Дуучин Э.Ганболор өдгөө телевиз удирдаж байгаа билээ. Хамтлагийн бүсгүйчүүд нь хэдийнэ амьдрал зохиож ээж болцгоосон ч Э.Ганболор сингл хэвээрээ л байна. Харин тэрбээр сингл байхаас уйдахгүй байгаа бөгөөд гэр бүл зохиох гэж яарахгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Манайхан гэр бүлсэг, европчуудыг бодвол бас ч гэж эрт гэр бүлийн амьдрал зохиодог. Миний хувьд нэг их санаа зовдоггүй ээ. Ер нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг юм. Гэхдээ таны хэлснээр дуугаа дуулаад, ажлаа хийгээд яваад байна, амьдралын хамгийн чухал асуудал болсон гэр бүлийн амьдралаа хэзээд нь зохиох билээ гэж сэтгэл хуваагдах үе гарна л даа. Бидний хувьд 21 настайдаа АНУ-д очиж, олон жил болоод ирсэн. Магадгүй хэсэг хугацаанд европт амьдрахдаа хүмүүсийг хараад эргэн тойронд байгаа байдал, эмэгтэй хүмүүсийн биеэ даасан чадвар, хэзээ яаж төлөвлөж гэр бүлтэй болж байна гэдгийг харж байсан болохоор тайван яваад байх шиг байгаа юм. Одоо бол эргэн тойрныхон маань, хамгийн наад зах нь хамтлагийнхан маань гэр бүлтэй, эхнээсээ 2 хүүхэдтэй болоод ирэхээр хүн болгон чи л хоцорчихлоо л гээд байгаа. Нөгөө талаар энэ бол миний хувийн орон зай. Би хувийн орон зайдаа ямар сонголт хийгээд, яаж амьдрах нь миний л сонголт. Би бусдад хэзээ ч чи хүнтэй суугаачээ, хүүхэдтэй болооч ээ гэж хэлж чадахгүй. Би санаа тавилаа гээд нэмэр болохгүй, би нөхөр олоод өгчихгүй шүү дээ. Түүнтэй адил” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж http://www.info.mn