Туул голын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ийхний тэмцэл үргэлжилсээр байна. Тухайлбал тэд Туул голд учраад буй аюул эрсдлээс хамгаалах тухай албан шаардлага, уриалгыг нэр бүхий албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа. Тэгвэл тус хөдөлгөөнөөс ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрд хаягласан албан хүсэлтийг хүргүүлсэн байна. Энэ талаар “Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагараас тодрууллаа.
-Танайхаас ШӨХТГ-т хүргүүлсэн хүсэлт ямар учиртай вэ?
-“Хатан Туулаа Хамгаалах Үндэсний хөдөлгөөн”-өөс өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр Монголынхоо гурван сая хүний эрх ашгийг хамгаалж ажилладаг ШӨХТГ-т бидэнтэй хамтран ажиллах хүсэлтийг хүргүүллээ. Уг хүсэлтийн гол агуулга нь Туул голын эрэг дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудад усны тухай хуулиудыг үндэслэн хяналт шалгалт хийж улмаар зөрчилтэй газруудыг нь хуулиа дагаж мөрдүүлэх тухай албан хүсэлт хүргүүллээ.
-Туул голын бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын талаар танд мэдээлэл бий юу?
-Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуй нэгжүүд бий. Тэдгээрийг бүгд зөвшөөрөлгүй гэж хэлэх боломжгүй. Зарим нь хуулийн дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэр бүхнийг бид үгүйсгэх боломжгүй. Харин Туул голын хамгаалалтын бүсэд 50 орчим зөвшөөрөлгүй компани бусдаасаа давуу эрх эдэлж үйл ажиллагаа явуулж байгааг бид мэднэ. Тэдгээр газрууд зардлаа хэмнэж бусдаасаа давуу эрх эдлээд байна. Өөрөөр хэлбэл тэр орчмоосоо хайрга дайргаа ухаж аваад байгаа нь экологийн тэнцвэрийг алдагдуулаад байна. Энэ нь шударга бус өрсөлдөөнөөр үйл ажиллагаа явуулж байгааг нь илтгэж байна. Тиймээс бид бүх нийтийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий дээрх газарт албан хүсэлт хүргүүлсэн юм.
-Яагаад заавал ШӨХТГ-т гэж бусад холбогдох газруудад хандсан уу?
-Энэ жилийг Засгийн газраас Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарласан. Тиймээс хэрэглэгч бүрийн эрх ашгийн төлөө ажилладаг энэ байгууллагад хандах болсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх хуулийн 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэгсэл гэж заасан байдаг. Ард иргэдийн оршин сууж байгаа нутаг дэвсгэрээс хууль бусаар хайрга дайрга олборлоод түүнийгээ зарж борлуулж ашиг олж, зардал хэмнэж байна. Энэ нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хөндөхүйц хууль бус худалдааны арга хэрэгсэл нь болж байгаа юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө хуулийн 5.5-д зааснаар бид ард иргэдээ төлөөлж тус газарт хамтран ажиллах хүсэлтээ илгээсэн. Өмнө нь БОНХЯ, НМХГ, Ашигт Малтмалын Газар гээд холбогдох яам, агентлагуудад хандаж байсан ч хариу ирээгүй. Олон нийтийн эрх ашигтай хамтран ажиллаж дээрх газруудад хяналт шалгалт хийж ажиллана байх гэдэгт итгэлтэй байна.
-Өмнө нь танайхаас хэд хэдэн албан бичиг эрх баригчдад хүргүүлээд байсан. Хариуг нь юу гэж ирсэн бэ?
-Бид ард түмэнтэйгээ нийлж тодорхой хугацаанд Туул голын аюулгүй байдлын төлөө тэмцсэний эцэст Туул голыг боогоод байсан асуудал шийдэгдэж Туул гол маань хэвийн урсах болсонд баяртай байна. Түүнээс гадна Туул голд аюул нүүрлүүлээд буй эрэг орчимд үйл ажиллгаа явуулж экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгах нь нэн түрүүний асуудал болж байна. Бид энэ тухай холбогдох хэд хэдэн яам агентлагт хандсан боловч хуулийн хугацаанд бидэнд ямар нэг хариу ирүүлээгүй. Тиймээс бид Монголын бүх ард түмний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШӨХТГ-т Монголын 3 сая иргэнийхээ эрх ашгийн төлөө бидэнтэй хамтран ажиллах хүсэлтээ явууллаа.
-Танай хүсэлтийн хариуг хэдий хугацаанд өгөх ёстой вэ. Тодорхой заасан хугацаа гэж бий юу?
-Хуулийн хугацаа нь ажлын 5 өдрөөс 21 хоног гэж заасан байгаа. Гэхдээ энэ бол нийт ард түмний эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа учраас нэн яаралтай авч хэлэлцэх байх гэж найдаж байна.
Х.Баяраа