Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Европын холбоо, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Бид Европын холбоотой хамтран ажилладагтаа таатай байдаг. Тэр тусмаа Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгтэйгээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатарыг байгаль орчинд ээлтэй ногоон хот болгох ажлуудыг хийж эхэлж байна. Энэ ч үүднээс ногоон хөгжлийн салбар болон төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх тал дээр Европын холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Харин Европын холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут “ Таатай хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Европын холбоо Монгол Улс төдийгүй бусад олон оронтой хамтран ажилладаг. Цаашид ч Улаанбаатар хоттой олон салбарт хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.