Стивэн Жэррардын ТОП-10 гоол

Ирэх хагас сайн өдөр буюу 8 сарын 3-нд Анфилд цэнгэлдэх хүрээлэнд Ливэрпүүлийн багийн ахлагч Стивэн Жэррардад зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байгаа билээ. Улаануудын төлөө 15 дахь жилдээ зүтгэн, багаа ахлан олон олон гайхалтай дурсамжийг хөгжөөн дэмжигчиддээ бэлэглэж яваа домогт Ахлагчийн маань өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулж байсан ТОП-10 гоолыг багийн үндсэн сайт танилцуулж байна.

10. Интэр Милан – 2008.02.18
Анфилдад Копуудыг шуугиулсан энэхүү үдэш Рафа Бэнитэсийн цэргүүд Италийн грандуудын нэг болох Интэр Миланыг хүлээн авч тоглон Дирк Кяутын 85 дахь минутанд оруулсан гоолоор тэргүүлж явлаа. Түүнээс 3 минутын дараа багийн ахлагч Стивэн Жэррардын торгуулийн талбайн баруун өнцгөөс цохьсон цохилт хаалгачийн алсын буланд орсноор Копуудыг улам доргиосон юм.

9. Марсэль – 2008.09.16
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд Ливэрпүүл Францын Марсэль багийн Стад Вэлодром цэнгэлдэхэд зочлон очиж тоглосон энэ тоглолтонд Улаанудын ахлагч гайхалтай гоолуудынхаа нэгийг оруулсан юм. Дирк Кяутын дамжуулалтыг Стиви өрсөлдөгчийнхөө хаалганд итгэлтэй цохин оруулжээ.

8. Эвэртон – 2001.09.15
Гудисон паркд болсон Мэрсисайдын дэрбид Ливэрпүүлийн залуу тоглогч Стивэн Жэррардын цохилт хаалганы дээд буланд нисэн орж унаган Скаузэр хүү гоолын сэлэбрэйшнээ хийхээр Эвэртоны хөгжөөн дэмжигчдийн зүг хэлээ гарган гүйсээр гулган унасан юм…

7. Саутхэмптон  – 2001. 01.01
Энэ бол Улаануудын ирээдүйн домог болох залуухан тоглогчийн Копуудын өмнө оруулсан олон арван гайхалтай гоолуудын эхлэл байлаа. Айлын хагаст бөмбөгийг эзэмшингүүтээ хаалганы зүг довтлон 45 ярд орчим зайнаас түүний цохьсон хүчтэй цохилт Коп стэндийн өмнөх хаалганы торонд орж тэднийг суудлаас нь босгожээ.

6. Астон вилла – 2007.08.11
2007/08 оны улирлын нээлтийн тоглолтын цаг дуусах дөхөж тооны харьцаа тэнцүү явсан тэр үед Стиви айлын торгуулийн талбайн орчим хаалттай цохилт хийх эрхийг авч өөрөө цохилтыг гүйцэтгэн гайхалтай эргүүлэгтэй цохин хаалганы дээд буланд гоолдож багтаа 2:1-ээр хожил авчирч байв.

5. Манчэстэр юнайтэд – 2001.01.31
Хамгийн заналт ривал болох улаан чөтгөрүүдийг Анфилдад хүлээн авч тэдний хаалганд гоолдоно гэдэг Ливэрпүүлийн тоглогч болгоны нэгэн хүсэл мөрөөдөл байдаг болов уу… Робби Фаулэрийн талбайн голд Стивид өгсөн бөмбөгийг тэрээр туун орж хэний ч санаанд оромгүйгээр цохиж Фабьэн Бартэсийн хаалганд гоолдон Копуудыг галзууруулах шахаж байлаа.

4. Мидлсбро – 2005.04.30
Энэ гоол нь хэдийгээр цомын финалд ч  юмуу эсвэл шийдвэрлэх тоглолтонд ороогүй байж ч болох юм…Гэвч энэ бол Анфилдад Коп стэнд хэзээ нэгэн цагт харсан гайхалтай гоолуудын нэг байсан юм. Хаалганаас нэлээн хол зайтай бөмбөгийг цээжин дээрээ тогтоон газар унагалгүйгээр шууд гуядан оруулсан нь Копуудын сэтгэлийг үнэхээр хөдөлгөж чадсан билээ.

3. Олимпиакос – 2004.12.08
Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолтонд Улаанууд Олимпиакосыг 2 гоолын зөрүүтэй хожиж байж хэсгээсээ гарах байлаа. Тоглолтын эхэнд хаалгандаа гоол алдсан нь тэднийг тун хүнд байдалд оруулсан юм. Нэйл Мэллор, Синама Понголь нар тус тус гоолдон багтаа тэргүүлэл авчирсан ч хамгийн чухал ганцхан гоол оруулах дутуу байв. Тоглолтын цаг дуусах дөхөж сүүлийн хормууд өнгөрч байх үед багийн ахлагч Стивэн Жэррард бүх сэтгэл зүрхээ шингээн алсаас хүчтэй цохьсон нь хаалганы баруун доод буланд нисэн орж Анфилдад хамгийн гайхалтай мөчүүдийн нэгийг бэлэглэсэн билээ. Түүний энэхүү гоол Улаануудыг Истанбулын финалд хүрэх замыг нээсэн юм .

2. Вэст хэм – 2006.05.13 
Миллэнниүм цэнгэлдэх хүрээлэнд болсон ФА капын финалын хувь заяаг шийдсэн энэ гоолыг цөөнгүй Копууд хамгийн шилдэгт ч тооцогдох ёстой хэмээн үнэлдэг юм. Улаанууд тоглолтын эхнээс тооны харьцаа дутуу болж нэхсээр байсан бөгөөд тоглолтын үндсэн цаг дуусах гэж байхад хожигдож явжээ. Вэст хэмийн хөгжөөн дэмжигчид ялалтын баяраа тэмдэглээд эхлэх гэж байх тэр мөчид Стивигийн 45 ярдаас хийсэн сум шиг цохилт Шака Хислопын хаалганд нисэн орж тооны харьцааг тэнцүүлсэн билээ. Тоглолтын хувь заяа 11 метрийн цохилтоор шийдэгдэж Улаанууд бас нэгэн гайхалтай ялалтыг авчээ.

1. АС Милан – 2005.05.25
Истанбулын гайхамшигт хөтөлсөн гоол энэхүү жагсаалтыг өнгөлж байна. Стивэн Жэррардын Ливэрпүүл дэх замналдаа оруулсан олон арван гоолуудаас одоогоор энэ бол хамгийн ач холбогдолтой, маш чухал шийдвэрлэх гоол хэмээн тооцогдох болов уу… 0:3-аар хожигдож явсан Улаануудад ахлагчийнх нь толгойгоороо ухаалаг мөргөж оруулсан гоол, түүний дараах багийнхнаа сэргээсэн, уриалсан сэлэбрэйшн нөхдийг нь зоригжуулж энэхүү гайхамшгийг бүтээх эрч хүч, тэмүүллийг өгсөн бизээ. Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийг хийсэн Улаанууд 5 дахь удаагаа дэлдэн чихт цомыг өргөж Анфилддаа үүрд хадгалахаар болсонд Стивигийн энэхүү гоол замыг нь засч өгсөн билээ.

О.Амарсайхан

Эх сурвалж: http://liverpoolfc.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …