Уурлах өвчин
Бельгийн их сургуулийн эрдэмтэд 2010 онд анагаах ухаанд цоо шинэ өвчин бүртгэжээ. Энэ бол “XXI зуун ба оффисийн бухимдал” хэмээх төслийн хүрээнд иргэдийн дунд хийгдсэн судалгаан дээр үндэслэсэн эмгэг юм. Шинжлэх ухааны нэршлээр “angry ache” гэгддэг “уурлах өвчин” нь хүн төрөлхтний дунд түгээмэл байдаг эмгэг хэдий ч анагаах ухаан тайлбарлаж чадахгүй байсан юм.
Генк хотын их сургуулийн эрдэмтэд “уурлах эмгэг” нь аливаа хүн хийж буй ажлаасаа таашаал эсвэл ачаалал хэр зэрэг авч байгаагаар хэмжигддэг хэмээн нотолжээ. Энэ эмгэг бичиг, цаасны ажилтай хүмүүст анзаарагддаг. Тухайлбал, нэг ажлаа олон жил гүйцэтгэх, ачаалал ихтэй ч ажлаа гүйцэтгэхдээ хариу үйлдэл үзүүлдэггүй, хийж буй ажил нь бусдаар шүүмжлүүлэх эсэхэд ач холбогдол өгдөггүй хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх аюултай.
“Уурлах өвчин” нь хүний зан төрхийн байдалд далдаар нөлөөлж байдаг гэнэ. Ийм өвчтэй хүмүүсийг танихад бэрх бөгөөд организмын хувьд эрүүл боловч өдөр бүр рефлекст зан үйлээрээ бусдаас ялгардаг. Зөвхөн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр эсвэл томьёоны шинжилгээнд хамрагдаж байж “уурлах өвчин”-д нэрвэгдсэн эсэхээ мэдэж болно. Өвчний шинж тэмдэг нь огцом уурлах, өдөр бүр хөмсгөө зангидах гэж бүртгэгджээ.
Унтдаггүй өвчин
Хүний биологийн амрах цаг шөнө дунд байдаг ч зарим хүмүүс 24 цагаар нүдний хор гаргахгүй байх нь элбэг. Ганц хоёр удаа “шар шувуу” болох нь асуудал биш ч байдал олон давтагдвал өвчин болдог.
Тархи амрах ёстой үедээ ажиллаж, идэвхтэй сэтгэн бодох ёстой үедээ нойрмоглож, ядрах нь нойр булчирхайн хорт хавдар үүсгэдэг. Гэхдээ хавдраас гадна нойргүйдлээс үүдсэн ер бусын өвчин байдаг. Огт унтахаа больсон хүмүүс амрахыг хүсч, орондоо орсон ч бусдын адил найман цаг унтдаггүй. Тархи нь хоёр юм уу гурван цаг амраад л сэргэчихдэг аж.
Зарим тохиолдолд унтах өвчинд нэрвэгдсэн хүмүүс сард 1-2 удаа л унтах тохиолдол байдаг. Ийм эмгэгтэй хүмүүс дэлхий дээр мянга гаруй бүртгэгдсэн бөгөөд эрүүл хүнтэй харьцуулахад 30 жилээр бага насалдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр олон хоног нойргүй явах нь амьдрах цагаа жилээр “хулгайлж” байгаатай ялгаагүй аж.
Инээдэггүй эмгэг
Нэг төрлийн саа өвчний шинж тэмдэг уг эмгэгт илэрдэг. Гэхдээ саа өвчин биеийн бичил эсээс эхлээд бүхэл организмыг үхжүүлж, булчингийн ажиллагааг таслан зогсоодог хортой. Тиймээс инээдэггүй өвчин нь зөвхөн хүний нүүр, амны булчингийн үйл ажиллагааг зогсоодог бөгөөд сэтгэл зүйн гүн хямралтай салшгүй холбоотой. Үүнийг саа өвчнөөс ялгасан нь анагаах ухааны бас нэгэн дэвшил билээ.
Нүүрний булчин нь огт хөдлөхөө больж, арьсны эд, эсүүд үхсэн мэт байдалд орох нь олон жил сэтгэлийн гүн дарамтад амьдрахаас эхтэй. Хэн нэгэнд дарамтлуулах, их хэмжээний өрөнд орох, хайр сэтгэлийн гүн шарх авах нь инээдэггүй өвчинд өртөх түгээмэл шалтгаан юм байна.
Харь хэлээр ярих эмгэг
Нью-Йоркийн 27 настай иргэн Жонн Ли авто машины осолд орж, зургаан сар ухаангүй хэвтжээ. Өнчин тархиндаа гэмтэл авснаас Жонн сэхээ оролгүй удсан юм. Гэлээ ч тэрбээр эмч нарын уйгагүй хөдөлмөрийн үрээр ус уух хувьтай байжээ. Хачирхалтай нь Жонн сэрэв үү, үгүй юу үл мэдэх хэлээр дуржигнуулж гарчээ. Гэр бүлийнхэн, эмч нар тэр байтугай сэтгэл судлаач, хэл судлалынхан Жонны яриаг ойлгосонгүй. Харь гаригийнхан л ингэж ярьдаг болов уу гэмээр эгшиг, авианы утгагүй дуудлагаар хашхирч, загнаж, уурлах нь олон хүнийг гайхшируулсан байна. Зөвхөн Жоннд илэрсэн энэ эмгэг нь тэртээ XIX зуунд хүний ярих чадварыг мартуулах өвчин хэмээн оношлогдож байсныг түүхчид баталжээ. Шинжлэх ухаан уг өвчнийг тайлбарлахдаа “ярианы чадвараа дутуу алдах эмгэг” хэмээжээ.
Бэлгийн амьдрал хөргөх өвчин
Хүчирхийлэл, дарамт, хүсээгүй сексийн золиост өртсөн хүмүүс үлдсэн амьдралдаа бэлгийн харилцаанд орж чадахааргүй болтлоо хохирдог. Нэг талаас тайлбарлавал сэтгэлийн хямралаас хамааралтай уг өвчинд дэлхий дээр нэг саяаас их хүн өртжээ. Ялангуяа хүчирхийлэлд өртөхдөө анх удаа бэлгийн харьцаанд орж байгаа бол “хөрөх” өвчин тусах магадлал 80 хувь аж.
Энэ эмгэгт өртсөн хүмүүс бүх насаараа сексийг жигшиж, зожиг, ганцаардмал болж хувирдаг. Бэлгийн амьдралаа хар дарсан зүүд болгон хувиргасан эдгээр хүмүүс айдас, дурсамж, мэдрэмж зэргээр сексийг дүгнэж, бүх зүйлээс тусгаарлагдахыг хүсдэг хэмээн “Гуардиан” сонинд бичжээ. Маш сайн сэтгэл зүйч, эмч, тойрон хүрээлэл байсан цагт ийм эмгэгтэй хүмүүс эдгэдэг гэнэ. Шинжлэх ухаанд энэ өвчнийг “Секссомина” гэж тодорхойлдог.
Т.Батсугар