“Женкодож”, “мүүндэж” байхынхаа оронд “улаан бурхандмаар байна”

c742399588abdf941cedcf0b9d4cedb7

Хүүхэд ахиад ханиад хүрчээ. Хотод ирэхээр, цэцэрлэгтээ явахаар 7 хонов уу гүй юу ханиад зооглочихно. Тэр тоолонд нь ажлаасаа чөлөө авах хэцүү. Арайхийж цэцэрлэгийн цагаас нь амжиж, өрхийн эмчдээ үзүүлчихээд ирэхэд аль хэдийн ажлаасаа цаг орчим хоцорчээ. Уул нь нус гоожих мэтийг өөрөө л дарчихдаг юм. Гэвч өнөө хэлэхээс халшрам хэцүү нэрт өвчнөөс хэн хүнгүй л айцгааж байна. Өрхийн эмнэлэг орлоо. Ханиалгасан, нус нь гоожсон, халуурсан баахан хүүхэд. Манай хүүхдээс өөр амны хаалт зүүсэн хүүхэд ч алга, том хүн ч алга. Амьсгалын замаар халддаг өвчин гээд байдаг. Яамаар ч юмбэдээ.

Ажил төрөл, ахуй амьдралдаа дарагдаад хаа нэг сошиал медиагаар харагдах энэ өвчний талаарх сэрэмжлүүлгийг хайхарсангүй. Хүүхэдтэй болохоор өөрсдийгөө хүний тооноос хасчихдаг зангаар “за түрүү хавар вакцин хийлгэсэн юм чинь гайгүй биз дээ” гэсэншүү юм бодосгээд л өнгөрөв. Мэдээ харах нь ээ, том, жижиггүй л тусацгааж байгаа бололтой. Тэгсэн ч тэрхэн үедээ сэтгэл эвгүйрхчихээд мартагначихна. Аа гэтэл, найзын хүүхэд улаан бурхантаад, ХӨСҮТ-д хэвтэж байгаа тухай бичихэд нь л өөртөө хамаатуулж сая нэг мэдрэх шиг.

 ulaan2

Иргэдийн ихэнх нь л ийм байгаа байх. Өөрийнх нь хүүхэд өвдөөгүй бол боллоо, бусад нь ч яамай. Угаасаа ч эдийн засгийн хямрал гээч нь нуруун дээр бодитоор дарчихаад, өндийх ч сэхээ алга аа.

Нөгөө талдаа улаанбурханаас болж хэдэн ээж, аавууд л шаналаад, сошиал медиад бичээд байгаагаас биш тренд сэдэв биш нь зурагт асаахад мэдэгдэнэ. Женког баривчлах нь гэсэн сэдвийн доор 2 өөр шударга ёс ярьж талцах, нөгөө бол сонгуулийн хууль, орон сууцны зээл, АСЕМ гэх мэт улаанбурханаас бусдад улс төрчид маань санаа зовоостой. Сэдэв бүрт маргалдаж, гаргалгаа хийж суудаг хүмүүсийн оюуны царааг л “бишрэх” юм дөө. Дандаа том, том шуугиан, үнэндээ тэр бүрийд оролцъё гээд оюуны бяд хүрэхгүй, бяд байгаад ч зав алга. Гэвч энэ улс оронд эгэл жирийн иргэдийн эрх ашиг нь хаахнаа яваа юмбэдээ?

Улаанбурханы дэгдэлт. Энэ бол шинэ сэдэв ч биш, шийдэх ёстой ганц асуудал ч биш. Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхсөн талаар олон жил л ярьж байна. Эдгэшгүй хүнд өвчинг эндээ эмчилж чадахгүй байгаа нь ч яахав, ойлгож болох зүйл. Гэтэл зүгээр нэг улаан бурхан, салхин цэцгээ дарчихаж чадахгүй, өчнөөн нялх амь гарздахыг ойлгож чадамгүй. Үрээ алдсан хүний хувьд өөрийгөө уучлахад үнэхээр хэцүүгээс хэцүү “жижигхэн өвчин”. Жижигхэн гээд байгаагийн шалтгаан нь хэдийгээр вирус нь бүрэн устаагүй ч урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой болохоор л тэр.

Энэ бол зөвхөн нэг тал нь. Хайрцаг шүдэнзнээс нэгийг нь л гаргаж ирээд асааж буй төдий. Цаана нь өчнөөн хайрцаг шүдэнз бий. Мэдэж буй хамгийн ойрын сэдвээ ярихад л энэ улсад жирэмслэх, хүүхэд төрүүлэх, өсгөх, амаргүй даваа. Жирэмсний хяналтдаа ороход шаардах анхны шинжилгээг өгөхийн тулд үүрийн 5 цагт дүүргийн эмнэлэгтээ оочерлох шаардлага энүүхэнд. Цаашлаад цэцэрлэг, сургуульд оруулах гэж цусгүй дайн. Сонгууль, АСЕМ, Женко, Энхбаяр, Элбэгдорж, Монгол тулгатан, Анужин, уул уурхай, оффшор данс мэтийн том асуудлын хажууд өчүүхнээс өчүүхэн сэдэв болсон хөөрхий бидний болоод бидний үр хүүхдийн эрүүл мэндээ гэж. Тэдний хувьд ийм “өчүүхэн сэдэв” болохоор л байдал ийм байгаа юм.

Иргэд төв талбай дээр цуглаж, улаанбурхнаар бурхан болсон хүмүүсийн дурсгалд лаа өргөх юм гэнэ. Зарим нь ХӨСҮТ-д шаардлагатай аппаратыг авч өгөх хандив цуглуулъя гэнэ. Оны өмнөхөн 1000 төгрөг цуглуулж байгаад, Гэмтлийн эмнэлэгт бас нэг аппарат аваад өгчих нь билээ. Цөөнгүй хүүхдийг гадаадад эмчлүүлэх зардлыг босгочихсон. Гэвч хэдий болтол урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж, төрийн үүргийгөөрсдийнхөө цөөхөн хэдэн төгрөгөөр биелүүлж өгөх вэ? Гэмтлийн эмнэлэгт аппарат авч өгөхийн оронд, УИХ-аас, ЗГ-аас шаардах ёстой байсан юм. Далдайсан хэдэн гишүүд тэр аянд мөнгө хандивлаж шоудаад байсан. Ичиж үхмээр. Зүй нь ЭМЯ-ны төсвийг нэмэхээр хуралдаж суух ёстой. Энэ зуурт нь мөнгө цуглуулахуйц шимшрэм түүхгүй хэсэг нь золионд гарлаа. Төр ч тоодоггүй, сайхан сэтгэлтнүүд ч тоодоггүй. Тоогдохын тулд бусдаасаа өрсөж “өр өвдөм, шимшрэм түүх, зураг” сошиал сүлжээнд оруулахаар уралдаж байна…

Төрийн хариуцлага ярихаар өөдөөс УИХ-ын эмэгтэй гишүүдийг энэ асуудалд анхаарсангүй гэж шүүмжлэх биз. Яахаараа 76 гишүүн, салбарын яам байсаар атал цохолж хэдэн эмэгтэйг нь шүүгээд байгаа юм?. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол чинь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус бүгдийнх нь асуудал. Ингээд байвал цаадуул чинь “эмэгтэй гишүүд тоохгүй байсан шд” гэж өнөө хэд рүү буруугаа чихнэ дээ.

Сонгууль юу юугүй хаяанд ирлээ. Эхнээсээ “мөрөөдлийн жагсаалт”-аар мөрийн хөтөлбөрөө хийчихээд, гэрт орж 00 угааж өгөхөөс наагуур юм болох биз. Сонгуулийг боломж гэж хараад, энэ эрүүл мэндийн салбарыг, цаашлаад боловсрол, нийгмийн хамгааллыг анхаарсан, хэрэгжиж болмоор хөтөлбөртэй нэр дэвшигчдийг сонгомоор байна. Намуудыг ч бодлогоо энэ салбарт анхаарал өгч боловсруулахыг шаардмаар байна. Тэгэхгүй бол, байдал энэ хэвээрээ байвал удахгүй бид хавдар төдийгүй энгийн нэг товлолтвакцинаа хийлгэх, ханиадаа оношлуулахын тулд гадаадыг зорих хэрэгцээтэй болж, сошиал медиагаар мөнгө гуйх нь ээ. Энэ өвчний дэгдэлтийн ид үед нь, одоо л “женкодож”, “мүүндэж” байхынхаа оронд “улаан бурхандмаар байна” Угаасаа энэ салбар чинь улаан гэрлээ асаагаад удаж байна аа.

Хуульч, судлаач Ч.Бат-Уянга

Эх сурвалж: Zaluu.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …