Б.ХУЛАН: БИ ӨНГӨРСӨНӨӨ ЭРГЭЖ ХАРАХ ДУРГҮЙ

7715333b-6cf6-414e-99e5-ff07b7b83601

Адал явдалт, инээдмийн төрлийн хайрын тухай өгүүлэх “ӨРТӨӨ” уран сайхны киноны албан ёсны нээлтээ өнөөдөр кино театруудаар хийнэ. Сүүлийн үеийн монгол кино ерөнхийдөө сайжирч байгаа энэ үед цоо шинэ өвөрмөц шийдэлтэй, өнгө төрхтэй “ӨРТӨӨ” уран сайхны кинонд чадварлаг жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог юм.

Тус киноны голд дүрд тоглосон СТА жүжигчин Б.Хулантай амьдрал, уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

-“Өртөө” уран сайхны кино таны хэддэх дэлгэцийн уран бүтээл вэ. Өөр шннэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Энэ кино миний ес дэх дэлгэцийн уран бүтээл байгаа юм. Үүний араас сар сарын зайтай хоёр уран бүтээл үзэгчдийн хүртээл болно.

Энэ кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог байв?

“Өртөө” уран сайхны киноны хувьд сонгодог жанрын уран бүтээл гэдгээрээ үзэгчдэд маш өвөрмөц сэтгэгдэл төрүүлэх байх. Энэ кинонд би Индра гэх бүсгүйн дүрд тоглосон. Хэдийгээр киноны ерөнхий агуулга бусад кинотой адил хайр дурлал, хүний мөс чанарыг өгүүлэх ч 18,19-р зууны үеийн амьдралыг харуулсан гэдэг утгаараа хайраа илэрхийлэх арга, үг хэллэг зэрэг нь арай өвөрмөц байгаа болов уу.

01fa9906-7990-4b64-b714-06b2cf5f29f0

-Та тэр бүр хэвлэлийнхэнд олдоод яриад байдаггүй. Амбицтай юу?

-Би өөрийгөө амбиц хөөдөг гэж хэлэхгүй ээ. Гэхдээ шинэ уран бүтээл, нийгэм рүү хандсан шинэ ажил хийсэн тохиолдолд сонин хэвлэлүүдэд ярилцлага өгдөг. Миний хувьд шинэ ажил, шинэ уран бүтээл хийгээгүй үедээ сонин хэвлэлээр гарах сонирхол байдаггүй.

Анзаараад байхад надаас ярилцлага авах гэж ирдэг сэтгүүлчид нэг хэв маягтай асуулт асуугаад байдаг. Нэг зүйлийг хоёр гурван газар ярьсан бол өөр хэвлэлд давтаж яриад явах нь утгагүй. Уншиж буй хүндээ ч уйтгартай, нэг хэв маягтай санагдана шүү дээ.

-Таныг 14-хөн насандаа Монголын анхны фото модель болж байсныг санаж байна. Тухайн үед хэддүгээр ангийн хүүхэд байсан бэ. Тэр үеэ дурсаач?

– Тэр үед би дунд сургуулийн сурагч байсан. Мэдээж тэр үед ямар нэгэн карьер хөөхөөс илүү сургуулиа амжилттай төгсөх, хичээл номондоо шамдах нь хамгийн чухал асуудал байсан. Тухайн үед тэр тэмцээнд төрүүлнэ ч гэж бодоогүй байж байгаад санамсаргүй түрүүлсэн гэхэд болно. Зурагчин ах “Чи долдугаар ангидаа хэд улирч суусан бэ” гэж асуухаар нь гайхаад “Аан” гэсэн чинь тэр зургийг дарчихсан. Одоо бодоход нэлээд мэдрэмжтэй хүн тэр зургийг дарж дээ гэж боддог.

Сайхан төрөх заяаных, сайн явах санааных гэдэг энэ үгтэй санал нийлдэг үү?

-Санал нийлдэг. Мэдээж хүн сайн сайхан юм бодож, мөрөөдөж байж бүх зүйл сайхан болно. Тэгэхээр бурхнаас заяасан сайн сайхан зан чанар бүхнээ улам бүр өнгөлж, үргэлж сайхан, сайн зүйл рүү тэмүүлж байх хэрэгтэй болов уу. Эмэгтэй хүн бүр л өөрийгөө сайхан бүсгүй гэж бодож байгаа шүү дээ.

Хэдийгээр царай зүс бие хаагаараа энгийн бүсгүй боловч биеэ авч яваа байдал, ёс суртахуун, үзэл бодол, аливаа юманд хандах хандлагаараа сайхан гэж хэлэгдэх бүсгүйчүүд олон.

278b41f3-13aa-4217-ab83-952f205c178a

-Ямар үед өөрийгөө сайхнаар мэдэрдэг вэ?

-Ямарваа нэг арга хэмжээнд явахдаа нүүр будалт, үс засалт, хувцаслалтандаа сэтгэл ханамжтай байх үедээ өөрийгөө сайхнаар мэдэрдэг. Энэ бүгдийн аль нэг нь дутуу санагдсан бол өөрт таагүй мэдрэмж төрөөд байдаг.

-Пластик мэс заслыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би үүнийг няцаадаггүй. Миний хувьд одоогоор тэрийгээ ингэнэ, энийгээ ингэж янзлуулна гэсэн бодол алга. Пластик мэс засал хийлгэсэн байгаа бүсгүйчүүдийг хараад ямар гаж юм бэ гэсэн бодол огт төрдөггүй. Магадгүй би урлагийн хүн учраас өөрөө хийлгээд явахыг үгүйсгэхгүй. Хүн өөрөө өөртөө таалагдахын тулд өөрийнхөө хүсч буй зүйлээ хийлгэх нь хүний эрх гэж бодож байна.

-Сүүлийн үед бүсгүйчүүд маань иог, фитнесээр эрчимтэй хичээллэдэг болжээ. Таны хувьд бие чийрэгжүүлэх ямар нэг спортоор хичээллэдэг үү?

-Миний хувьд иог, фитнест явах бодол байсан ч амжиж хичээлдэггүй. Хэд хэдэн удаа мөнгөө төлөөд бүртгүүлсэн боловч ажлын онцлогоос хамаараад тууштай явж чадахгүй, орхидог. Яг гэртээ хийнэ дээ гэхээр худлаа юм билээ. Дасгалаа хийж байтал хүүхдүүд энд тэндээс “Маамааэнэ яасан ийсэн” гээд л дасгалын тоог алдагдуулдаг ч юм уу, тиймэрхүү зүйл болдог /инээв.сур/.

Ер зориулалтын газар, мэргэжлийн багшаар нь заалгуулж суралцах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Миний хувьд одоогоор зөв хооллолтоор гоо сайхнаа зохицуулж байна. Аль болох оройн хоолоо идэхгүйг хичээсэн ч, заримдаа ажлын нөхцөл байдлаас хамаараад идчихдэг.

Миний хувьд жаахан идэж орхивол, амархан таргалах гээд байдаг. Тиймээс аль болох эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж байна даа.

-Өөрөө ямар нууц авьяастай вэ?

-Би юм оёх дуртай. Миний оёсон хэд хэдэн бүтээл бий /инээв. сур/. Хэдийгээр хүмүүст бүтээл гэж санагдахгүй ч, миний хувь цаг зав, хөдөлмөрөө шингээж өөрийнхөө гараар оёсон учраас бүтээл гэж нэрлээд байгаа юм.

Манай ээж их сайхан юм оёдог, урладаг мундаг эмэгтэй бий. Хэдийгээр ээжийгээ гүйцэхээр сайхан оёж чаддаггүй ч гэсэн чөлөө зав гарвал гэр бүлийнхэндээ, бас өөртөө зориулж хувцас оёдог.

-Б.Хулангийн хувьд жүжигчнээс өөр давхар мэргэжил бий юу?

-Одоохондоо өөр мэргэжил эзэмшиж амжаагүй явна. СУИСиа төгсөөд л “Х-Түц” хамтлагтаа нэлээд хэдэн жил ажилласан. 2009 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон. Ер нь болмаркетингийн чиглэлээр суралцана гэсэн бодолтой явдаг. Мөн хэлний мэдлэгээ илүү сайжруулмаар байна.

-Жүжигчин хүнд бүтээсэн дүр бүхэн нь өөрийн үр хүүхэд шиг байдаг гэдэг юм билээ. Таны хувьд тоглосон дэлгэцийн уран бүтээлээ дараа нь үзэгчийн суудлаас үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үнэхээр бүтээсэн дүр бүхэндээ хайртай. Гэхдээ уран бүтээлээ анх удаа үзэгчийн суудлаас үзэж суухад гоё ч юм шиг, аймаар ч юм шиг догдлол, сэтгэл түгшсэн байдалтай болчихдог /инээв. сур/. Өөрийгөө тогтож харж чаддаггүй гэх юм уу даа, “хурдан дуусаасай”, “яанаа энэ хэсэг дээр ингэх байж” гэх мэтээр ихэвчлэн өөлж хардаг.

-Таны тухай янз янзын мэдээлэл ихэвчлэн “шар” сайтуудаар бичигдсэн байдаг. Тэнд бичигдсэн мэдээллүүдийн хэдэн хувь нь үнэн байдаг вэ?

-За бараг л 98 хувь нь иргэдийн анхаарал, хандалт татах гэсэн худлаа мэдээлэл байдаг. Миний талаар гарсан худал мэдээллийг уншаад анхандаа их хүнд хүлээж авдаг байсан. Одоо нэг их ач холбогдол өгөхөө больчихсон.

Одоо бол уншихаа ч больсон уу?

93318bc0-4890-4937-9906-1188b2655512

-Бас харна аа /инээв. сур/. Худал мэдээллийг нь уншаад, тэр мэдээг бичсэн хүнийг өрөвддөг.Яагаад үнэн зөвийг нь нягтлаад, шинэ соргог мэдээлэл олоод бичдэггүй юм бол?гэж боддог. Хамгийн аймшигтай нь тэр тавьсан мэдээлэл нь үнэн биш “зохион бичлэг” байдаг.

Олон нийтийн сүлжээг хэридэвхтэй ашигладаг вэ?

-Фэйсбүүкийг мэдээлэл авах, шинэ уран бүтээлийнхээ мэдээлэл түгээхэд л ашигладаг. Зарим хүмүүс шиг олон нийтийн дунд амьдралаа хүүрнээд байхыг хүсдэггүй.

-Өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлээс чинь харамсах зүйл байдаг уу?

-Үүнийг урьд өмнө бодож байгаагүй юм байна. Ер нь бол би өнгөрсөндөө харамсаад, шаналаад байдаггүй. Би өнгөрсөнөө эргэж харах дургүй. Хүний амьдрал юм чинь янз бүрийн зүйл л тохиолддог. Тэр болгоныгоо би нэгэнт л даван туулаад гарсан болохоор эргэж хараад байх дургүй.

-10 жилийн дараах Б.Хулан өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?

-Илүү сайн сайхан амьдралтай байхаар төсөөлөгдөж байна. Ажлын хувьд ч тэр, маш олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байна байх даа. Үр хүүхдүүд маань өсч том болсон байна. Харин миний хувьд нас явсан ч гаднах байдал маань хэвээр хадгалагдах байх /инээв.сур/.

-Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ?

-Хүний өгсөн урам зоригоос өөртөө итгэх итгэлийг олдог. Миний гэр бүл, үр хүүхэд, найзууд маань надад урам их хайрлана. Мөн намайг дэмждэг, надад итгэдэг үзэгч фенүүд маань ч гэсэн надад урмын үгийг хэлдэг.

-Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?

-Их ерөнхий асуулт байна. “Аз жаргал” гэдэг үг нь хүн бүрт өөр мэдрэмжийг төрүүлдэг. Жишээ нь үрэлгэн хүнд мөнгө үгүй бол аз жаргалгүй болно, гэр оронгүй хүний хувьд дулаан хувцас, дулаан байр аз жаргал нь байх.

Ихэвчлэн, хүмүүс бид өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй. Ялангуяа өөрийн дотныхүмүүсийн үнэ цэнийг. Хэрвээ таны хувьд чухал хүмүүс нэг л өдөр орхин явахад та дотроо их шаналж, хэзээ хойно нь ямар их үнэ цэнэтэй байсныг мэдэрдэг.

Миний аз жаргал бол миний ээж, миний гэр бүл, миний хоёр үр минь юм даа.

e6a603c4-065e-4ee7-8cdc-4e630828c7a5

-Таны үнэт зүйл юу вэ?

-Миний мэргэжил юм уу даа. Яг энэ цаг үед энэ биеийн олж төрсөндөө, бас мэргэжлийнхээ буянаар цөөхөн ч гэсэн хүмүүст “жүжигчин Б. Хулан” гэж дуудуулж байгаадаа бахархдаг.Магадгүй намайг танихгүй хүмүүс олон л байх. Энэ жүжигчин гэдэг нэр төрөө цэвэр ариун байлгаж, өндөр өргөж явах юмсан. Үүнийг л их хичээдэг дээ. Жүжигчин гэсэн алдар маань л миний хамгийн том үнэ цэнэ гэж боддог.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …