Монгол хүн хориодхон жилийн өмнө өлсдөггүй байлаа. Хавтгайрсан ядуурал гээчийг мэдэхгүй амьдарч ирсэн түүхтэй. Бидэнд мал маллах ухаан цусан минь шингээстэй байгаа.
Малаа маллаад амьдрах нь эрүүл мэндэд нэн тустайгаас гадна байгаль эхтэйгээ ойр байх үндэс юм. “Мал маллаж байгаагүй үзээгүй” гэж та бодож болох юм. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг шиг” уужим Монголынхоо талд тааваараа амьдрах сайхан.
Одоо хөдөө амьдарч байгаа хүнийг улсын хэмжээнд ихээхэн харж үзэх болж. Жилийн 10 хувийн хүүтэй зээлэнд хамруулж, мал махыг нь гар дээрээс худалдан авч, тэтгэвэрт хүнд нөхцлөөр гаргах тухай хэлэлцэх гэх мэтээр олон олон зүйлийг анхааран ажиллаж байна. Тиймээс их бага нь хамаагүй мал маллаж байвал эрүүл хүнс, эрүүл агаар, эрүүл орчинд ажлын байртайгаар амьдраад байх боломж бидэнд бий.
Улаанбаатар хотод суугаад Дэлхийн дайтай бүтээл туйрвал хийж чадахгүй л бол хөдөө гарсан нь дээр болж. Үр хүүхдээ эрүүл өсгөх боломж бидэнд бий. Гэтэл бүгд нэг хотдоо “шавж” эрүүл бус орчинд амьдарч хоорондоо муудалцан өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь харамсалтай. Бид идэх махаа маш үнэтэйгээр авч өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бидний үеэр дуусч хүүхдүүдийн маань эринд элбэг хангалуун нийгэмд амьдрах замыг бид засч үлдээх учиртай.
Тиймээс одоо л амьдрах зөв гарцаа олохгүй бол хүүхдүүдийг маань ч гэсэн бидний араас бохирдсон нийгэм хүлээж байна. Бид Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 17-т ордог, гуравхан сая хүнтэй хэрнээ нэг хотод ”бөөгнөрөн” амьдарч байгаа нь харамсалтай. Монгол улсад нийт 823 412 өрх бүртгэлтэй байгаа. Үүний 600 гаран мянган өрх зөвхөн Улаанбаатар хотод амьдарч байгаа гэхээр хамгийн хачирхалтай. Улаанбаатар хот хүнээ багтааж “дийлэхгүй” болохоор ажлын байрны хомсдолд орох нь энүүхэнд үзэгдэл.
Машин хүн хоёр нь “мал шиг бэлчсэн” энэ бохир нийслэлд ”өшиглөх лааз ч үгүй” байхаар хөдөө тал нутагтаа малаа маллаж төрийнхөө хайрыг хүртэн амьдарвал яасан юм бэ?
Мөн орчин үеийн эрчимжсэн фермерийн /тахиа, гахай, галуу гэх мэт/ аж ахуйг мал аж ахуйтайгаа хослуулан, газар тариалантай хамтран авч явбал мөнгө өөрөө танд “гүйж” ирэх байх даа.
Б.Саран