2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан НМХГ-ын Төв лабораториос “Хиам, хиаман бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагын дотоодын хяналтын лабораторийн чадамжийг сайжруулах зорилгоор дотоод хяналтын лабораторийн шинжээч, үйлдвэрийн технологич нарт сургалтыг зохион байгуулжээ.
Монгол Улсын хэмжээнд хиам хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэлд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг /Е249 Е240/ өргөнөөр хэрэглэж байна.
Нитритийн давс хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул хэрэглээг хязгаарлаж, бүтээгдэхүүнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар хуульчлан тогтоож, хатуу хяналт тавьдаг байна.
Нитрит нь үр хөврөлд хоруу нөлөө үзүүлдэг аж.
Хоногт зөвшөөрөгдөх дээд хэмжээ биеийн жингийн 1 кг тутамд нитрит 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой.
Нитритийн давсыг хүнсний давстай андуурч хэрэглэх тохиолдол гардаг тул нитритийн давсыг бусад хүнснээс сайтар тусгаарлаж, зөв хадгалах шаардлагатай юм.
ЗӨВЛӨГӨӨ
Нитритийн ноцтой хордлогын үед илрэх шинж тэмдэг
- Даралт огцом унаж, пульс сул, жигд биш болж, гар хөл хөрч, амьсгаа түргэснэ.
- Толгой өвдөх, чих дүнгэнэх, бие сулрах, нүүрний булчин татвалзах шинж тэмдэг илрэхээс гадна ухаан алдаж ч болно
- Ихээр хөлрөх, арьс хөхрөх, амьсгаадах, толгой эргэх зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна бие организмд А, Е, С, В1, В6 аминдэмүүд багасдаг.
- Улмаар янз бүрийн сөрөг үйлчлэл, түүний дотор хорт хавдрын хүчин зүйлд тэсвэрлэх организмын чадвар буурдаг ажээ.
Эх сурвалж: НМХГ