Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжит газрууд маш цөөхөн. Нэг бол уушийн газар эсвэл тоглоом наадгай. Бие бялдарйн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит газар бол спорт заал. Эрэгтэй хүн өдөр бүр хөлсөө гаргавал бэлгийн сулралд ордоггүй гэлцдэг.
Тэгвэл эр эм гэлтгүй зааланд тоглож “хөдөлгөөнтэй” байх гэсэн залууст энэ тэндэхийн заал “үнэтэйдээд” байна. Жишээ нь: Ерөнхий боловсролын сургуулийн спорт заал л гэхэд хичээлгүй байх үедээ цагийн 25 000-40 000 төгрөгийн үнэ хүрдэг байна. 5-6 хүн нийлээд заал авлаа гэхэд 4000-6500 төгрөг нийлүүлэн ганцхан цаг бөмбөг “хөөнө” гэсэн үг. Ганцхан цагт ийм хэмжээний мөнгө зарцуулаад ханахгүй. Дор хаяж 2-4 цаг тоглоно. Ингэхээр ихээхэн хэмжээний мөнгөөр нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
Нөгөө талаас сургууль хамгийн оройдоо 18 цаг хүртэл спорт заал хичээлтэй байлаа гэж тооцоолбол 21 цаг хүртэл заалаа түрээслэхэд 3 цаг Х 25 000 төгрөг= 75 000 төгрөгийн өдөр тутмын орлоготой. Амралтын нэг өдөр нь бүтэн түрээслэхэд ажлын 8 цаг Х 25 000= 200 000 төгрөг болно. Энэ бол хамгийн бага ханшаар бодсон ханш. Нэг ерөнхий боловсролын сургууль сард ажлын 22 хоног заалаа илүү цагаараа түрээслэлээ гэхэд 1 650 000 төгрөг хамгийн багадаа олно.
Тэгээд сургууль төсөв мөнгөгүй, сурагчиддаа зарцуулах мөнгө санхүүгүй гэж ихээхэн “гомдоллоно”. Багш нартаа өгөх нийгмийн халамжинд нь зарцуулах гэхээр л мөнгөгүй мэтээр “ам уралдана”. Энэ бол хамгийн багадаа олж байгаа “ашиг”. Мөн нэмээд багш бүр сонгон хичээллүүлнэ, бага ч болов цагаа үнэлнэ, олимпиадад хүүхэд бэлтгэнэ бас л мөнгө, анги засвар, багшийн зэрэг цолны нэмэгдэл гээд сурагчдаас татах мөнгө “дүр дүрээрээ” өөрчлөгдөн эцэг эхчүүдийг дарамтлана. Хичээлийн 9 сар Х 1 650 000 = 14 850 000 төгрөг болно.
Нийт Улаанбаатарт хичнээн Ерөнхий боловсролын сургууль байгаа бол. Дээр нь спорт заал хэлбэрээр түрээслэдэг хэдэн газар байгааг мэдэхгүй юм. Ямартай ч энэ мөнгө биеийн тамирын багшийн орлого болдог уу сургуулийн захиргаанд очдог уу?
Б.Саран