А.Мөнхсүх: Битгий мартаасай гэсэндээ “Бүү март” киног хийлээ

89bd57ecb0c27af7original

 Сүүлийн 25 жил уран бүтээлчдийн, тэр дундаа киночдын зүрхэлж барьж аваагүй сэдвээр түүхэн киног чадварлаг бүтээж буй залуу найруулагчтай уулзлаа. Энэ бол “Долоон бурхан харвадаггүй”, “Саятан болох дамжаа” зэрэг киног найруулсан “Хүмүүн фильм” продакшны найруулагч А.Мөнхсүх юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, өмнөх нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүү март” киног энэ сарын 15-нд нээнэ. Эл түүхэн уран сайхны киног А.Мөнхсүх найруулжээ. Түүнтэй уран бүтээл, Монголын кино урлагийн тухай хөөрөлдсөнөө хүргэе.

-Ж.Батмөнх агсны тухай баримтат киноны зохиолыг бичих санаа анх яаж төрөв?

-Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, зохиолч Ж.Мөнхбат бид хоёр Монголд өрнөсөн хувьсгалт үйл явдлын талаар гурван кино хийе гэж ярилцсан л даа. Бидний эхний түүхэн кино “Долоон бурхан харвадаггүй” киног хийснээс хойш хоёр гурван жил өнгөрчээ. Дараагийнх нь Ардчилсан хувьсгал буюу 1990 оны цагаан морин жилийн үйл явдлын тухай кино хийе гэж ярилцаад “Цагаан морин жил” нэртэйгээр кино зохиолоо бичиж байсан. Тэгэхээр энэ киног бүтээх санаа одоогоос дөрвөн жилийн өмнө төрсөн гэсэн үг. Эхний кино зохиол хоёр залуугийн хайр дурлалаас сэдэвлэсэн зохиол байлаа. Бид зохиолыг гурав дөрвөн жил боловсруулсны эцэст одоогоос яг нэг жилийн өмнө би “Саятан болох дамжаа” киноны нээлтийн дараа энэ киноны зохиолыг бичих ажилдаа орсон.

Энэ киног бүтээх ажлыг киног санаачлагч Ж.Мөнхбат зангидаж ажилласан. Бид зохиолоо бичихийн тулд нэлээд олон хувилбар гаргасан л даа. Ер нь кино болсон зохиол бидний дөрөв дэх хувилбар байгаа юм. Бид кино зохиолоо хоёр шугамтай хийхээр шийдсэн. Нэг нь залуучуудын хайр сэтгэлийн тухай юм. Цаг хугацааны хувьд 1974-1990 оны хоорондох үйл явдал багтана. Нөгөө нь төр засгийн удирдлагууд буюу тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд ямар хүмүүс, яаж ажиллаж байсан, ямар үйл явдал, зам туулсныг харуулах зорилгоор Ж.Батмөнх агснаар  төлөөлүүлж гаргасан. Киноны үйл явдал 1974 он буюу Ж.Батмөнх агсныг Сайд нарын зөвлөлийн даргаар сонгосон үеэс эхлэн 1990 онд огцрох хүртэлх цаг үеийн үйл явдлыг харуулахыг зорьсон. Кинонд 1996 оны үеийн зураглал буюу Ж.Батмөнх  агсны амьдралын сүүлийн үеийг харуулсан хэсэг багтсан.

-Түүхэн кино бүтээхэд маш их судалгаа хийх шаардлагатай байдаг. Та бүхэн ч түүнээс дутахааргүй түүхэн хүний амьдрал, хийсэн үйл хэргийн талаар судалсан байх?

-Бид 20-иод хүнтэй уулзаж, ном зохиол уншсанаас гадна архивт хадгалж буй баримтыг судалснаар тухайн үед болсон үйл явдлыг протоколд суурилан жүжигчдийн харилцан яриаг бичсэн. Ийм олон судалгаа хийсний үндсэнд бид кино зохиолыг бичиж дуусгалаа. Киноны түүхийн зөвлөхөөр түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар ажилласан. Киноны зураг авалтыг өнгөрсөн жилийн аравдугаар сараас хийж эхэлсэн юм. Бэлтгэл ажлаа хийсээр байгаад цаг хугацаа алдсан учраас зураг авалтаа маш шахуу хугацаанд хийх шаардлагатай тулгарсан л даа. Яагаад гэхээр байгаль дэлхий өнгөө хувиргачих гээд, цас орох гээд байсан.  Дээрээс нь түүхэн кино учраас Ж.Батмөнх агсны эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг хүмүүсийн сэтгэлд үлдсэнээр нь гаргахыг хичээсэн. Бид монгол хүний давуу мөн чанар юу юм бэ, монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн монгол хүнийг дэлхийд сурталчлах зан чанарын талаар ярилцсан юм. Жишээ нь, япон хүн маш хичээнгүй, гайхалтай ёс суртахуунтай гэж бид ярьдаг. Германчуудыг цаг маш сайн баримталдаг нямбай, хятадуудыг багаар ажиллах чадвартай л гэдэг. Эдгээр зан чанараараа энэ хүмүүс дэлхийд танигдчихсан байна. Гэтэл монгол хүний хамгийн мундаг зан чанар нь юу вэ гээд ярихаар тоймтой хэлчихээр зүйл байдаггүй. Тиймээс монгол хүний давуу зан чанарын талаар судалж, нэлээд эрэл хайгуул хийсний эцэст монгол хүн бол уужуухан, сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, тайван хүмүүс юм байна. Энэ хүмүүсийн мөн чанар энгийн үед илэрдэггүй. Хамгийн хүнд үе тохиолдоход монгол хүний мөн чанар гарч ирдэг юм байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөний үед яг тийм зүйл тохиолдсон. Эх орны төлөө чухал шийдвэр гаргах үед уужим сэтгэл, саруул ухаанаар хандаж чадсан. Тэгж бидний төлөө гайхашигтай зүйл хийсэн хүмүүсийг бид мартчихаад байна. Бид түүхээсээ суралцдаггүй ард түмэн. Бид яагаад түүхээсээ суралцах ёстой вэ гэхээр түүх давтагддаг. Тиймээс энэ бүгдийг “Бүү март” кинонд харуулахыг зорьсон. Киноны зохиолч ч анхнаасаа түүхээсээ суралцах хэрэгтэй талаар хэлэхийг хүссэн. Түүхийн том алдаанууд одоо ч гэсэн давтагдаад явж байна. Тиймээс бид өнгөрсөн түүхээсээ суралцаж, судлах хэрэгтэй. Улстөрчдөд хувь тавилангийн ээдрээ тохиолдож байсан. Энэ талаар зөв, буруу түм буман ойлголт нийгэмд байна. Кино маань залуу хойч үедээ түүхэнд болсон ээдрээт цаг үед хүмүүс эх орныхоо төлөө ямар шийдвэр гаргаж байсныг битгий мартаасай, тэднээс суралцаасай гэсэн үүднээс “Бүү март” киног хийлээ.

-Ж.Батмөнх агсантай адилхан жүжигчин олохын тулд кино багийнхан  эрэл хайгуул их хийв үү?

-Түүхэн киноны гол дүр сонгоно гэдэг амар ажил биш. Учир нь, тухайн хүнтэй жүжигчин адилхан байх шаардлагатай л даа. Адилхан байх гэсэн зарчим киноны дүрийг шалгаруулахад ачаалалтай ажиллуулдаг. Сүүлдээ гудамжаар явж байгаа хүн бүр хайж байгаа дүртэй адилхан харагддаг болчихдог юм. Дүрээ хайхдаа ганцхан салбарт харьяалагдахгүйгээр олон газраас хайдаг. Энэ удаад ч гэсэн Ж.Батмөнх агсантай адилхан хүн олохын тулд аймгуудын мэргэжлийн байгууллагад хандсан. Үүний үр дүнд бидэнд 1000 гаруй жүжигчний зураг ирүүлсэн. Найруулагч түүхэн хүнтэйгээ адил­хан жүжигчин сонгохоос гадна жүжигч­ний ур чадвар тухайн дү­рийг гаргаж чадах эсэхийг нь харж сонгодог. Тэгээд Дарханы “Залуучууд” театрын жүжигчин өмнө нь “Долоон бурхан харвадаггүй” киноны Данзангийн дүрд тоглосон жүжигчин Н.Төмөрбатыг сонгож, тоглуулсан юм. Харамсалтай нь зураг авалт 80 гаруй хувьтай явж байхад жүжигчин маань өвчний улмаас таалал төгссөн. Энэ нь ар гэрийнхэн болон киноны багт маш том хохирол болсон. Энэ хэцүү давааг хэрхэн давах талаар бид гэр бүлийнхэнтэй нь ярилцсан. Киноны зураг авалт зогсох хүртэл хэмжээнд хүрсэн. Тэгээд гэр бүл, үр хүүхдүүд нь “Миний аавын хамгийн сүүлд тоглосон киног та бүхэн амжилттай дуусгаж өгөөрэй. Аав минь дуртай ажлаа хийгээд хамт олныхоо дунд явж байгаад өнгөрлөө. Энэ бол тэнгэртээ нөхчих гэж шувуунд жигүүр заяадаг тийм бардамхан үхэл байсан. Тийм учраас миний аавын гэгээн дурсгалд нь зориулж уран бүтээлийг нь дуусгаж өгөөч ээ” гэж хүссэн. Үүний дагуу бид зохиол дээр нь ажиллаж, орлон тоглогчоор орлох боломж байгаа эсэхийг харсан. Тэгээд орлон тоглогчдоо зориулж шинэ маск хийлгэсэн. Нүүр хувиргагчтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Тиймээс бид жүжигчнээ түүхэн хүнтэй илүү адилхан болгохын тулд шинэ технологи ашигласан л даа. Тухайн сонгосон хүний нүүрэнд түүхэн хүний нүүрний хэвтэй адил маск тавьдаг. Энэ маш үнэтэй технологи. Нэг удаагийн маск 600 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Жүжигчний ажиллагаанд нэлээд ачаалал нэмдэг. Учир нь зураг авалт эхлэхээс өмнө маск тавиулах ёстой байдаг. Хоёр цагийн турш нүүрэндээ маск тавиулсны дараа зураг авалтад ордог. Тиймээс жүжигчнээ амраахыг зорьдог байсан.

Хүнд бэрх зүйлийг даван гарсан хүмүүс дараа нь нүүр бардам байдаг шүү дээ. Түүн шиг манай киноны хамт олон нүүр бардам байна. Киноны гол дүрийг бүтээсэн талийгаач ах маань тэнгэрээс харж байгаа. “Танд үзүүлэх сайхан уран бүтээлтэй боллоо” гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Мөн Ерөнхий сайд агсан П.Жасрай, маршал Ю.Цэдэнбал, М.Горбачевын дүрд Орост жүжигчний сонгон шалгаруулалт хийсэн. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн Б.Дэжид, Л.Лантуу, Н.Жагварал, Т.Рагчаа, Д.Моломжамц зэрэг хүнтэй төстэй жүжигчнийг олж тоглуулсан. Тэдэнд мэргэжлийн жүжигчид байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Кино бол багийн урлаг. Учир нь киноны хэсэг бүр дор бүрнээ сайн ажилласны дүнд сайн бүтээл төрдөг. Түүнээс биш сайн найруулагч, жүжигчин, зураглаач ганцаараа сайн болгож чаддаггүй. Тиймээс киноны хамт олонд “Та бүхэнтэй хамтран ажиллахад сайхан байлаа. Уран бүтээлийн цаашдын ажилд амжилт хүсье” гэж хэлье.

-Гол дүрийн жүжигчнийг таалал төгссөний дараа орлон тоглогчийг хэрхэн сонгосон бэ?

-Ж.Батмөнх агсны зээ Д.Энхбаатар гэдэг залууг тоглуулсан.

-Ж.Батмөнх агсны амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан зүйлээс кино зураг авахдаа ашигласан уу?

-Бугуйн цаг, үзэг, цув, пиджакийг нь гол дүрийн жүжигчиндээ өмсүүлж, хэрэглүүлсэн. Гол дүрийн жүжигчинд хувцас нь маш сайхан таарсан. Гэхдээ Ж.Батмөнх агсны эдэлж, хэрэглэж байсан зүйл тийм ч олон байдаггүй юм билээ. Учир нь 1990 онд огцорсныхоо дараа бэлгэнд ирсэн, албаны шугамаар авсан бусад зүйлээ Засгийн газарт тушаачихсан юм билээ. Бид зураг авалтдаа Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайгаас зөвшөөрөл авч тэдний хэрэглэж байсан Румыны тавилгыг зураг авалтдаа ашигласан. Ер нь бид А.Даариймаа гуайтай хамгийн түрүүнд уулзаж, Ж.Батмөнх гуайн талаар асуусан. Тэгээд одоогийн улстөрчид үлгэр дуурайл авахаар маш өндөр ёс суртахуунтай төрийн түшээ байжээ гэж бодсон. Ж.Батмөнх гуай “арын хаалга” гэдэг зүйлийг хэрэгжүүлдэггүй байж. Ямар сайндаа л төрсөн дүүгээ хөдөөнөөс нүүгээд ирэх гэхэд нь “Та нар миний нэрийг бариад хотод ороод ирэхээр малыг чинь хэн маллах юм бэ” гэж хэлээд буцааж байсан юм. Ах нь насаараа хэвлэх үйлдвэрийн манаач хийсэн байна. Тэр ч бүү хэл хүүхдүүдээ улсын зардлаар гадаадад сургадаггүй байсан гээд хэлбэл үлгэр дуурайл авахаар зан чанар Ж.Батмөнх гуайд олон байж. Өөрөө хамгийн сүүлд Их тэнгэрээс нүүхдээ Дамбадаржаад хашаа байшинд эгэл жирийнээр амьдарсан хүн. Мөн хүүхдүүддээ эгэл нэгэн аав байсныг А.Даариймаа гуай хэлсэн. Хүүхдүүдтэйгээ волейбол тоглож, цана чаргаар гулгадаг байсан. Өргөмөл гурван хүүтэй, тэднийг өргөж авсан тухай А.Даариймаа гуайгаас сонссон. А.Даариймаа гуайг хоёр удаа л гадаад руу дагуулж явсан гэсэн. Бусад үед улсын зардлаар явах хэрэггүй гээд дагуулж явдаггүй байсан юм билээ. 1990 онд огцорсныхоо дараа хэрхэн амьдарч байсан талаар нь яриулсан. Дамбадаржаад ногоо тарьж, картын бараанд дугаарлаж эгэл бидний адил амьдарсаар насан өөд болсон хүн юм билээ.

-Киноны зураг авалтын зарим хэсгийг гадаадад авсан гэж ярилаа. Үүнийгээ жаахан тодруулаач?

-Орост зураг авсан. Нийт зураг авалтын тал хувийг гадаа, үлдсэнийг нь дотор авч байсан. Дотор зураг авахдаа бүх интерьерийг тэр үеийнхээр тохижуулж авсан л даа. Тэр байтугай Д.Сүхбаатарын хөшөөг барьж зураг авсан тохиолдол ч бий. Одоогийн Д.Сүхбаатарын талбай дээр зураг авах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Тэгээд ч дуу чимээ ихтэй тухайн цаг үеэс өөр болчих гээд байсан учир Дарханд Д.Сүхбаатарын хөшөөг яг төв талбайд байдаг шиг нь хийлгээд зураг авсан. Энэ их ажлын ард гарчихаад киноны нээлтээ хийх гээд л байж байна.

-Кино багийн бүрэлдэхүүнд гадаадаас хүн ажилласан юм байна. Энэ талаар…?

-Америкаас ирсэн Крис Мартин гэдэг залуу зураглаачаар ажилласан. Дууны найруулагчаар Оросын Санкт-Петербургийн Михайл гэдэг залууг урьж авчирсан. Тэр хүн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай хувийнхаа тоног төхөөрөмжөө авчирч киноны багт ажилласан нь том тус хүргэсэн.

b3addc3ebd927e0coriginal

-Монголд киноныхоо нээлтийг хийсний дараа гадаадад гаргах бодол бий юү?

-Орост гаргах талаар судалж байна. Гэхдээ кинонд оросуудын талаар таагүй зүйлс бий. Энэ талаар ч бид  Оросын талд хэлсэн. Энэ мэтчилэн киногоо гадаадад гаргах талаар ярилцаж байна.

-Та сүүлийн үед ихэвчлэн түүхэн сэдэвт киног найрууллаа. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Түүхэн киноноос өөр олон кино хийсэн л дээ. Гэхдээ уран бүтээлчид ярьдаг. Хүн нэг кино хийсний дараа нэг сургууль төгсөх дайны мэдлэгтэй болдог гэж ярьдаг юм. Ж.Батмөнх гуайн тухай кино “Долоон бурхан харвадаггүй”-гээс гурав дахин их ажиллагаатай кино байлаа. Одоо би инээдмийн төрлийн уран бүтээл дээр ажиллаж байна.

-Тантай уулзсан учраас нэг асуулт асуулгүй өнгөрч чадахгүй нь. Сүүлийн үед гарч байгаа Монголын уран сайхны киног аливаа асуудлыг хэт өнгөн талаас нь харсан, Солонгосын олон ангит кинотой адилхан гэж хэлэхээр хийдэг болжээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Кино бүтээсэн хүмүүс мөнгө олох ёстой. Тэгэхээр тэр хүмүүсийг буруутгах ямар ч арга байхгүй. Дээрээс нь ашиг олохын тулд хүмүүсийн сонирхдог сэдвээр кино бүтээж байна. Угаасаа кино урлаг ингэж хөгжиж ирсэн. Гэхдээ үүний хажуугаар түүхэн, хүүхдийн сэдэвтэй кино орхигдоод байна. Ийм киног зах зээлд нь даатгаад орхиж болохгүй. Европт энэ төрлийн киног улсаас нь дэмждэг. Энэ нь эргээд тухайн улсын хувьд соёлын бодлогоо хамгаалж буй нэг хэлбэр болдог. Манай кино салбарынхан кино урлагийн хуулийг өргөн барьчихаад байна. Энэ хуульд бид гаднын контент 30, Монголынх 70 хувь байна гэдгийг хуульчилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнд олон төрлийн лобби ороод баталж өгөхгүй байна. Ер нь арилжааны кино зах зээлийн жамаараа хөгжинө. Миний багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү “Та нар үзэгчид хүсч байна гээд инээдмийн кино хийгээд байж болохгүй. Хэрвээ ийм байдалд   орвол энэ салбар үзэгчидтэйгээ уруудна” гэж хэлсэн. Тэгэхээр манай киночид сайн бүтээл шаарддаг үзэгчдээ бэлтгэж чадахгүй байгаа юм. Энэ нь манай киночдын хувьд учир дутагдалтай байгаа тал л даа.

-Та дүрээ сонгон шалгаруулахдаа ямар шаардлага тавьдаг вэ. Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлийн гол дүрд ихэвчлэн загвар өмсөгч, дуучин  тоглодог болсон учраас ингэж асууж байна л даа?

-Энэ бол цэвэр маркетинг. Тэгээд ч үүнд найруулагчдыг буруутгах аргагүй. Тогоон дотор нь байгаа хүний хувьд хэлэхэд Монголд жүжигчид маш ховор байна.

-Яагаад. СУИС-аас жил бүр жүжигчид төгсдөг биз дээ?

-Би нэг дүрд таван жүжигчин өрсөлдүүлж байгаад кинонд тоглуулах юмсан гэж мөрөөддөг. Учир нь Монголын кино урлагийн салбар жүжигчний бааз багатай. Боломж олдсон дээр хэлэхэд манай мэргэжлийн сургуулиуд жүжигчин бэлтгэхдээ олон янзын төрхтэй хүн авдаггүй. Дандаа нэгэн хэвийн хүмүүсийг бэлтгэдэг. Ийм хүмүүсээс сонголт хийхэд их хэцүү. Уг нь жүжигчний ангид элсэлт авахдаа олон янзын дүр төрхтэй хүнийг авмаар байгаа юм. Ийм зүйл дутагдаад байгаа учраас сүүлийн үеийн кинонд загвар өмсөгч, дуучид тоглоод байна. Түүнээс биш мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь найруулагчдын хувьд хамгийн сайхан зүйл шүү дээ.

Б.СЭЛЭНГЭ

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …