1989 оны ардчилсан хувьсгал эхлүүлэгчид өдгөө төрд том албан тушаал хашиж буй. Харин тэдэнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан, ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг, “Малыш” хэмээх Б.Энхтүвшин хаана, юу хийж байгаа гээч. Тэр одоо ч “хувьсгал” хийсээр яваа. Гэхдээ улс төрд биш, боловсролын салбарт. Монголд SAT (Subied test)-д бэлтгэж буй талаар дуулаад, өнгөрсөн жил “Хөгжлийг инженерчлэгч” клубийн хүүхдүүдтэй уулзсан юм.
Ямар арга барилаар, юу заадгийг нь сонирхоход тус клуб 18 сарын сургалтдаа 15 настай сурагчдыг элсүүлж, арванхоёрдугаар анги төгсөх жил нь гадаад руу сургахаар явуулдаг байв. Ерөнхий эрдмийн хичээлүүдийг нь 11 дүгээр ангид нь шахаад заачихдаг тул төгсөх ангидаа тэд зөвхөн TOFEL, IELTS, SAT-д л бэлддэг аж.
15-тай гэхэд бүгдийнх нь сэтгэлгээ “задарчихсан”, яг л томчууд шиг ярьж байсныг хараад багштай нь уулзахад доктор Б.Энхтүвшин (“Малыш”) угтсан. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил боловсролын салбарт, тэр дундаа хүүхдүүдийг цоо шинэ арга барилаар сурган, хөгжүүлж байгаа юм билээ. Түүнтэй улс төрийн талаар ч яриад амжив.
-SAT-ын шалгалт өгөгсдийг зөвхөн Америкт л бэлддэг гэж дуулсан. Та яаж яваад боловсролын салбарт ажиллах болов?
-Нэг мэдсэн 12 жил болчихож. Анх хүүхдүүдэд TOFEL зааж байхад амжилтад хүрнэ гэж нэг их найдаагүй. Дараахан нь Боловсролын хүрээлэнгийн докторууд “Хүүхдүүдэд англиар эсээ бичүүлж сургаач” гэж надаас хүссэн. Учир нь нөгөө мундаг шалгалтуудыг өгөхөд эсээ заавал бичүүлдэг. Тэр нь тийм ч амар биш санагдав. Эртний судар бичгүүдэд хуул, товчил, эш тат, холбо гэсэн байдаг. Хүүхдүүдийг эсээ бичүүлэх чадварт сургах эхний техник маань энэ байсан. Бүх сургалт бенч маркаас бүтдэг шүү дээ. Монголоор үүнийг арга зүй, учир зүй, хятадууд техник ба урлаг гэж томъёолдог. Эхлээд бичих, сэтгэхийг заана.
Тэд TOFEL гэж юу болохыг ч ойлгохгүй. Англи хэлний хичээл, эсвэл түвшин тогтоох шалгалт мэтээр ойлгодог байсан. Үнэн хэрэгтээ TOFEL бол 21 шинжлэх ухааны талаарх мэдээлэл агуулсан, чадвар тогтоох сургалт шүү дээ. Бусад нь хэлний түвшин тогтоох шалгалт байдаг. Хуулийн сургууль төгсөөд шууд хуульч болдоггүй. МУБИС төгссөн ч багшлах эрхийн шалгалт өгч байж багш болдогтой адил олон улсад мастер, докторантурт сурахын тулд заавал TOFEL өгдөг. БНСУ-д бол бакалаврын диплом бичихийн тулд эхлээд TOFEL-д өндөр оноо авах хэрэгтэй. Тэнцсэн нь диплом бичдэг.
Саяхан TOFEL-оор дэлхийд тэргүүлэгчдийг зарлахад БНСУ 87 оноогоор (институт) нэгдүгээрт, удаах байрт ОХУ (бие даан), тэгээд Вьетнам, Хятад, Япон эхний таван байрт орсон. Манай хүүхдүүд одоогоор япончуудтай эн зэрэгцэж байна. Охидын маань олонх нь 90 оноо авдаг. Удахгүй бид дэлхийд тэргүүлэх нь тодорхой. Монгол энэ утгаараа хөгжлийн зам руугаа орсон. Хээл хахууль, байгалийн бохирдол гэж асар их ярьж буй ч боловсрол нэн тэргүүлэх салбар шүү дээ.
2014 оноос хүүхдүүдээ SAT-д бэлдэж, 2015 онд 10 хүүхэд шалгалт өгөхөд Нью-Йоркийнхноос 100 оноогоор илүүрхсэн. Эдний дундаж оноо 1200, Америкийнх 1500 байдаг. Бид 1300 оноо авсан. Уг шалгалтыг жилд дөрвөн удаа авдаг. Хоёрхон оролдоод л АНУ-ын том хотоос дээгүүр гарчихлаа. Өнөө цагт сурагчид шалгалт өгөхөд сургууль үүрэг гүйцэтгэхээ больсон. Бидний мэдэх багш ч үгүй болж, тэднийг дасгалжуулагч гэж байна.
Хүүхдүүдийг урагш алхахад одоогийн сургалтын систем, бүтэц, багш нарын чадвар гээд боловсролын тогтолцоо тэр чигтээ тушаа болж байгаа. Харин бид хүүхдүүдэд эрх чөлөө, эрмэлзэл өгсөн. 1989 онд дэлхий даяар ардчилсан хувьсгал өрнөсөн бол өдгөө боловсролын салбарт ийм үе иржээ. Бид энэ цагт АНУ-тай хөл нийлүүлж, SAT өгч байгаа нь гайхамшигтай. Монголд дунджаар улсын сургуулиудын 200 хүүхдээс хоёр, хувийн сургуулиас 26 хүүхдийн хоёр нь л дээрх шалгалтыг өгөх чадвартай байдаг.
Энэ жил манай хүүхдүүд SAT өгөөд, 1500 оноо авсан. Ингэснээр АНУ-ын 63.000 сургуулийн нэг болж чадлаа. Монголд 750 сургууль бий. Тэдний нэг нь ч SAT-д бэлдэхгүй байна. Жил ирэх тусам шинэчлэгдэж, улам сонирхолтой болж байгаа. Хүүхдүүд нотлох баримтад тулгуурлан уншиж, бичих аргачлал сурч байна. Өнгөрсөн хугацаанд манай клубээс 220 хүүхэд АНУ-ын топ сургуулиудад тэтгэлгээр сурсан, одоо ч сурч байна.
-Танай клубийнхнээс гадна өөр олон хүүхэд гадаадад тэтгэлгээр сурахыг хүсэж, мөрөөдөж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудыг SAT-ын шалгалтад бэлтгэх, сургалтын системд нь нэвтрүүлэх гэж оролдож байв уу?
-Бүгд эсэргүүнүүд. Өчнөөн ярьж, хөөцөлдөөд нэмэр болоогүй. Хэрвээ бүтчихвэл би боловсролын сайд болчихно шүү дээ (инээв). Боловсрол бол үнэнийг орлох ухаан, үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Өөрөөр хэлбэл, боловсрол нь танин мэдэхүйн шинжлэх ухаан. Шинжлэх ухаан нь дотроо байгалийн, нийгмийн гэж ангилагддаг. Байгалийн шинжлэх ухаан нь хэн нэгэн хүн юм бүтээгээд л байхад нийтээрээ үл тоодог хэрнээ үр дүнг нь болохоор хорвоо ертөнцөөрөө хүртдэг.
Тэгвэл нийгмийн шинжлэх ухаан гэдэгт бүгдээрээ оролцоод байхад л хамгийн муу шийдвэр гаргадаг. Тэгвэл АНУ, өөр олон улсад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс шалгалт авахдаа “Та энэ хоёр шинжлэх ухааны хаана нь явж байна вэ” гэж асууна. Түүгээр гаргалгаа хийлгэн, ярилцаж, эсээ бичүүлдэг. Харин Монголд цөөн хэдэн юм үзэж, цээжлүүлээд тэрийгээ тест болгочихоод шалгалт гэж андуурдаг. Олон улсад сургалтын системүүд нь дандаа хөтөлбөр хэлбэртэй байдаг. Тухайлбал, 15 настай хүүхдүүд нь PISA-гийн шалгуур хангасан байх ёстой.
Өдгөө 64 орны 15 настай, нийт 620 мянган хүүхэд энэ хөтөлбөрийн дагуу суралцаж байна. Тэгвэл ахлах ангийнхны сургалтын хөтөлбөр нь STEAM хэлбэрээр явж байгаа. Шинжлэх ухаан, техник, мэдээлэл, математикаар дагнадаг гэсэн үг. Саяхан би “Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль шинэ байрандаа орлоо” гэсэн мэдээ олж уншлаа. Гүнзгийрүүлсэн сургалттай гэх сургууль дэлхийн хаана ч байхгүй. Учир нь бүх сургууль гүнзгий байх ёстой. Тиймээс л манайх хоцроод байгаа юм.
Дээрээс нь математикийн 13 сэдэв байна. Задлан шинжлээд үзэхээр хавтгай, огторгуйн геометр, тест нь хаана ч байхгүй агууламжтай явж байх юм. Хамгийн харамсалтай нь хоёр сэдэв огт оргүй. Нэгдүгээрт, магадлалын онол судлахгүйгээр банктай хэзээ ч харилцаж чадахгүй. Хоёрт, статистик мэдэхгүйгээр үнэнийг тогтоож чадахгүй. Сургууль хүний амьдралд танин мэдэхүйн баяслын 10 хувийг л өгдөг. Энэ бүгдийг шалгадаг шалгуур нь SAT юм шүү дээ, уг нь. Би суралцах амжилтын тест гэж орчуулсан. Сургуулиараа, багштай хичээллэсэн хүүхэд SAT өгөөд 400-500, бие дааж бэлдвэл 800 оноо авдаг. 400 оноо авсан хүүхэд бүр сургуульд орж чадна. Харин 800 оноо авсан нь тэтгэлэг авдаг юм. Тэдний тэтгэлэг дээд сургуулийн багшийн цалингаас хэд дахин их гээч.
Энэ чадварыг гол төлөв эмэгтэй сурагчид эзэмшиж байна. Америкт систем сургалтад ухаалаг эмэгтэй авчирсан хүнд мөнгөн шагнал өгдөг. Тэнд 15-26 насны эмэгтэйчүүд нийгмийг удирдаж байгаа. Суралцах чадвар, биеэ авч яваа байдал, бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц зэрэг нь тухайн сургуулийг өөд нь татаж буй учраас тэр. Гэтэл монгол сургуулиуд “чухлын өвчтэй” хүмүүсээр дүүрсэн. Тэд бол багш нар. Тэдний хажууд суралцах чадвартай бүсгүй хамаагүй дээгүүр үнэлэгдэж байна. Үүнээс үзвэл нийгмийн хамгийн үнэт баялаг нь эмэгтэй хүн болчихоод буй.
Сонгууль ойртож байна. Нийтээрээ хэрхэн яаж оролцох талаар хэлэлцэж байна. Хулгайч нарыг нэгэнт мэдсэн, таньсан. Одоо эмэгтэйчүүддээ төвлөр, тэднийг илүүтэй сонго. УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар сонгодог хэвээр байвал эмэгтэйчүүдийг олноор оруулъя гэж уриалмаар байна.
-Сонгууль гэснээс Д.Сосорбарам гавьяат саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр “Шөнө унтаж байхад Америкаас “Мальш” над руу гурван удаа залгасан. “Ардчилсан холбооны 13-аас 10 нь л үлдэнэ. Нэг нь үхсэн, хоёр нь шоронд явна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригийг алсан. Ойлгож байна уу, чи” гэсэн.” Малыш” бол жинхэнэ тагнуулч” гэсэн. Та үнэхээр тагнуулч байсан уу?
-Тагнуул гэдэг нь мэдээлэл, тодорхой үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гэсэн гурван зүйлээс бүрддэг. Тагнуулч болохын тулд мастерын хэмжээнд сурч мэргэжил эзэмшин, докторантурт сурахдаа үнэлгээгээ авдаг. Төгс, шуурхай, алдах эрхгүй гүйцэтгэлтэй байх ёстой. Тэгэхээр би хэзээ ч тагнуулын байгууллагад ажиллаж байгаагүй. Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Үйлдвэр, аж ахуйн газрууд мөнгийг хэрхэн угаадаг, эрх мэдлээ яаж урвуулж буйг судалдаг гэсэн үг. Харин Д.Сосорбарам гавьяат тагнуулыг магтах биш харааж, зүхсэн өнгө аястай ярьсан байсан.
Би хилийн цэрэгт дэслэгч цолтой, ахлах офицер байлаа. Гэхдээ миний цалин батальоны захирагчийнхаар бодогдоно. Харин ард түмэнд би Аюулаас хамгаалах яаманд орчуулагч гэж явдаг байсан. Яг нарийндаа 1979 онд Хятад, Оросын хооронд дайн дэгдэх нь тодорхой болж, Монголын хилийн цэргийн отрядуудыг армийн батальоны зохион байгуулалтад оруулж байлаа. Тухайн үед орос хэл сайн мэддэг учраас намайг офицер болгож, байлдааны сургуулилалт хүртэл удирдуулж байсан. Дайн болбол батальонуудыг захирах хэмжээнд гэсэн үг. Тухайн үед дивизийн захирагчийн цалин авч байсан.
Дараа нь батальонуудыг байлдааны дивизийн хэлбэрт оруулчихаад хотод ирж, Аюулаас хамгаалах яамны одоогийнхоор бол Хууль сахиулахын их суургуульд удирдах алба хашиж эхэлсэн. Гэхдээ мэдээлэлтэй ажиллахгүй. Дараахан нь Дотоод явдлын яамны академийг онц төгссөн ч их сургуульд багшлах нөхцөл бүрдээгүй. Аюулаас хамгаалах яамнаас гарахынхаа өмнө Хэнтийн Бор-Өндөрт эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын валют хийдэг цорын ганц үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааг хариуцаж байсан юм. Энэ үедээ Монголын анхны гүйцэтгэх ажлын сурах бичиг гаргасан. Одоо ч Хууль сахиулахын их сургуульд авлигатай тэмцэх чиглэлээр сургалтын аргачлал бичдэг. “Жамухын эрэлд” номыг маань мэдэх байх.
Үүнд авлигатай тэмцэх аргачлалуудыг мастер, докторын хэмжээнд хэрхэн, яаж судлахыг тодорхой заасан байгаа. Ингээд яривал би мэдээлэгч ч биш. Тэгээд ч тагнуул, мэдээлэгч хоёр ямагт зөв талд байдаг. Хоёрт, хуулийн дагуу эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгийг данснаас бус захиран зарцуулах эрхтэй. Тагнуул, туршуул үргэлж ялан дийлдэг. Харин би дийлэгдсэн. Навсайтлаа унасан. Энэ бүх үйл ажиллагааг Кремлиэс зохион байгуулсан шүү дээ.
Москвагаас тагнуулын групп ирж, МАХН-ыг аврах зорилготой байсан. Тэд чадсан. Гэхдээ 26 жилийн өмнөх бүтэц өнөөдөр худал ярьдаг, хулгай хийдэг болсон. Улс орноо худалдаж байна. Эцэст нь хэлэхэд, бид ардчилал болгож чадаагүй. Ардчиллаас урваж чадсан.
-Таныг С.Зориг агсантай ангийн найз байсан гэж дуулсан. Хэрэг нь илэрсэн ч гэж ярьж байна?
-Би энэ хэрэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэзээ ч холбон ярьж байгаагүй. Миний хувийн үнэмшил байдаг юм. Тэр үүнд ямар ч хамаагүй. Харин нөгөө хүнийг нь хамаатуулаад ярьдаг шүү дээ. Малгайны асуудал байгаа. Хүн бүр л мэднэ. Би зүгээр л таамагласан төдий. Харин задаргаа, задлан шинжилгээг нь мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. Э.Бат-Үүл өөрийгөө С.Зоригтой сайн найзууд байсан мэтээр ярьдаг. Би ганцхан юм хэлье. Хэзээ ч найз байгаагүй. Харин С.Зориг бид хоёр 23 дугаар сургуулийн нэг ангид, хоёулаа даргын хүүхдүүд гэж дуудуулж явсан. Нийцэх, ярих юм ч ихтэй.
Хоёулаа оросоор ярьчихдаг, хамт бүсгүйчүүдтэй нийлнэ. Зөндөө дурсамж байдаг ч би энэ тухай яриад явдаггүй. Би улс төрд С.Зоригийн аллага илэрсэн цагт орно гэж хэлдэг. Учир нь надад харамсах зүйл гарна. Түүнийг хөнөөсөн хүнтэй хамт сууж байхыг үгүйсгэхгүй. Харин одоо миний амьдралд харамсах зүйл байхгүй болсон. Намайг гортигоос гаргасан, шоронд хүртэл суулгасан. Үнэн, С.Зоригийн хэрэг илэрсэн. Одоо илчлэх л дутуу. Тактикийн л асуудал бий байх. Гэхдээ үүнийг улстөржүүлж болохгүй. Улс төр бол сайн, муугийн сонголт. Мууг бид 26 жил сонгосон.
-Тэгэхээр та улс төрд орно гэсэн үг үү?
-Зах зээлийн эринд их тэнэг хүн найман цаг ажиллана. Би тэнэг биш. Улс төрд орно гэдэг заавал албан тушаалд сууна гэсэн үг биш. Албан тушаал авдаггүй, намын дарга хийж ч болно. Албан тушаал аваад ажиллаж чаддаггүй хүмүүсийг халдаг намын дарга ч байж болно. Гаргалгаа асар их бий. Гэхдээ миний одоогийн ажил улс төрөөс илүү үнэтэй, үр дүнтэй.
Эх сурвалж: Өнөөдөр сонин