Таны хүүхэд “Д” витамины дутагдалтай юу?

Хүүхдийнхээ Д витамины шинжилгээний хариуг яаж унших вэ?

Цусан дахь 25(OH)D буюу 25 гидрокси витамин Д-гийн хэмжээг тодорхойлохыг бид Д витамины шинжилгээ гэдэг. Олон улсад энэ хэмжээг ng/ml (нанограмм/милилитр) нэгжээр хэмжинэ. Шинжилгээг судасны цус авч хийх ба өлөн байх, Д витаминаа хэд хоногийн өмнө зогсоох зэрэг ямар нэг бэлтгэл хангах шаардлага байдаггүй.

download

Эмчийн асуумж, үзлэгээр рахитын шинж илрээгүй, эрүүл бойжиж буй хүүхдэд энэ шинжилгээг хийлгэх заалтгүй. Харин дараах тохиолдолд хүүхдийн цусанд Д витамины хэмжээг тодорхойлох шаардлага гардаг. Үүнд:

• Рахитын шинжүүд илэрсэн
• Дан хөхөөр хооллодог хэрнээ Д витамин уудаггүй
• Тураалтай
• Цусан дахь кальцийн хэмжээ хэвийнээс их эсвэл бага
• Элэгний үйл ажиллагаа хэвийн боловч цусан дахь шүлтлэг фосфатазын хэмжээ өндөр
• Уналт таталтын эм байнга уудаг
• Бөөрний архаг дутагдалтай
• Д витаминыг хоногт 5000 нэгж түүнээс өндөр тунгаар хэдэн сарын турш уусан

Хэдийгээр анагаах ухаанд энэхүү шинжилгээ нэвтрээд 40 жил болж байгаа ч одоог хүртэл эрдэмтэд судлаачид, мэргэжлийн нийгэмлэг холбоод цусан дахь Д витамины түвшин хэд байвал хамгийн тохиромжтой гэж үзэх асуултанд нэгдмэл нэг хариултанд хүрээгүй байна. Гэхдээ Америкийн Хүүхдийн Анагаахын Нийгэмлэг шинжилгээний хариуг доорх журмаар уншихыг зөвлөдөг. Үүнд:

images

25(OH)D ≤10 ng/ml Д витамины дутагдалтай
25(OH)D 11 – 20 ng/ml Д витамин хангалттай биш
25(OH)D ≥21 – 90 ng/ml Д витамин хангалттай.
25(OH)D ≥91- 199 ng/ml Д витамин илүүдэлтэй
25(OH)D ≥200 ng/ml Д витамины хордлоготой

Шинжилгээний хариу 20 ng/ml ба түүнээс бага гарсан бол өрх/сумын эсвэл хүүхдийн эмчид хандаж эмчилгээний тун заалгаж аваарай. Д витаминыг эмчилгээний тунгаар уулгаснаас хойш 3 сарын дараа шинжилгээг давтана. Шинжилгээний үзүүлэлт хэвийн болж Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар тасралтгүй уух тохиолдолд дахин шинжилгээ өгөх заалтгүй.
Харин Д витамины илүүдэлтэй бол уулгахыг даруй зогсоож сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авна. Эмч Д витаминыг хэдий хугацаанд зогсоох, цаашид хэрхэн уулгах зөвлөгөөг өгнө.
Хэрэв Д витамины хордлоготой бол шаардлагатай бусад шинжилгээнд илгээж эмчилгээ хийнэ.

Төрсөн нярай бүрт Д витамины шинжилгээ хийх шаардлагагүй. Одоогоор ийм дүрэм журамтай улс орон дэлхийд байхгүй. Харин эхийн цусан дахь Д витамин эхэсийг нэвтэрч урагт очдог тул дэлхийн олон улс орон жирэмсний эхний 3 сарын хугацаанд эхчүүдийн цусанд Д витамины хэмжээг тодорхойлж шаардлагатай тохиолдолд витаминаар үнэ төлбөргүй хангаж байна.

Амьдралын эхний 2 сар Д витамины өндөр тун хэрэглэх нь нярай хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэдгийг мэддэг байвал зохино.

Тэгвэл рахит өвчин болон Д витамины тухай эцэг эх бүрийн мэдвэл зохих зүйлсийг Хүүхэд ба гэр бүл номноос уншиж хүүхэддээ хамгийн сайн бэлдмэл сонгон зөв тунгаар тасралтгүй уулгах мэдлэгтэй болоорой.Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …