Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг “МонСафо” ХХК-ийн захирал Б.Цэрэнлхагватай компанийх нь үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-“Монсафо” компани хэзээ байгуулагдаж байв. Ер нь компанийнхаа талаар эхлээд товчхон танилцуулахгүй юу?
-Манай компани гуравдахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Итгэлт Хамба, Улаан-Үдэ, Байгаль нуур, Манжуур, Солонгос, Харбин чиглэлийн аяллуудыг зохион байгуулладаг. Мөн аялагчдын хүсэлтээр бизнес болон худалдаа наймааны чиглэлийг товлосон аяллын дээрээ нэмж авч явдаг байгаа. Түүнээс гадна гадны аялагчдад Монгол орноор тойрон аялах санал тавьж ажилладаг. Манай оронд очоод үзмээр маш олон сайхан газрууд байгаа. Тэдгээрийг сурталчилан таниулж аялахыг урьж, хамтран ажилладаг.
-Аялагчид ихэнхдээ юу хүсч байна вэ?
-Аялагчид тав тухыг эрэлхийлж, эрүүл сайхан орчинд санаандаа хүртэл аялж, зугаалахыг хүсдэг. Энэ нь ч зөв биз. Мөнгөө төлөөд үйлчилгээгээ авч байгаа хүн тав тух, аюулгүй байдлаа л эрэлхийлэх ёстой.
– Таны ярианаас танай компани дотоод, гадаад аяллыг зэрэг хийж байгаа гэж ойлголоо. Гадны орны жуулчид Монгол улсад аялахдаа юу хүсч байна. Эсрэгээрээ манай жуулчид аль орныг зорьж аялах хүсэлтэй байдаг вэ?
-Герман, Солонгос зэрэг улсаас ирж Монгол оронтой танилцаж, аялдаг. Харин Монголчууд Итгэлт Хамба, Улаан-Үдэ, Байгаль нуур, Манжуур, Солонгос, Харбин чиглэлийн аяллуудыг илүүтэйгээр сонирхож, үйлчлүүлж байна. Манайх залуу компани. Мөн залуу хүн удирддаг болохоор аль болох сонирхолтой хөтөлбөртэйгээр аялуулахыг зорьж аижллаж байна. Залуу бизнесмэнүүдэд зориулсан бизнес аялал байхад, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгцээтэй болсон хүнд зориулсан “эрүүл мэндийн” аялал ч байдаг. Нас насны онцлогийг харуулсан төрөл бүрийн аяллыг санал болгодог. Тухайн аялагчийн сэтгэлд аль болох хүрэх, сэтгэл ханамжийг мэдрүүлэх үүднээс жижиг ч гэлтгүй зүйлст сэтгэл гарган зохион байгуулан ажилладаг гэж хэлж болно.
– Хүн бүр л өөр өөрийн зан араншин, хүмүүжилтэй байгаа. Олон аялагчийг авч явахад, тав тух, болоод зан араншинд нь тааруулж “алтан дундаж” байх хэрэг их гардаг байх даа?
-Мэдээж бид аялагчдынхаа юу хүсч, манайхаар үйлчлүүлж байгаа тэр бүгдийг нь биелүүлж, санасанд нь хүртэл үйлчлэхийг зорьдог. Бид хүний хүсэл мөрөөдөлд тулгуурлан хамгийн гол нь амь насыг хариуцан аялж байгаа ухамсарлаж, хариуцлага, сонир сэрэмжийг тэргүүн эгнээнд тавьж ажилладаг. Энэ дагуу мэргэжлийн хөтөчөөр аялалаа удирдуулдаг. Хүссэн хүн нь мөнгөний төлөө зүгээр л бусдыг аваад явдаг биш, тухайн аялагч юу хүсч байгаа, хэрхэн тайлбарлаж ажиллах ёстой гээд өндөр шалгуур, шаардлагыг тавьж ажиллана. Сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт орж ирэн, дур мэдэн “авч явдаг” болж. Улмаар хэрэглэгчид гомдол гаргахаар хувь хүн, иргэн гэдэг талаасаа яаж ч чадахгүй байдалд орох нь бий. “Аялах биш автобусаар зугаалж байгаад ирлээ” гэсэн хүмүүс их байдаг. Аялал бол амралт, зугаалга, унааны үйлчилгээ зэргийг бүгдийг нь багтаасан цогц үйлчилгээ байх ёстой. Аялагч бол аяллын компанийнхаа “хаан” нь байх учиртай юм.
-Эдийн засгийн хямрал аяллын хөтөлбөрт нөлөөлж байна уу. Аялагчдын тоо цөөрөхөөс эхлээд л асуудал ундрах байх?
-Эдийн засгийн хямралаас болоод аялагчдын тоо мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ аль болох сонирхолтой аяллыг мэдрүүлэхийн тулд хөтөлбөрөө улам л нарийн, нухацтай боловсруулж ажиллаж байна. Бид аялагчдад зориулсан маш олон хөтөлбөр гаргаж байгаа. Цаг нь болохоор аялагчиддаа танилцуулах болно. Аялахыг хүссэн хүн бүр “аяладаг” л байх хэрэгтэй гэдгийг мэдэрч байна.
– Аялал зохион байгуулдаг компаниуд янз бүрийн урамшуулал, үйлчилгээ санал болгох юм. Жишээлбэл, аялагчдийг зуучилсан хүмүүс өөрөө “үнэгүй” явах ч гэдэг юм. Танай компани иймэрхүү урамшуулал, үйлчилгээ байх уу?
-Ихэнх жуулчлал үзүүлж байгаа компаниуд 12 хүн тутамд 13 дахь нь үнэгүй гэсэн хөтөлбөр байдаг. Гэхдээ энэ маш эрсдэлтэй хямд өртөгөөр бусад компануудтайгаа өрсөлдөж “үйлчлүүлэгч авлаа” гэхэд “үнэндээ таарсан үйлчилгээ”-тэй байх жишээтэй. Үнэгүй явж байгаа иргэнд аяллын явцад гарах зарим үйлчилгээнд хамрагдахгүй, орохгүй үлдэх тохиолдол гардаг. Тиймээс манай компанийн зүгээс үүнийг нэг их дэмждэггүй. Урамшуулал хөнгөлөлт зүй ёсны ч гэлээ хэрэглэгчийг хохироож болохгүй. “Хямд байна” гээд юу ч үзэж харахгүйгээр, машинаар зугаалах нь зохисгүй л дээ.
-Аялал бол хамгийн наад захын хэрэгцээ биш. Амьдралын сайн сайхныг мэдрэх “зоригт алхам” байх. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж дээр маш сайн анхаарч ажиллах ёстой. Автобус хөдөллөө гэхэд л “бүсээ зүүнэ үү” гээд орхихгүй өөрсдөө бүсийг нь зүүж өгөх, цай усаар үйлчлэх, хөгжөөнтэй байлгах, амрахад нь саад учруулахгүй байх гээд л аялагчидад байнгын халамж хэрэгтэй болдог. Хүн зөвхөн нэг дороо эргэлдээд байх биш жилд ядаж нэг ч болов удаа очиж үзээгүй газраа очиж үзэж “нүд тайлах” хэрэгтэй. Магадгүй үүнээсээ бизнесийн шинэ санаагаа олох ч юм билүү. Бидний зорилтод, бизнес аялал бол цаад утгаараа ийм л зорилготой байдаг.
-Хүн байх учрыг олохын тулд жилд нэг удаа очиж үзээгүй газраа очиж үз гэдэг чинь Далай багшийн хэлсэн үг байх аа. Нүд нээж байх хэрэгтэй шүү?
-Энэ маш үнэн. Бид Монголоо ч сайн мэдэхгүй нэг дороо л эргэлдээд амьдраад байдаг хүмүүс. Сонин, содон зүйлийг харж, үзэж байх хэрэгтэй. Үүнийг цаагуураа “нүд нээнэ” гэдэг шүү дээ.
-Танай аялалд насны ангилал гэж байх уу. Жишээ нь тэтгэврийн насныхан залуустай хамт аялах нь тийм ч тохиромжтой санагддаггүй?
-Захиалга ихэнхдээ албан байгууллагаар ирдэг. Харин манайхаар баг баг болгож хуваарилалт хийнэ. Өндөр настай хүмүүсийг залуустай нэг баг болгож болохгүй. Ахмадууд амрах, амьдрал болоод байгалийн сайхныг мэдрэхийг хүсч байхад залуус тоглох, цэнгэх, сонин хачинтай танилцахыг эрмэлзэнэ. Тиймээс тэднийг нэг баг болговол аяллын утга алдагдана. Тиймээс баг бүрт зориулсан хөтөлбөр чиглэл боловсруулж, нас бүрт нь таарсан үйлчилгээг хүргэхийг хичээж, хэрэгжүүлж ажиллаж байна.
-Аялах явцад гэнэтийн зүйлс олон тохиолддог байх. Гэнэт нэг аялагчийн тань бие муудах, эсвэл гэмт хэрэг гарах, эмч, цагдаагийн тусламж хэрэг болох зэрэг тохиолдол яадаг вэ?
-Бид аялаж байгаа газар бүртээгээ гэрээгээр ажилладаг. Иргэн хүнээр бус аялал жуучлалын байгууллагын үйлчилгээ энд “харагдах” ёстой. Биднийг тосон авч үйлчилж байгаа газар бүрт үүнийг тооцоолсон байгаа. “Эрсдэлгүйгээр аялуулна” гэдэг үнэндээ хэцүү зүйл. Хүн байгаа л хойно янз бүрийн эрсдэл гарч болзошгүй гэдгийг тооцоолох нь чухал л даа. Бидний очих газруудад ийм үйлчилгээ “хангалттай” байдаг болохоор манай компанийн аяллыг сонгосон хүн санаа зовохгүй аялж болно.
-Аяллын даатгал хийгддэг биздээ?
-Мэдээж аяллын иж бүрэн даатгалаа хийгдэнэ. Сануулга зааварчилгааг өгнө. Тусгай эм тариа хэрэглэдэг бол түүнийгээ авч явахыг сануулдаг.
– Танай хөтөлбөрт хүүхдэд зориулсан амралт, аялал гэж байдаг уу?
– Хүүхдэд чиглэсэн амралт, аялал байдаг. Жишээ нь Манай компанийн хөтөлбөрт өсвөр насныханд зориулсан “мэргэжилтэй танилцах” аялал байдаг. Орос болон Солонгос улсад эдгээр аяллууд хийгддэг. Нэгээс, хоёр өдөр ямар мэргэжилтэй болох ёстойгоо нүдээр харж биеэр мэдрэхэд нь нөлөөлөх аялал юм. Яг бага насны хүүхдүүдэд зориулсан аяллын хөтөлбөр байхгүй байгаа. Харин их дээд сургууль, 12-р ангиа төгсөж байгаа сурагчдад зориулсан эх орноо танин мэдэх аялал, дээр дурдсан мэргэжилтэй танилцах аялал зэрэг байгаа. Хонхны баяраараа гадаадыг бус эх орноо танин мэдэхэд мөнгөө зориулж болох хөтөлбөр бий.
-Сонирхолтой юм аа. Аяллын цогц үйлчилгээг үзүүлэгч танай компанийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Олон хүнийг “нүдийг нээж”, гадны олон иргэнд Монгол орны үзэсгэлэн гоог гайхуулаарай.
-Баярлалаа. Амьдралдаа “нүд нээж”, “юм үзэж” амьдралын сайн сайхныг аяллаас бүрэн мэдрэхийг хүсвэл манай компанийг зориорой. Бид “Аялагчийг хаанд өргөмжлөн” өндөр хэмжээнд хүлээн авч үйлчлэх болно. Бидэнтэй 99189181 утсаар холбогдоорой.
Б.Саран