Монгол улсын арслан Гялдангийн Цоодол
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Улсын арслан Г.Цоодол 1916 онд мэндэлжээ. Ардын төрийн наадамд Өвөрхангай аймгаас Улсын арслан О.Аюур, Ц.Банди нарыг залгамжлан гарч ирсэн бөхчүүд бол Г.Цоодол, С.Самданжигмэд нар юм. Г.Цоодол анх нутгийн бөх “Арвайхээрийн” хэмээх Ц.Аюур арслангаар бөхийн эрдэм заалгасан ГЭДЭГ. Тэрээр 1933 онд аймгийнхаа наадамд Ц.Банди арслантай 3-н даваанд таарч барилдан өвдөг шороодсон байна. Тэр барилдааны дараа Ц.Банди арслан ирээдүйн хүчит арсланг ихэд магтаж байжээ. Халхын мундаг бөхөөс урмын үг сонссон Г.Цоодол 1937 оноос эхлэн Төрийн наадмын оноо дансанд нэрээ бүртгүүлж эхэлжээ. Гэвч түүнд Төрийн наадмын дэвжээ хатуу байдаг шүү гэдгийг хэдэнтээ амсуулсан байна. 1937, 1938 онуудад 3-н даваанд, 1940 онд 4-н даваанд тус тус өвдөг шороодсон байна.
Харин 1944 оны Улсын баяр наадамд 512 бөх зодоглоход Архангай аймгийн харьяат “Ерөнхийн” хэмээх Д.Самбуугаар 7 давж улсын заан цол хүртэж байжээ. Мөн оны Улсын наадамд заан цол хүртээд их шөвөгт хожмын аварга Ц.Чимэд-Очирт өвдөг шороодсон. Улмаар 1947 онд 8 давж үзүүр, 1948 онд мөн 8 давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн. Г.Цоодол арслан Улсын наадамд 2 удаа үзүүрлэхдээ хоюуланд нь Ш.Батсуурь аваргад өвдөг шороодсон байдаг.
- 1944 онд 7 давж улсын заан
- 1945 онд 7 давсан
- 1947 онд 8 давж үзүүрлэсэн
- 1948 онд 8 давж үзүүрлэн улсын арслан
- 1950 онд 6 давсан
- 1951 онд 5 давсан
- 1952 онд 7 давсан
- 1954 онд 7 давсан
- 1955 онд 6 давсан
- 1956 онд 7 давсан
- 1958 онд 5 давсан
Г.Цоодол арслан өндөр гуалиг биетэй байсан бөгөөд тухайн үеийн Ардын Армийн жолооч байжээ. Олон олон цэргийн дарга нарын жолооч хийдэг байсан гэдэг.
Эх сурвалж: Ssport.mn