Зах замбараагүй баригдсан байшингийн “овоолго” болон хөгжсөн манай нийслэл ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Овоолон дээш нь давхарладаг нь газар нутаггүй, “шавааралдан” амьдарагч орны “зан” биз. Манай улсад газар байна, хэдхэн хүн амтай, таатай нөхцөлтэй байхад юун биднийг дээш “овоолно” вэ? Хотоо төлөвлөж мэдэхгүй, газраа ашиглаж мэдэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийн “лай” юу.
Хэрэв газар хөдөлбөл манайд өндөрлөн барьсан барилгууд бүгд нуран унана. Бие биенээ даран унах барилгаас амьд үлдэх хүн ховор болох байх. Бид хаширч байж ойлгох хүмүүс шиг. Наймаас дээш давхарт амьдрагч иргэн та газар хөдөлбөл гарч амжих болов уу. Мэдээж цахилгаан шатанд сууж болохгүй шүү дээ. Газар одоо хөдөллөө гээд хэлэхгүй, тэгэхээр таныг унтаж байхад, усанд орж байхад хөдөлбөл яах уу, мөн хөгшин хүн, хүүхдийг тооцоолох хэрэгтэй.
Эх зах нь мэдэгдэхгүй хоорондоо “зүү” орох зайгүй баригдсан барилгаас гадаа явж байгаа иргэд хүртэл амь мултархад хүндрэлтэй. Ингээд өнөөдөр газар хөдөлвөл бид бүгд “бурхандаа залрах” нь байна. “Муу амлаж” байна гэж та ойлгож байгаа байх гэхдээ энэ үнэн. Манай барилгынхан мөнгөний араас “улайран” хөрсний даац, бүтэц, газрын онцлогийн шинжилгээ хийдэггүй.
Түүнийг нь төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага ч хийдэггүй. Орос ах нараас үлдсэн хэдхэн төрлийн хуучны аргаараа л үзнэ. Энэ нь 30 жилийн дараах Дэлхийн аргачилалтай харьцуулах ч зүйл биш. Бараг л нүдэн “оношлогоо”. Харин бидэнд хөгжлийн өөр гарц байна.
Хувийн хаусыг баримаар байна. Айл өрх бүрийн өөрийнх нь сонголтоор 100 хүрэхгүй сая төгрөгөөр, нэг их олон жилийн лизингийн дарамтгүйгээр, хүссэн хэмжээгээрээ хийлгэх боломж бидэнд байна. Гэтэл “талаар нэг бэлчин” бариулахгүй гэсэн санаатай мэт “овоолго” үүсгэнэ. Үнэндээ “овоол”-гийг үнэтэй зарж байна шүү дээ. Дөрвөн ханыг л 70-80 сая төгрөгөөр худалдан авч сар бүр байрны болон үйлчилгээний хөлсөндөө 50 000 орчим төгрөг төлж байна. Үүн дээрээ сар бүрийн лизингээ нэмнэ.
Ингээд 10-15 жилийн дараа байр таны нэрэнд шилжих ч хуучирсан барилгын тоонд аль хэдийнээ “нэрлэгдсэн” байна. Юун үр хүүхэддээ байраа өвлүүлэн үлдээх. Тэр үед байр нь хуучирсан /одоо л эхнээсээ чанараа таниулж байгаа/, барьсан компани нь дампуурсан, элэгдэж муудсан, зах замбараагүй хөгжлийн “гай” мэт болсон байна. Монгол дугуй цагаан гэрээ шууд хаус болгон шилжүүлэх арга бидэнд бий. Одоо эхний шат нь Гандангийн дэнжийн айлуудад “хаус хороолол” барьж өгөх хэрэгтэй.
Тэнд өндөр барилга барьвал хотын төвийн агаарын урсгал хаагдан нарны гүүр дагуух /урд/ айлууд мөнхийн “арьс ширний үнэртэйгээ” үлдэнэ. Мөн цэвэрлэх байгууламж баруунаасаа “ханхална”. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа 19-р хороолол, Үйлдвэр комбинат, Зайсан, Мишээл экспо хавийн айлууд үгүй болж /нүүж/ “эзэнгүйрсэн” “өмхий” дүүрэг болон үлдэнэ. Тиймээс Гандангийн дэнж болон зурагт хавийн айлуудыг “Баячуудын хаус” хороолол загвартай дундчуудын амьдралд тааруулан барих хэрэгтэй. Ашиглалтын зардал “овоолго” босгосоноосоо үнэтэй тусдаг гэх юм билээ. Энэ нь халаалт болон цэвэр бохирын хоолой, цахилгаан станц зэргийн зардал юм. Үнэндээ дэд станцаар шийдэн хийгдэж болох л ажил. Тасганы овоог “Зааны хошуу” уул хэмээн нэрийддэг байсан түүхтэй.
Зааны хошуу уулыг сэтлэн Баянбүрдээс хороолол орох замыг тавьснаасаа болон агаарын урсгалыг нь өөрчилсөн гэх учир мэдэх ахмадууд ярьх юм билээ. Бид уул л байвал ухаж “ төнхиж” байхаар амьдрах байшингийнхаа сонголтыг зөв хийж нэгдсэн системд холбон Хаус хорооллыг бий болгож болно. Ингэвэл агаарын урсгалыг буруу эргүүллээ, хөрс бохирдлоо, газар хөдөлбөл яана гэх мэтийн айдсаас хол сайхан амьдрах боломж байна. Мөн өөрийн байшингаа үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх жинхэнэ “голомт” тань болон үлдэнэ. Хаус дотроо 4-8 айлыг багтаасан тал талруу харсан байж болдог.
Эсвэл дан ганц айлийнх ч байж болно. Барилгын компаниуд асар их мөнгийг овоолж өндөрлөсөн шаварт зориулж байхаар аль болох байгалийн гаралтай орчин үеийн технологиор зөв цэгцтэй барилга барьмаар байна. Бид чинь цусандаа тал нутгийн амьдралыг “шингээсэн” удам судрын үргэлжлэл шүү дээ.
Б.Саран