Зөвлөгөөнд нийслэл дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Хөршийн хяналтын бүлгийн төлөөл, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Нарантуул, Хархорин, Да Хүрээ, Өгөөмөр, Сутай, Буянт, Авто плаза-1, 2, Теди, Монтел зэрэг худалдааны төвийн төлөөллүүд зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хотыг аюулгүй байлгах, иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй ажиллаж байгаа цагдаа хүчний байгууллагуудын албан хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал. Бидний сайн сайхны төлөө ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид өөрийнхөө үр хүүхэд, эцэг эх, амьдралынхаа төлөө санаа зовохгүй ажлаа хийдэг болгох нь төрийн үүрэг юм. Тиймээс цагдаагийн албан хаагч нарын орон байр, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр нийслэлээс чамгүй олон ажлуудыг хийхээр төлөвлөлөн хэрэгжүүлж байна” гэж онцлов.
Нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Амгаланбаатар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд прокурорын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга цагдаагийн хурандаа Б.Даваажав “Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”-ын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгааг онцлоод, хулгайн эд зүйлсийг мэдсээр байж худалдан авдаг, зарж борлуулдаг аж ахуйн нэгж, иргэдийг мөн давхар хариуцлагат татах ёстойг хэллээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон байр, орц, ажлын байрыг камержуулах нь маш чухал байгааг онцолсон юм. Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар боловгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.