“Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр арвай тогтохын адил ховорхон хувь тавилан юм”. Хэн нэгэнд амархан олдоод заяагаад байдаггүй хувь тавилан.
Гэтэл сүүлийн үед арчаа муутай, амьдралын ухаангүй асар хариуцлагагүй аав ээжийн буруугаас болж нялх үрээ бусдад үрчлүүлэх, энд тэнд орхиж хаях, төөрүүлэх цаашлаад амь нас, эрүүл мэндийг нь хохироох гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, “Төрүүлсэн үрээ төөрүүлж хаялаа” гэх хэрэг цөөнгүй гардаг бол одоо “Хүүхэл үрчлүүлнэ” гэсэн зар сошиал ертөнцөд цөөнгүй гарах болов.
Ганц цахим хуудсанд гэлтгүй энд тэнд айлын хашааны өнцөг булан дээр хүртэл “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар мэр сэр харагдах юм билээ.
Хэдхэн хоногийн өмнө Дарь-Эхийн орчимд айлын хашааны өнцөг дээр том бор хатуу цаасан дээр “Бага сартай хүүхэд өргүүлнэ” гэсэн зар тавигдсан байв. Зарын дагуу утсаар нь залгаж асуутал “Хүүхдээ өргүүлсэн. Хөдөөний хүнд өргүүлсэн байгаа. Миний хүү сайн сайхан өсч торниж байвал болоо доо. Тэгээд ч зараа аваад хаячихсан байгаа биз дээ” хэмээн шингэн дуутай эмэгтэй яриад утсаа салгасан юм. Цааш нь илүү зүйлийг дэлгэрүүлэн асуухаар утас руу залгатал эрэгтэй хүн аваад “Яах гээд байгаа юм бэ, ямар ядаргаатай юм. Хүүхэд өргүүлэх эсэх нь бидний асуудал юм байгаа биз дээ” гээд уцаарлаад утсаа салгасан юм. Тэгвэл цахим хуудсанд дахин нэг ийм утгатай зар түгжээ.
Тодруулбал, “Эмэгтэй хүүхэд өргүүлнэ. 2016 оны гуравдугаар сарын 10-нд гарсан Одоо нэг сар хүрэх гэж байгаа” гэсэн зар твиттер хуудсанд тавигджээ. Зарын дагуу 809100.. гэсэн утас руу залгахад “Энэ зар хүчингүй болсон” гэв. Үүнээс ажихад охиныг бусдад үрчлүүлсэн бололтой. Мөн түүнчлэн өнгөрсөн онд ч “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зарыг зарын самбарт наасан байсан. Тодруулбал, “Есдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд үрчлүүлнэ. Утас……..“ гэх зарыг Сансарын автобусны буудлын зарын самбарт наасан байсан. Маргааш нь асуухад хүүхдийг үрчлүүлсэн байв. Чухам яагаад хүүхдээ үрчлүүлэх болсныг эхээс нь утсаар холбогдож тодруулахад “Амьдрал хэцүү байна. Хүүхдээ тэжээх чадваргүй”. Ттодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна гээд утсаа салгасан юмдаг. Түүгээр ч барахгүй 39 настай өрх толгойлсон эмэгтэй тав дахь хүүхдээ хэн гэдэг хүнд үрчлүүлсэн гэх мэдээлэл ч байсан юм. “Хүүхэд үрчлүүлнэ, өргүүлнэ” гэсэн зарын ард юу нуугдаж байна вэ гэж хардахаар. Ашиг хонжоо хайж хүүхдээ зарсан уу, аль эсвэл амьдралын эрхэнд орж аргагүй эрхээр алаг үрсээ айлд өгөөд байна уу гэдгийг бас бодолцож үзмээр ч юм шиг.
Гэхдээ “Хүүхэд үрчлүүлнэ” гэх зарын цаана хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй юм. Тухайлбал, хүүхдийг үрчилж авсан айл хэрхэн өсгөх, цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ, хүний наймааны золиос болохгүй гэх баталгаа алга. Монголд хүүхэд үрчлэлийг зохицуулах хууль байдаг. Хуулийнхаа хүрээнд үрчлүүлэх нь иргэн хүний эрхийн асуудал. Гэтэл яагаад зар тавьж хүүхдээ үрчлүүлэх болов.
“Зарсан байж болзошгүй” гэх үг анхаарлыг минь татаж байсныг нуух юун. Ийм төрлийн гэмт хэргийг шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Гомдол ирээгүй учраас шалгадаггүй юм” гэх хариултыг өгсөн юм. Яах аргагүй, эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед төрүүлсэн нялх үрээ зар тавиад хэнэг ч үгүй хэн нэгэнд үрчлүүлэх нь хүний амьдралын ёсноос гажсан үзэгдэл мэт харагдах ч нөгөө талаар үнэхээр амьдрал хэцүү байхад үр хүүхдээ өсгөж чадахгүй, өлсгөж цангаавал яалтай билээ. Гачлант амьдрал дунд тартаг тарчигхан өсгөж байхын оронд өнгөтэй өөдтэй айлд нь өргүүлчих хэрэгтэй дээ гэх бодолтой хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тиймээс хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа эхчүүдийн хувьд арван сар тээж төрүүлсэн үрээ, өсгөж чадахгүй гэсэн шалтгаанаар айлд өргүүлж, төрөл удмаасаа төөрүүлж орхих нь хэр вэ гэдгийг хэн хүнгүй тунгааж нэг бодож үзээрэй.
Эх сурвалж: Zaluu.com