Харвин арилгахад тустай 10 хүнс

Бэлхүүс орчмын өөх хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гаднаас нь үзэмжгүй харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь элэг, зүрх өөхөлснийг илтгэх ба ходоод гэдэсний асуудал, сахарын өвчний суурь тавигдсаны шинж тэмдэг болдог. Тэгэхээр гэдэсний харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин жин хасахын тулд хөдөлгөөн хийхээс гадна өлсөж ядралгүйгээр зөв хүнсээ сонгож идэх боломж байгаа нь азтай хэрэг шүү. Ингээд биеийн тань өөхөн давхаргыг хуулан хаяж, булчинлаг хавтгай гэдэстэй болоход туслах хүнсний бүтээгдэхүүнүүдээс санал болгоё.

1. Өндөг

Өндгөнд хүний биеийг өдрийн турш эрч хүчээр тэтгэж, өег цатгалан мэдрэмж төрүүлэх увидастай амин хүчил – уураг их хэмжээгээр агуулагддаг. Өглөөний цайндаа өндөг идэх нь өдөр хэт идэхээс сэргийлж, хэвийн жингээ хадгалах нэг хүчин зүйл болдогийг судлаачид тогтоожээ. Түүнчлэн өндгөнд илүүдэл жинтэй тэмцэж, хавтгай гэдэстэй болоход тань туслах олон төрлийн тэжээллэг бодис багтсан байдаг. Тухайлбал, витамин D болон B12 нь өөхний эсийг устгах үүрэгтэй. Мөн витамин B4 нь бодисын солилцоог идэвхжүүлэх ач холбогдолтой. Иймээс өдөрт нэг ширхэг чанасан өндөг идсэнээр илүүдэл жинг бууруулахаас гадна зүрхэнд ч сайн нөлөөтэй гэдгийг дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

2. Бүхэл үрийн бүтээгдэхүүн 

Бүхэл үр буюу улаан буудай, эрдэнэшиш, буурцаг, овьёос зэрэг нь харвинг арилгах шилдэг хүнснүүдийн тоонд ордог. Учир нь эслэгээр баялаг дээрх бүтээгдэхүүнүүд бие организмын бохирдлыг цэвэрлэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлснээр хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Ингэснээр биеийн илүүдэл өөх тос гадагшилж, элдэв хорт бодис хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх юм.

Мөн бүхэл үрийн бүтээгдэхүүн нь цусан дахь инсулины төвшинг тэнцвэржүүлэхээс гадна эрдэс, амин дэм ба антиоксидант ихтэй учир эрүүл мэндэд ч ашиг тустай. Дэлгүүрээс энэ төрлийн хүнсийг сонгож авахдаа шошго дээр WHOLE (Whole
Grain, Whole Oats г.м) гэж бичигдсэн эсэхийг сайтар нягтлах нь чухал ажээ.

3. Өргөст хэмх

Өргөст хэмх бол хэвийн жингээ хадгалах зорилготой хүмүүсийн хоолны цэсэнд зүй ёсоор багтдаг бүтээгдэхүүн юм. Энэ ногооны гол давуу тал нь усархаг бүтэцтэй (90% нь ус) ба илчлэг чанар маш бага байдагт оршино. Нэг ширхэг өргөст хэмх ойролцоогоор 45 калори илчлэгтэй. Зарим хүн нүдний доорх хаванг арилгахын тулд өргөст хэмх тавьдаг. Үүний нэгэн адил биед хураагдсан муу ус, хаван, харвинг биеэс хөөхөд өргөст хэмх маш үр дүнтэй. Мөн үрэвслийг анагаадаг ашигтай энзим агуулдаг.

4. Яргуй загас 

Бэлхүүс орчмын өөхийг хайлуулах хоёр төрлийн чухал элемент яргай загасанд байдаг. Энэ нь D витамин ба Омега – 3 юм. Таргалалт үүсэх нэг шалтгаан нь D витамины дутагдалтай холбоотой болохыг шинжээчид тогтоосон байдаг. Яргай загас нь D витамины эх үүсвэр болохынхоо хувьд хүний эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Мөн загасны тос буюу хүний биед зайлшгүй хэрэгцээт Омега – 3 тосон хүчил нь илүүдэл жинг бууруулахад онцгой хувь нэмэртэй. Энэхүү сайн тос нь биед хуримтлагдсан муу өөх тосыг хөөж гаргах үйлчилгээтэй юм.

5. Гадил

Ихэнх хүмүүс гадил жимсийг таргалуулдаг гэж боддог ч үнэн хэрэгтээ харин ч жин бууруулах үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм. Калигаар баялаг хүнс нь бие дэх илүүдэл натри болон муу усыг гадагшлуулахад чухал хувь нэмэртэй байдаг. Мөн гадил нь уусдаг эслэг учраас ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, өег мэдрэмж төрүүлэхээс гадна өтгөн хаталтаас сэргийлж өгдөг. Гадилнаас гадна кали агуулсан, харвин арилгахад тустай хүнсээр амтат төмс, улаан лооль болон ногоон навчит хүнсний ногоонуудыг нэрлэж болох юм.

6. Тараг

Тарганд их хэмжээний кальциас гадна өөхний эсийг тэжээдэг кортизолын ялгаралтыг удаашруулдаг эрдэс бодис арвин бий. Өдөрт хүнд дунджаар 1000 мг орчим кальци шаардлагатай байдаг. Хэрэгцээт кальциа тогмол нөхдөг хүмүүс илүүдэл жинд өртөх эрсдэл харьцангуй бага болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн тарганд хоолны шингэцийг сайжруулдаг ашигтай бактери байдаг учраас гэдэс дүүрэх, өөхлөх зэрэг асуудлыг шийдэхэд тусалдаг. Харин тараг худалдаж авахдаа аль болох илчлэг болоод тослог чанар багатай, элдэв хольцгүй байгалийн гаралтайг нь сонгож байгаарай.

7. Самар

Бид булчингийнхаа өдөрт шатаах боломжтой калорийн хэмжээнээс бага калоритай хоол идсэнээр өөх хайлах үйл явц эрчимтэй явагддаг. Тэгэхээр их идэж калорийн хэмжээгээ хэтрүүлэхгүйн тулд аль болох тэжээллэг, өег хоол идэх хэрэгтэй. Самар нь шим тэжээлээр баялаг төдийгүй уураглаг учраас удаан хугацааны турш цатгалан мэдрэмж төрүүлдэг. Мөн эслэгтэй учраас хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, өөх шатах явцыг түргэсгэж өгдөг. Гэхдээ калори ихтэй учраас өдөрт багахан хэмжээтэй идэх нь тохиромжтой.

8. Шош

Бүх төрлийн шош нь илчлэг багатай бөгөөд уураг, эслэгээр баялаг ашигтай бүтээгдэхүүн юм. Уураг нь биеийн булчингийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өөх хайлах явц эрчимжиж, жин буурахад нөлөөлдөг. Долоо хоногт нэг удаа махан хоолныхоо оронд шоштой бин, шөл зэргийг хийж идвэл бие хөнгөн бөгөөд эрүүл чийрэг байхад хэрэгтэй байдаг аж. Хуурч боловсруулсан шошноос илүү байгалийн шош буюу хар шош, цоохор шош зэрэг нь хамгийн эрүүл зөв сонголт юм.

9. Оливын тос 

Оливын тосыг нэг талаас хүний биед хэрэгцээтэй сайн тос буюу ханаагүй тос гэж ойлгож болно. Ханаагүй тос нь ханасан тос буюу муу өөх тосны хуримтлалыг задалж, хайлуулах чадвартай. Тэр дундаа бэлхүүс орчмын өөхөн бүрхүүлийг устгахад мэдэгдэхүйц үр дүнтэй байдаг аж. Мөн цусан дахь сахарын төвшинг хянаж, хэт өлсөх мэдрэмжээс сэргийлдэг учраас хоолны дэглэм барьж байгаа хүмүүст ихээхэн дэм болдог. Харин оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ калорын хэмжээг нь сайтар хянах нь зүйтэй. Нэг цайны халбага оливын тос 120 калори илчлэгтэй гэдгийг санахад илүүдэхгүй.

10. Гоньдны үр

Гайхалтай сайхан үнэртэй, шар цэцэгтэй, өдөрхүү навчтай ургамал бол гоньд билээ. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эслэг, магни, кальци, төмрийн агууламж бүхий гоньдны хатаасан үрийг хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихэд хэрэглэж иржээ. Гоньд нь булчин шөрмөсийг тайвшруулахаас гадна ходоодны үйл ажиллагааг сэргээж гэдэс хийгээр дүүрэх, бэлхүүс орчимд өөх хуримтлагдахаас сэргийлж өгдөг гэнэ. Хэрэв гэдэс хийгээр дүүрвэл нэг цайны халбага гоньдны үр зажлах эсвэл халуун усанд хандалж (5 минутын дараа үрийг гаргаж хаяна) уух нь үр дүнтэй арга ажээ.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …