Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө.
“Улаанбаатар Марафон – 2016” цомыг нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүд хүлээн авч харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургууль, коллежууд байгууллагуудаараа аялуулах ажлыг зохион байгуулж нийт албан хаагч, сурагчид, оюутнуудынхаа дунд тус удирдамжинд заасан үйл ажиллагааг явуулна.
“Улаанбаатар Марафон – 2016” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл:
- Байгууллага, хамт олондоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах
- Байгууллагынхаа Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, шинээр хамтлаг байгуулах
- “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг танилцуулах, байгууллага, хамт олноороо нэгдэх, гүйх хөдөлгөөн өрнүүлэх, сургуулиасаа марафонд оролцож гүйх сурагч, оюутан, багш, ажилтан албан хаагчдын нэрсийг гарган бүртгэлд хамруулах, байгууллага, хамт олныхоо дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын алдар, цуутай тамирчидтай уулзалт ярилцлага хийх, мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, ярилцлага, реклам сурталчилгаа хийх
- Байгууллага, оршин суугаа орчиндоо хог хаягдалгүй цэвэр, эко орчинг бүрдүүлэх, амьдралын хүнд нөхцөлд байгаа оюутан сурагч, албан хаагч болон өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг сайн үйлсийг дэлгэрүүлэх аян өрнүүлэх зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулах, сурталчилах, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
- Хамрах хүрээ: Нийслэл, дүүргийн ИТХ, хороодын Иргэдийн нийтийн хурал, нийслэлийн иргэд