссөн.
1970-1972 онд Багшийн сургуульд багш, 1978-1982 онд Хөгжим бүжгийн сургуульд багш, 1982-1984 онд Соёлын яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1984-1986 онд Дуурь бүжгийн академик театрт дарга, уран сайхны удирдагч, 1986-1996 онд Хөгжмийн зохиолчдын Хороонд эрхлэгч, орлогч дарга, дарга, 2005-2011 онд СУИС-д хөгжмийн зохиомж, онолын багшаар ажиллаж байсан.
Ц.Нацагдорж 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр”, “Гүн гэрийн гүнж” дууриуд, “Гүег хаан”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, 5 симфони, “Найрагчийн нигүүсэл”оратори, “Хөдөөгийн сайхан” 4 ангит чуулбар, “Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур, морин хуур найрал хөгжмийн концертууд, үндэсний хөгжимд зориулсан олон арван концерт бүтээлүүд, “Төрийн сүлд өршөө” 5 ангит, “Шинэ үсгийн багш” зэрэг 30 гаруй кино жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс болон бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжимд найруулан бичиж, нийтдээ 350 орчим бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болжээ.
Ц.Нацагдорж Монголын симфони яруу тунгалаг найрал хөгжмийг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн урлагийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, симфони сэтгэлгээг улам бүр хөгжүүлэхэд онцгой гавъяа байгуулсан бөгөөд түүний авъяас чадвар, хөдөлмөрбүтээлийг төрөөс үнэлж, Монгол улсын төрийн соёрхол олгожээ.
Багшийнхаа замналаар хөгжмийн зохиол бүтээлээ туурвин амжилт бүтээлээр дүүрэн яваа Их багшийн гарын шавь нар Хөгжмийн зохиолч Д.Чулуун /МХөгжХолбоо/, Б.Эрдэнэбаяр /Дундговь Тэнгэрийн тэмдэг театр/,Г.Төвшинтөр /СУИС-ийн багш/, П.Ганбат /СУИС-ийн багш/, Д.Ариунболд /Хөсөгтөн хамтлагийн ахлагч/, Цэн.Эрдэнэбат /СУИС-ийн багш/, М.Бирваа /ҮДБЭЧуулга/, Л.Дэчинлхүндэв /Soft music records/, МУУГЗ Ц.Пүрэвхүү, МУУГЗ Т.Сэр-Од, С.Мөнхбат, Ш.Өлзийбаяр /Улсын филармони/, Б.Алтанхуяг /Анир студи/, Д.Батсүх /Шинэ монгол радио/, хөгжим судлаач С.Энхбулаг /УДБЭТ/, Удирдаач Д.Нямдаш /Улсын филармони/, Х.Алтангэрэл /МХөгжХолбоо/ зэрэг олон арван авъяаслаг хөгжмийн зохиолчдийг нэрлэхэд таатай байна.
Их уулс алсрах тусам тодордог шиг цаг хугацаа цаашлах тусам НАЦАГДОРЖ хэмээх ноён оргилыг түүний шавь нар тодоос тод дуурсганбайна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
IV/02-нд УДЭТ-т “Тунгалаг тамир” мюзикл
IV/04-нд ҮДБЭЧ-д “Нүүдэл” бүжгэн жүжиг
IV/05-нд Улсын филармонид “Аялгуун мандал” тоглолт
IV/ 06-нд СУИС-д “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” эрдэм шинжилгээний хурал
IV/06-нд ХБК-д “Нутгийн чулуу” тоглолт
IV/07-нд УДБЭТ-т “Гүн гэрийн гүнж” /3 бүлэгт, 5 үзэгдэлт дуурь/
IV/08-нд СУИС-д “OPUS-IX” шилдэг дуу шалгаруулах уралдаан
IV/09-нд CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE