Ази, Европийн парламентийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 21-23-нд манай улсад болох гэж байгаатай холбогдуулан энэ сарын 21-нд буюу пүрэв гарагт тэгш тоогоор төгссөн, 22-нд буюу баасан гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оруулахаар болсон.
Харин нэмэлтээр, Таван шараас Офицеруудын ордон хүртэлх зам, Төв аймгийн пост хүртэл буюу Их тэнгэрийн амнаас Зайсангийн арын зам цаашлаад “Чингис хаан” нисэх буудал хүртэлх замыг хязгаарласан бүсэд оруулжээ. Өөрөөр хэлбэл, дээрх замаар тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн цифрээр зөвшөөрөгдсөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
Энэ нь зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хамаарахгүй аж.
Мөн тус өдрүүдэд замын хөдөлгөөний А зэрэглэлийн хамгаалалт гаргах аж. Тодруулбал, “Чойжин ламын музей”, “Говь” үйлдвэр, Төрийн ордны баруун, зүүн замын автомашин, явган хүний хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. Түүнчлэн 10 тонноос дээш жинтэй хүнд даацын машиныг дээрх өдрүүдэд 06.00-22.00 цагийн хооронд хотын зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг нь түр хориглох юм байна.
эх сурвалж: zaluu.com