Нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, С.Баасандолгор, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун болон бусад албаны хүмүүс, багш, эцэг эхчүүд оролцлоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажлыг “Цогчин констракшн” ХХК 2.9 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна.
135 дугаар бага сургууль нь 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай 5 бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гал тогооны тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэл, тоглоом зэргийг бүрдүүлэхэд БСШУЯ-аас 40.6 сая төгрөг, Хан-Уул дүүргийн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 37.2 сая төгрөг, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэг, төсөл хөтөлбөрөөс 16.6 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн байна.
Дүүргийн 10 дугаар хорооны Морингийн хэсэгт өмнө нь гэр цэцэрлэг ажиллаж 30 хүүхэд хүлээн авч байсан бөгөөд бага ангийн хүүхдүүд 4 орчим км явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг юм. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ ойр сургуульд хамрагдах боломжтой боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг: 2016 он гарснаас хойш анхны бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор нээлтээ хийж байна. 10 дугаар хорооны хүүхдүүд өмнө нь Нисэх рүү 3-4 км газар явж сургууль, цэцэрлэгтээ очдог байсан. Өнөөдөр гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болж байна. Морингийн даваанд байгаа цэцэрлэгийн насны болон 1-5 дугаар ангийн бүх хүүхдүүд энэ цэцэрлэгтээ хамрагдаж байгаа. Удахгүй Өлзийт хороололд дахин нэг сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орно.
Ер нь бага сургуулийг ахлах сургуулиас салгах бодлогыг Нийслэлээс барьж байгаа. Нэг сургуульд бага ангиас ахлах анги хүртэл байхаар бие засах газраас эхлээд асуудал гардаг. Мөн бие биедээ сөрөг нөлөө үзүүлэх талтай гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.