“Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч адмирал Самуэль Жэй Локлир, АНУ, ИБУИВУ, БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар, БНЭУ, ХБНГУ, Канад Улсын элчин сайдын орлогч нар болон ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНЭУ, Канад улсуудын Батлах хамгаалахын атташе нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримталж, дэлхийн улс орнуудтай харилцан эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх эгнээнд явж, чухал үүрэг гүйцэтгэж байгаа салбар бол батлан хамгаалах салбар юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө” санаачлага хөтөлбөртэй хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль цэнхэр дуулгатан, энхийг сахиулагчдын эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлсэн, Ази номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа томоохон арга хэмжээ гэж бид үздэг” гэлээ. Тэрээр Монгол Улсын зэвсэгт хүчний дэлхий дахины энхийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, оролцоо бүс нутагтаа дээгүүр байр суурь эзэлж байгааг тэмдэглээд, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд, Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн. Цаашид энэ байр сууриндаа баттай зогсох болно гэдгээ илэрхийллээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны боломж чадавхийг нэмэгдүүлэх талаар тодорхой заалт тусгагдан, хэрэгжиж байгааг онцолсон юм.
11 дэх удаагаа зохиогдож буй тус сургуульд энхийг дэмжигч 13 орны 1000 гаруй цэрэг дайчид хамрагдаж байгаа бөгөөд ОХУ, БНТУ, БНХАУ-ын төлөөлөгчид ажиглах юм. “Хааны эрэлд 2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь команд штабын сургууль, салаа түвшний тактикийн хээрийн сургууль, “Амьд гарах ухаан” сургагч багшийн дамжаа, эрүүл мэндийн хамтарсан ажиллагаа, барилга инженерийн хүмүүнлэгийн ажил гэсэн таван үндсэн хэсгээс бүрдэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.