Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.