Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авъяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжиж байгаа. Монгол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндсэний хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилготой уг хөтөлбөр алслагдсан хороонд ч амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Л.Хулан эрхлэгчтэй 217-р цэцэрлэг юм. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр цэцэрлэгийн багш ажилчид “Ном” хөтөлбөрийн хүрээнд гарын доорхи материал ашиглан хүүхдэд өдөр тутам тоглох тоглоом хийсэн нь анхаарал татаж байлаа. Эдгээр тоглоомоор дамжуулан хүүхдүүдийн хэл яриа, сэтгэхүй, дүрслэн урлах чадвар, гарын жижиг булчин болон танин мэдэхүйг хөгжүүлж улмаар талархах, тусч, шударга, эмх цэгцтэй, нийтэч амьдрах ур ухааны хэм хэмжээг эзэмшиж, өөртөө итгэх итгэлтэй, асуудлыг шийдвэрлэдэг иргэн болоход нь бэлтгэж байгаа тухайгаа цэцэрлэгийн эрхлэгч ярьсан юм. Мөн “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн багачууд юу сурч мэдсэнээ эцэг эхдээ тайлагналаа.