Үржүүлэх ухаан буюу үйлдвэрлэл

e299c351af5ae460606bf114a7164f6c89b96267УНАЛТАД ОРСНЫ ШАЛТГААН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ УМАРТСАНААС ҮҮДЭЛТЭЙ

Аж үйлдвэрээ хөгжүүлэх тухай илүү их ярих боллоо. Хэдхэн жилийн өмнө уул уурхай гэж шуурдаг байсан бол одоо эргээд үйлдвэрлэл ярьдаг болж байгаа нь сайшаалтай. Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологид суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно” гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Энд дурдсан бүх санаа маш чухал юм. Эдийн засгийг олон талтай болгох тухайд хэн ч эргэлзэхээ больсон. Аль болох л солонгоруулж, ашигт малтмалаас хамааралгүй орон болох нь өнөөдрийн амин зорилт. Бараг л үүний төлөө үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатайг ойлгосон байх гээд хэлчихэд хилсдэхгүй.

Тэгвэл үйлдвэрлэлээ дэмжихэд бас учиртай. Экспортын баримжаатай гэдэг бол тэргүүн шаардлага. Дотоод зах зээл маань жижиг. Тиймээс хэрвээ үйлдвэрлэл нь өндөр үр ашигтай байх ёстой гэж үзвэл гадаадын зах зээлтэй холбогддог байх шаардлагатай. Гэтэл гадаад зах зээл нь эргээд өндөр технологид суурилсан байхыг шаардаж таарна. Үндэсний үйлдвэрлэл гэхээр л бид нөгөө хэдэн ноолууран цамц, арьсан сувинер, эсгий таавчигаа гэж эндүүрдэг. Гэтэл дэлхийн зах зээлд технологиор бүтсэн илүү нарийн хэрэглээ зонхилж байна. Гар аргаар хийсэн эсгий таавчигийг маань үнэндээ гаднынхан тоохгүй. Шулуухан хэлэхэд, бидний үйлдвэрлэл тэртээ 1989 оны төвшнөөсөө ахиагүй байгаа билээ. Эцсийн бүтээгдэхүүн гэж хэчнээн ярьдаг атлаа бид арьс, түүхий эдээ ч бүрэн боловсруулах чадамж маань социализмын үеэсээ ч шал дордсон гэдгийг бүгд мэднэ. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1989 онд өнөөдрийнхөөс илүү байсан.
Монгол Улс 1930-аад онд аж үйлдвэрийн комбинат байгуулж байсан улс. 1950-аад онд хөдөө аж ахуйн хөдөлгөөн өрнүүлж, 1960 онд Дархан хотыг байгуулж, 1970 онд Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан хотыг босгож байлаа. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байсан 1980-аад онд монголчууд маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байж. Энэ үед томоохон 18 үйлдвэрт 13 мянган хүн ажиллаж жилдээ 500 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан сайн түүх бидэнд бий. Түүнчлэн орон нутагт тархсан мал эмнэлгийн сүлжээ, арьс ширний болон түүхий эд боловсруулах үйлдвэр, мах комбинат, сүүн завод, өлөн боловсруулах болон нэхмэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, ноос угаах үйлдвэр гэх мэтчилэн бүхий л салбар хүчээ аван язганаж байлаа. 1990 онд дотоодын түүхий эдээ бүрэн боловсруулж, жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэж байв. Үүний зэрэгцээ савхи боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргаж байжээ. Гэтэл сүүлийн 30 жилд үндэсний хэмжээний далайцтай бүтээн байгуулалт, үйлдвэр бараг бий болсонгүй. XX зууны их бүтээн байгуулалтаас уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг хуруу дарам цөөхөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр он жилд хөгжил зогссон гэж хэлэхгүй ч хүнд, хөнгөн үйлдвэрүүд бий болсон үзүүлэлт нь улс орны хөгжлийг илэрхийлдэг юм байна. Солонгос, Сингапур, Израйль, Катар зэрэг улсын хөгжлийг эсрэг жишээгээр нэрлэх биз. Тэд хэдэн зуун хүнд үйлдвэр бариагүй ч арав, хорьхон жилийн дотор үсрэнгүй хөгжсөн. Гэвч эдгээр орон орчин үеийн техник технологийн хөгжил, мэдээлэл, харилцааны боломжийг ашиглаж, хүнд бус хөнгөн үйлдвэрийг хэдэн зуугаар биш, хэдэн мянгаар нь барьж байгуулсан юм. Тиймээс Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбарт маш олон боломж бий. Тэдгээрээс өнөөдөр зөвхөн ноолуурын үйлдвэрлэл гэх боломжийг л ашиглаж чадаж байгаа нь нууц биш. Ноолуурын үйлдвэрлэл тогтворжиж, техник технологийн шинэчлэл хийн дэлхийд хүлээн зөвшөөрдөг боллоо. Ноолуурын зээлийн хөнгөлөлттэй нөхцөл, ноосны урамшуулал зэрэг нь үр дүнгээ өгсөн хэрэг. Тиймээс үйлдвэрлэлээ дахин сэргээхийн тулд төрөөс зохион байгуулалттайгаар дэмжих хэрэгтэй болсон байна.

ТӨРӨӨС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ?

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа баталдаг боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, бодлого тогтвортой биш байдгаас болж сэдэв нь мөнх боловч шийдэл нь цаг зуурынх байсаар өдий хүрчээ. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр төр засгаас өнгөрсөн хугацаанд ямар шийдвэрүүд гарч байсныг сөхье. “Ногоон хувьсгал”, “Сүү” зэрэг үндэсний хөтөлбөрийн зорилго ч үнэндээ үүнд чиглэж байсан. Эдгээр нь дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд бол амжилт олсон байдаг. Тухайлбал, “Ногоон хувьсгал”-ыг хоёр удаа хэрэгжүүлэхдээ төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн усалгаатай тариаланг хөгжүүлж, өрх, фермерийн аж ахуй болон жижиг хоршоод олноор бий болсон. “Сүү” хөтөлбөрийн үр дүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрөл, чанар дээшилсэн. Гэвч эдгээр нь эксортыг нэмэгдүүлж чадаагүй юм. Ер нь дотоодын хэрэгцээг хангахад чиглэсэн жижиг болон дунд үйлдвэрлэлийг төрийн зүгээс илүүтэй дэмжиж ирсэн дүр зураг харагддаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 28 төрлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ татвараас чөлөөлсөн. 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах шийдвэр гаргасан. Импортоор орж ирдэг мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, цэвэр зөгийн бал, цемент зэрэг бүтээгдэхүүний татварыг нэмсэн зэргийг нэрлэж болно.
Түүнчлэн 2012 оноос Хөдөлмөрийн яамны харьяанд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сан байгуулж, 2009 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг Улсын төсвөөс санхүүжилт олгож эхэлсэн. 2011-2013 онд энэ хүрээнд 72 тэрбум төгрөг хуваарилсан. Энэ нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан билээ. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй эдгээр бодлого нь Монголд хөгжил авчрахуйц, эсвэл эдийн засгийн өсөлт үзүүлэхүйц далайцтай ажил хараахан биш юм. Дэмжлэг үзүүлж буй үйлдвэрлэлүүд нь эдийн засгийн тэлэх, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлүүд биш учраас тэр л дээ. Тэгвэл гадаадын зах зээлийг онилсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр Монголын төр засаг хэрхэн ажиллаж ирсэн бэ. Дурдвал, 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбооны зах зээлд гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх боломжтой болсныг нэрлэж болно. Мөн Монгол Улсыг үйлдвэржүүлэх Засгийн газрын 299-р тогтоол гэгчийг баталсан. Энэ нь үйлдвэржилттэй холбоотой хамгийн том бодлогын баримт бичиг болсон юм. Улмаар Хөгжлийн банкны тухай хууль баталж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгохоор шийдсэн байдаг. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалт бүхий 888 төслийг Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банктай хамтран шалгаруулсан гэж дуулдав. Мөн Засгийн газар энэ жил үйлдвэржилтэд зориулж нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон. Үүнийг арилжааны банкуудаар дамжуулан таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй зээл олгохоос гадна, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх тухай сайхан мэдээ ч гарсан.
Нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч, бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Харин ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг төдийгүй нэгэнт авсан зээлээ төлөхөөс аргагүйд хүрдэг учраас үйлдвэрлэлээ өргөжүүлж амжилгүйгээр өрөө төлөх хугацаатай тулдаг байна. Тиймээс дээрх есөн хувийн хүүтэй зээлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирснээс хоёр нь хэт өндөр үнийн дүнтэй, 61 нь давхардсан байсан учраас эхний ээлжинд 1088 төсөл сонгон авсан байна. Үүнээс 131 экспортыг дэмжих, 757 нь импортыг орлох төсөл байсан бол, 200 нь зориулалт бус төсөл байжээ. Ингээд Хөгжлийн банкаар дамжуулан 77 төсөлд, үүнээс хүнд үйлдвэрийн 31 төсөлд хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг. Үйлдвэрлэл л улсыг хөгжүүлнэ гэдгийг төр засаг ойлгож, ухаарч эхэлжээ.

ОДОО ТЭГВЭЛ ЯМАР НӨӨЦ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА ВЭ?

Төрийн бодлого л дутагдаж байна гэж бид өнгөрсөн 26 жилийн турш үглэн дууллаа. Одоо дуулахаа болиод, боломжийн дуу хоолойг сонсоцгооё гэж уриалах цаг болж. Төр засгийн зүгээс үйлдвэрлэлийг дэмжих талаар бодитой бодлого, шийдвэрүүд гаргаад эхэллээ. Үйлдвэрлэгчдийн хүсдэг урт хугацаатай, бага хүүтэй зээлийн сураг ч дуулгах гэж хичээдэг боллоо. УИХ болон Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “21:100” үйлдвэржилтийн шинэ бодлого дэвшүүллээ. Энэ нь 2021 оноос өмнө 21 аймагтаа 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэрийн паркууд байгуулах санаачилга юм.
Зах зээлд шилжсэн үеэс хүнд үйлдвэрлэлийн буюу ашигт малтмалын болон уул уурхайн салбарыг дагнан шүтсэн байдлыг төрөөс халахыг хүсч байгаа аж. Тодруулбал, дээрх стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчилнэ гэжээ. Стратегийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ. Төмөр, зэс, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, кокс үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, зэс хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулна. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, шинжлэх ухаан технологийн парк, хүнд аж үйлдвэрийн цогцолборуудын инженерийн дэд бүтцийг цогцоор нь барих үйл ажиллагааг дэмжинэ. Төр ингэж амлаж байна. Уул уурхай гэж туйлшрахаа больсонд нь ядаж талархаад, цаашид улам их боломжийг үйлдвэрлэлийн салбарт нээхэд нь ташуур өгье. Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулахыг зорих, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж хэлж буй тэдний үг хуучин, магадгүй улиг. Гэвч гол ололт нь үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэсэн сэтгэл зүрхээ олж авсан явдал. Ийм урам зоригоо бид аль 1990 онд гээчихсэн байсан. Үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр сүйтгэж, зах зээл нэрээр хаалгыг нь барьсан. Түүнээс хойш үйлдвэрлэл бус, уул уурхай улс орныг минь чирсээр өнөөдрийг хүрлээ. Одоо хүч нь шавхагдаж байна. Тэгээд ч өнөөдөр нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг атлаа төсөвт үзүүлэх үр нөлөө нь дөнгөж 17 хувь байгаа аж. Дээр нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тогтмол буурах боллоо. Тэнд зэс, нүүрсний үнэ уруугаа хэлбийхэд энд Монголын эдийн засаг элгээрээ хэвтдэг болжээ. Үйлдвэрлэлийн баялаг бол уул уурхайг бодвол шавхагддаг бус, үрждэг, өсөн нэмэгддэг баялаг юм. Бидний жишээ авах дуртай АНУ-д хөдөлмөрийн чадвартай хүн амын талаас илүүг ажлын байраар хангаж буй 20 сая жижиг, дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Зарим сурах бичигт бичсэнээр жижиг фирмүүдийн 20 хувь нь ердөө 1000-5000 долларын хөрөнгөтэй гараагаа эхэлж, тэдгээрийн талаас илүү нь гурван жилийн дотор жилийн орлогоо нэг сая доллар болгон өсгөдөг. Үүнд л мөнөөх эдийн засгийн өсөлтийн нууц нь оршдог юм байна.

Д.ДАМДИНЖАВ

Эх сурвалж: ardiinerkh.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …