НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ хотын хамгийн их төвлөрөл ихтэй байршлуудыг сонгон автомашингүй гудамж болгохоор төлөвлөөд байсан бөгөөд 4 байршилд төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон. Тиймээс энэхүү төсөл хэрэгжих Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарди орчим, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчмын газрын тодорхой хэсгийг төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөсөн байна.