Шүлэг бичсэнийхээ төлөө шоронд орсон ганцхан яруу найрагч байдаг. Тэр нь Р.Чойном

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, Р.Чойном судлаач, хэл бичгийн ухааны доктор Дорлигийн Ганболдтой ярилцлаа.

-Юуны өмнө Танд “Ринчиний Чойномын яруу найргийн эх бичгийн судалгаа” ажлаараа докторын зэрэгамжилттай хамгаалсанд баяр хүргэе. Р.Чойном судлалын ажлыг хэзээнээс ямар учир шалтгаанаар эхлүүлсэн бэ?

-Баярлалаа. Р.Чойном гэж ярихаар яруу найраг сонирхогчид бүгдээрээ мэднэ. Гэхдээ яг Чойном өөрөө хэн байсан бэ, ямар учир шалтгаанаар түүний шүлэг яруу найраг өнөөг хүртэл уншигдаад яваад байна вэ гэх мэт нарийн асуултад хүмүүс тэр бүр хариулж мэддэггүй. Чойном 1936 онд мэндэлсэн. Энэ жил түүний мэндэлсний 80 жилийн ой тохиож байна. Чойномыг ард түмэн эрх чөлөөг магтан дуулагч, хэлмэгдсэн яруу найрагч гэдгээр нь олон нийт сайн мэддэг.

1990 оны эх, 1980-аад оны сүүл үеэс түүний шүлгүүдийг ард түмэнд дахин хүргэх нэг үеийн давалгаа явагдсан гэж үзэж болно. Энэ үед ОХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт, тэмцлийн нөлөө монголд нөлөөлж эхэлсэн учир яруу найргийн бүтээлүүдэд ч бас нөлөөлсөн. Энэ үеэр Чойномын шүлгүүдээс бүтсэн “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн ном бас хэвлэгдэж таарсан. Энэ ном бол яруу найрагчийг нас барснаас нь хойш хэвлэгдсэн томоохон хэмжээний түүвэр зохиол. Монгол орон даяар өрнөсөн эрх чөлөө, нийгмийн байгуулалтын өөрчлөлтөд хүмүүсийг ямар нэг хэмжээгээр сэрээхэд энэ номын гүйцэтгэсэн үүрэг асар их. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг авч ирэхэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн бүтээл болсон гэхэд хилс болохгүй биз. Үүний зэрэгцээ 1990-ээд он бол хүмүүс Чойномын хэвлэгдээгүй ямар зохиол бүтээл байна вэ гэдгийг эрж хайдаг, тэдгээр зохиол бүтээлүүдийг унших юмсан гэж эрмэлздэг уран бүтээлд тэмүүлсэн он жилүүд байлаа.

1995 онд Чойномын мэндэлсний 60 жилийн ой тохиож Чойномын төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дархан суманд гэр музей нь байгуулагдсан.  Ерөнхийдөө сая дурдсан 1995 оноос эхлэн Чойномыг мартагнах үе эхэлсэн гэж хэлж болно. Монголчуудын нэг зан байдаг. Тэр нь нэг зүйлд хэт хүчтэй автаж, орчихоод хэсэг хугацааны дараа тэрийгээ мартчихдаг.

Улмаар 1995 оноос эхлэн Чойномтой холбоотой үйл ажиллагаа зохиогдох нь багасч, түүний зохиол бүтээл, номууд ч бага хэвлэгдсэн. Тухайн үед зөвхөн гавьяат жүжигчин Д.Сосорбарамын уншсан шүлгүүд л Чойном гэж яруу найрагч байсан юм шүү гэдгийг сануулж байлаа шүү дээ. Ийм үе тохиогоод буйг миний зүгээс олж харчихаад 1998 оноос Чойном судлалын ажлаа эхлүүлсэн. Түүнээс хойш энэ ажил маань тасралтгүй явж байна.

-Чойном зөвхөн яруу найрагч байгаад зогсохгүй орчуулагч, зураач байсан гэдэг?

-1998 онд Чойном судлалын ажлаа эхлүүлээд явж байхад хамгийн эхлээд Чойном гэж хэн байсан бэ гэдгийг би өөрөө танин мэдэх шаардлага тулгарсан. Ингээд хоёр жил орчим судласны эцэст 2000 онд “Хорин нэгдүгээр зуун танаа” нэртэй XXI зуунд хандаж бичсэн Чойномын найраглалуудаар бүтсэн номыг хэвлүүлсэн. Энэ бол Чойном судлалын хүрээнд хэвлүүлсэн анхны ном.

1990 онд хэвлэгдсэн “Сүмтэй бударын чулуу” номыг уншсан хүмүүст ерөнхийдөө Чойномыг яруу найрагчийнх нь хувьд хэт задгай бичлэгтэй, гудамжны ч гэдэг юм уу замбараагүй зүйл бичдэг гэсэн ойлголт суучихсан байлаа. Миний зүгээс энэ ойлголтыг өөрчлөх, Чойномын яруу найраг дотор урьд өмнө нь хэний ч хөндөж бичиж байгаагүй сэдвүүд, хэн нэг яруу найрагчийн өмнө нь хэлээгүй гайхамшигт мөр бадгууд байдаг юм шүү гэдгийг харуулах үүднээс энэ номыг хэвлүүлсэн.

Түүнээс хойш Чойномыг үргэлжилсэн үгийн зохиолч мөн юм аа гэдгийг нь батлахын тулд “Тал дахь тулалдаан” роман, “Хар цэцэг”, “Гөлөг” зэрэг үргэлжилсэн үгийн тууж номуудыг хэвлүүлсэн. Мөн нь Чойном зөвхөн яруу найрагчаас гадна ая зохиогч, орчуулагч, сийлбэрч, зураач, барималч гэх зэргийн маш олон өөрийн гэсэн авьяас билэгтэй хүн байсныг нь тодруулан гаргахын тулд орчуулгынх нь бүтээлийг хүртэл хэвлэн олон түмэнд хүргэсэн.

-Р.Чойномыг дөрөвдүгээр анги төгссөн хэдий ч гадаад хэвлэл ихээр захиалж уншдаг, орос болон бусад хэлнээс шүлэг орчуулдаг байсан тухай яригддаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ.

-Чойном дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн гэдэг нь үнэн. Хэнтий аймгийн Өндөрхаан хотод тавдугаар ангидаа суралцаж байхдаа ар гэрийн гачигдал гэсэн шалтгаанаар цааш үргэлжлүүлэн суралцаагүй байдаг. Хэдий дөрөвдүгээр ангийн боловсролтой ч Чойном өөрөө бие даан казах, орос, солонгос хэл, морз, монгол бичиг сурсан байдаг. Эндээс тэр хүний аливааг сурах гэсэн уйгагүй, хичээл зүтгэл эрмэлзлэл маш тодорхой харагддаг. Үүнийг илэрхийлэх нэг жишээг хэлье л дээ.

Юу гэхээр 1956 онд 20 настайдаа бичсэн өөрийнх нь нэг тодорхойлолт байна. Тэр тодорхойлолтод “Би уран зохиолын салбарт өөрийн хүч бололцоог дайчлахаар шийдэн энэ замыг сонгож байна. Өнөөдрийн байдлаар Орос, Казах хэлийг мэднэ. Морз, Солонгос хэл, Монгол бичгийг гадарлана” гэж бичсэн байдаг. Энэ бол тухайн үеийн хорин настай залуу хүн бие дааж юу сурсан бэ гэдгийг илтгэх маш том тодорхойлолт гэж ойлгож байгаа. Энд Чойномын мэднэ гэж хэлж байгаа нь лав 90 хувьтай мэддэг зүйлээ л мэднэ гэж хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл орос хэлнээс шүлэг орчуулах хэмжээнд өөрийгөө боловсруулснаа орос хэлийг мэднэ гэж итгэлтэй хэлжээ гэж үзэж болохоор байгаа юм.

Докторын зэрэг хамгаалсан судалгааны ажлынхаа гол онцлогоос ярихгүй юу. Тухайлбал, Чойномын уран бүтээлийг хэд ангилан хувааж үзэж болохоор байна?

-Докторын зэрэг горилсон судалгааны ажил дотор маань Чойномын уран бүтээлийн тойм гэсэн сэдэв бий. Тэр сэдэв дотроо миний зүгээс Чойномын уран бүтээлийг дөрөв хувааж үзсэн.

Нэгдүгээрх нь туурвилын эхэн үе.  Энэ үед буюу 1956 он гэхэд Чойном анхны шүлгээ “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлж, хилчдийн сэдэвтэй “Үүрээр” хүүхдийн найраглал, “Сонирхолтой захидал” нэртэй найраглалаа тус тус хэвлүүлчихсэн байсан.  Улмаар 1959 онд “Тэнгис” найраглалаараа утга зохиолын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн байдаг. Энэ үе бол Чойномын туурвилын эхэн үе.

Хоёр дахь үе бол түүний уран бүтээлийн оргил үе. Энэ нь 1960-1969 он. Түүний бичсэн бүхий л томоохон хэмжээний бүтээлийг авч үзвэл энэ үед хамаарагдаж байгаа юм. Тухайлбал, “Залуу нас” тууж нь 1962 онд хэвлэгдчихсэн, “Хүн” шүлэглэсэн роман нь 1964 онд, тухайн үеийн оюутнууд бүгдээрээ цээжээр уншдаг байсан “Алтай” найраглал нь 1963 онд тус тус хэвлэгдчихсэн байв.

Харин гуравдугаар үе бол 1970-1979 он хүртэлх жилүүд. Үүнийг Чойномын уран бүтээлийн хориотой үе гэж нэрлэж байгаа. Учир нь Чойном 1969 онд шоронд ороод түүнээс хойш нэг ч зохиол нь хэвлэгдээгүй байдаг. Хэдийгээр зохиолууд нь хэвлэгдэхгүй байсан ч Чойном цөллөг болон шоронд байхдаа ч байнга зохиолоо бичиж байсан.

Дөрөвт нь 1990 оноос хойшхи үеийг цагаадсан үе гэж үзэж байна.1979 онд нас бараад 1990 онд цагаадах хүртэл нь Чойномын шүлгийг унших нь бүү хэл нэрийг нь ч хэлэхээс цээрлэж байсан үе. Харин 1990 оноос яруу найрагч маань цагаадсанаар түүний зохиол бүтээлүүдийг ард түмэн чөлөөтэй уншиж эхэлсэн.

-Чойномын хэлмэгдсэн цаг хугацаа буюу хориотой үеийнх нь талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Чойном 1969 оны дөрвөн сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн байдаг. Түүнийг ийнхүү мөрдсөөр байгаад тус оныхоо найман сард баривчилсан. Улмаар 1970 онд Чойномыг буруутгасан тогтоол гарсан. Тэр тогтоолд “Р.Чойном нь БНМАУ ын засаг төрийг сулруулах, манай нийгэм төрийг гутаахад чиглэсэн гүтгэлэг доромжлолын шүлэг бичиж, сурталчилж байсан нь баримтаар нотлогдсон” тул хэмээгээд дөрвөн жилийн хугацаанд улс төрийн хэрэгт татан ялласан.

Харин 1990 онд Чойномыг цагаатгахдаа “Р.Чойном нь БНМАУ-ын засаг төрийг гутаан доромжлох, гүтгэх үйлдэл нь баримтаар нотлогдоогүй тул цагаатгав” гэсэн тогтоол үйлдэгдсэн байдаг. Монголын орчин үеийн уран зохиолыг судлаад үзэхэд 1930 оноос эхлэн зохиолчид буруутгагдаж ирсэн хэдий ч шүлэг бичсэнийхээ төлөө шоронд орсон ганцхан яруу найрагч байдаг. Тэр нь Чойном.

 

-Яруу найрагчийн нийт хичнээн тооны гар бичмэл одоогоор олдоод байна вэ. Мөн хэчнээн нь судалгааны эргэлтэд орсон бэ?

-Миний судалгааны ажил бол “Р.Чойномын яруу найргийн эх бичгийн судалгаа”. 1998 оноос эхэлсэн судалгааны ажлынхаа явцад дандаа гар бичмэлтэй ажилласан. Ингэхдээ Чойном энэ шүлгийг гар бичмэлдээ юу гэж бичсэн байна, тэр нь хэвлэгдэхдээ тэр чигээрээ хэвлэгдсэн байна уу, ямар нэгэн хэмжээгээр засвар өөрчлөлт орсон байна уу гэдгийг л судлах зорилготой байсан. Чойномын бүх гар бичмэлийг бүртгэх, цуглуулах, хэнд ямар гар бичмэл байна гэдгийг тодруулах үйл явцыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Ингэхэд Чойномын бичсэн 4200 орчим гар бичмэл бидэнд бүртэгдсэн байна. Тэр бүх гар бичмэлийг төрөл зүйлээр ангилж, тодорхой нэг хэсгийг нь ном болгон хэвлүүлж гаргасан.

-Зарим шүүмжлэгчийн зүгээс “Чойномын шүлгүүдийн доошоо орох шалтгаан” ч гэдэг юм уу, “Чойном бол яруу найрагч биш” гэж шүүмжлэх хандлага ажилагддаг. Үүнд та судлаачийн үүднээс ямар хариулт өгөх вэ?

-Ер нь Чойномоос бусад зохиолч, яруу найрагчид яаж номоо хэвлүүлдэг вэ гэхээр шүлэг биччихээд түүнийгээ өөрсдөө нягталж, тэмдэглэлийн дэвтэр дээрээсээ хамгийн сүүлд нь номонд оруулах шүлгээ тусад шилж сонгосны үндсэн дээр энэ шүлгийг хэвлэх нь зүйтэй юм аа гэсэн бүтээлээ хэвлүүлдэг. Гэтэл Чойномд өөрийнхөө бичсэн шүлгийг нягталж, ахин найруулан засах боломж байгаагүй. Учир нь 1990-1995 оны хооронд Чойномын гэх автортай олдсон бүх гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр юу л байдаг юм тэр бүхнийг нягтлалгүйгээр тэр чигээр нь хэвлэж байсан.

Өврийн дэвтэрт ихэвчлэн хувь уран бүтээлчийн өөртөө унших шүлгүүд байдаг. Хэр баргийн яруу найрагч өврийн дэвтэр дээрх шүлгүүдээ хэвлүүлдэггүй. Гэтэл Чойномын өврийн дэвтэр дээрээ тэмдэглэн үлдээсэн шүлгийн нооргуудыг ямар ч редакторын засвар, сонголт хийлгүйгээр тэр чигээр нь хэвлүүлж байсан. Тэр дотор сайн шүлэг ч байсан, муу шүлэг ч бас байсан. Зүгээр санаа төдий зүйл ч маш олон байсан. Улмаар шүүмжлэгчдийн зүгээс тэр бүхнийг нь уншиж үзээд ийм шүлэг бол байх боломжгүй юмаа,  энэ бол шүлэг биш тэмдэглэл байна гэх мэтээр бичиж эхэлсэн.

-“Сүмтэй бударын чулуу” номын эмхэтгэгчдийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Уг номын анхны эхээс цөөнгүй шүлгүүд хасагдаж байсан гэж ярьдаг. Чухам ямар шалтгаанаар хасагдсан юм бол?

-Уг номын тухайд гэвэл яруу найрагч Ш.Сүрэнжав, Ж.Бямбаа, Д.Цоодол гэх мэт гурван хүний хамтын эмхэтгэл гэж явдаг. Гэхдээ энэ номыг эмхэтгэж гаргасан нь өөрөө маш том зүйл.  Ололт амжилттай зүйрлэвэл Чойномыг 1990 оноос хойш ард түмэнд ахин шинээр харуулж чадсан, Чойномд ямар шүлэг бүтээл байдаг вэ гэдэг дээр үнэлэлт өгч болохуйц хэмжээний даацтай бүтээл болсон. Энэ бол Чойном судлалд судлагдахуун болох томоохон хэмжээний бүтээл. “Сүмтэй бударын чулуу” номын сайн тал нь энэ л дээ.

Мөн уг ном хэвлэгдэж байх тэр үе бол главлит бүр мөсөн тасраагүй байсан тийм үе. Главлит болон тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас улбаалан эмхэтгэгчдийн зүгээс Чойномын шүлгүүд дэх улс төрийн өнгө аястай зарим шүлгийг албаар орхиж хэвлэсэн байдаг. Главлит ажиллаж байгаа тохиолдолд Чойномын улс төрийн шүлгүүдийг хасахгүйгээр хэвлүүлэх ямар ч боломжгүй байсан.

-Танаас өөр энэ яруу найрагчийн бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан  судлаач монголд байдаг уу?

-Чойном судлалаар ӨМӨЗО-ны судлаач Хасбаатар гэдэг хүн 1997 дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байдаг. Гэтэл үүнээс өөрөөр Чойномын уран бүтээлийг судалгааны түвшинд авч үзсэн бүтээл бол монголд өөрөөр байхгүй.  Маш бага судлагдсан.

Чойном яруу найрагчийнхаа хувьд улс төрийн хэлмэгдүүлэлтэд оролгүйгээр зохиол бүтээлээ туурвиад явах боломж байсан болов уу?

-Зохиолчид, сэтгүүлчид хоёр замын уулзвар дээр зогсож байдаг гэж би ойлгодог. Үүний нэг зам бол уран бүтээлч тухайн нийгмээ магтан дуулж, аялдан дагасан зохиол бүтээл бичээд шагнал урамшууллаа аваад үнэлүүлээд явах зам. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүний хараанд орно гэсэн үг.

Нөгөөх нь хэний ч хараанд оролгүйгээр өөрийн бодсон сэтгэсэн зүйлээ бичээд явах. Чойномын тухайд хоёр дахь замыг сонгож өөрийнхөөрөө явсан. Гэтэл тухайн үед маш олон зохиолч, маш олон яруу найрагч, сэтгүүлчид бүгд нийгмээ аялдан дагасан учир өөрийн хийсэн бүтээлээ үнэлүүлээд гавьяа шагналаа хүртээд явцгаасан. Энэ бүхнээс үзвэл өөрийнхөө үзэл баримтлал, гүн ухааны онолоороо эрх чөлөөг магтан дуулсан цорын ганц яруу найрагч бол Чойном юм.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …