Монгол цэргүүд маш аюултай нөхцөлд зэвсэгт халдлагыг зогсоолоо

13055220_1672547016340377_7627645126226951303_oДэлхийн хамгийн залуу улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийн дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны 4 дүгээр сараас уг ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.

Өчигдөр гэхэд ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, нуусан байсан зэвсэглэлүүдийг нь илрүүлж үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан мэдээ нийгэмд тархаж манай цэрэг эрчүүдээр бахархаж байсан. Тэгвэл өнгөрсөн даваа гаригийн орой харуулд гарч байсан Монголын энхийг сахиулагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тухай мэдээллийг дахин илрүүллээ. Тухайлбал, БНӨСУ-ын Бэнтью хотод 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20.40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг тэнд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай няцаалаа.
НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага явагдаж байсан учраас харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулсан байна.
Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулж байсан гэнэ. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу тооны буудлагыг үйлдэж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт/РПГ-7/-оор буудсан боловч уг гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, аз болоход тэсрээгүй байна. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгосон байна.
Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй ба олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Энэ нь манай цэргийн багийн захирагч, удирдлагаас богино хугацаанд шийдвэр гаргаж, удирдах, хамгаалалтыг зохион байгуулах болоод шуурхай бүлэгт томилогдсон бүрэлдэхүүн, цагийн манаачдын үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгааг нотолж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болсноо дахин батлан харууллаа.
Дашрамд дурдахад, 1956 онд Англи-Египетийн эзэмшлээс чөлөөлөгдөж, Судан улс байгуулагдсан боловч Өмнөд ба Умардын хооронд 1955-1972, 1983-2005 онд хоёр удаагийн дайн үргэлжилсэн ба 2005 онд байгуулсан “Энхийн гэрээ”-ний үр дүнд олон жил цус урсгасан дайн дуусгавар болсон юм. Энэхүү харилцан ойлголцлын гэрээг үндэслэнхоёр талын хүсэлтээр 2005 оны 01 дүгээр сараас НҮБ-ын тогтоол гарч, Судан Улс дахь энхийг сахиулах ажиллагааг эхлүүлжээ. Энэ хугацаанд Өмнөд Суданы ард түмний бүх нийтийн санал асуулгаар 98 хувь нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Бүгд найрамдах тусгаар улс болохыг бүртгэсэн ба ингэснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Өмнөд Судан улс дахь “UNMISS” энхийг дэмжих ажиллагааг шинээр эхлүүлсэн юм. Дээрх энхийн гэрээний зорилго нь талуудын хооронд гал зогсоох, эрх мэдлийг хуваалцах нөхцлийг бүрдүүлэх, өмнөдийнхний ирээдүйг тодорхойлох арга замыг сүвэгчлэхэд чиглэгдсэн хэдий ч гадны хүчнүүдийн стратеги, Дарфурт бий болоод байгаа хүчирхийлэл зэргээс шалтгаалан энх тайван байдлыг бүрэн тогтоох боломжгүй болоод байна. Өдгөө Өмнөд, Умардын хооронд олон жил үргэлжилсэн дайны галыг зогсоож чадсан боловч хоёр улсын хил тогтоох, газрын тосны баялаг ордуудыг хуваах зэрэг иргэншил болон уламжлалт нүүдэлчдийн хоорондын асуудал шийдэгдээгүйгээс аюулгүйн орчин бүрэн бүрдээгүй байна.
Ийм нөхцөлд Засгийн газрын эсрэг хүчний удирдагч Рийк Мачар эргэн ирэхтэй холбоотойгоор БНӨСУ-ын Бэнтью хот дахь НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаран руу чиглэсэн халдлага гарсаар байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …