Сугалаагүй юм гэж үгүй болж. Ухаалаг хотын бас нэгэн хэлбэр байх л даа. Төрийн бүх үйлчилгээ сугалаагаар явагддаг болсон. Газар өмчлөх эрх, НӨАТ-ийн баримт авахад сугалаа, түрээсийн орон сууц сугалаа, орон сууцны сугалаа зэрэг төрийн үйлчилгээг азын шоогоор шийддэг болсон цаг үе. Энэ бүгдийн хажуугаар Монголдоо томоохонд тооцогдох бизнесийн компаниуд мөн сугалаагаар амар хялбар аргаар баяжуулах мэтийн рекламаар толгой “угаана”.
160 сая-ийн үнэ бүхий байр машин хожуулна, тэрбумын эзэн тодруулна гэх мэтээр сугалааны ард үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг өсгөх алтан боломж. Юмыг яаж мэдэх билээ гэх худалдан авагчид. Ихэнх сугалааны хонжвор авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа нөхөд яагаад тухайн компанийн нягтлангийн дүү, захирлын хамаатан, хамтран ажиллагч, ажилтан зэрэг ямар нэгэн холбоотой хүмүүс байдаг юм бэ? ШӨХТГ-аас уг нь үүнийг хянадаг боловч торгуулийн мөнгөө бэлдээд л хуулиа зөрчдөг байх жишээтэй. Хууль өөрөө хүчгүй байна л даа.
Хаашаа л харна сугалааны тухай зурагт хуудас, мэдээ мэдээлэл. Гэнэт баяжуулчих гээд байгаа ч юм шиг. Хувийн компаниудын маркетингийн төлөвлөгөө ёсоор сугалаа зарласан бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого маш өндөр гарах учиртай. Харин төр сугалаагаар шийддэг нь юу вэ? Шударга байх гэж үү. Гэхдээ сугалаа бол өнгөц төдий зүйл цаана нь сугалаанд ордоггүй мөртлөө сонгогддог бүтэн “сонгомол арми” бий. Сугалаанд оруулахгүйгээр “хонжворт” оруулая гэхэд бас “ханштай”. Иргэд нүүрэн дээрээ халаглаад өөрийгөө “азгүй” мэтээр бодоод өнгөрөвч цаана нь азыг хүчээр авагчид их байх аж.
Энэ бол хөшигний цаадах “тоглоом” болж. Энэ мэт сугалаа ч “худал болсон” нийгэмд өөр ямар төрлийн “хошгоруулалт” гарч ирэхийг мэдэхгүй юм. Аавыг хүүг алаг үздэггүй сугалаа чинь ёстой “том бизнес” байсан байна ш дээ.
Б.Саран