Жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй боллоо

14618922135722b4752a153

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэр өчигдөр нээлтээ хийсэн. Тодруулбал, Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолборыг Монголдоо байгуулсан аж.

Тус эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэнэ. Мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангана. Мөн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа гэж нээлтийн үеэр “Монос” группынхэн хэлж байсан юм. Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэндийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар шинэ үйлдвэрийн нээлтэд оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Бид нээлтийн үеэр хүндэт зочидтой уулзаж сэтгэгдэлийг нь сонслоо.

Эрүүл мэндийн салбарын нарийн бичгийн дарга С.Ламбаа:

 -Жилд сая ширхэг эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай GMP-ийн шаардлага хангасан аварга үйлдвэр Монголд анх удаа ашиглалтад орох гэж байна. Энэ бол Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт баримталж байгаа бодлогын үр дүн. Энэ үр дүн эрүүл мэндийн салбарт гарч байна. Бид эм хангамжийн 30 орчим хувийг Монголд үйлдвэрлэж байгаа. Бусдыг нь импортоор авдаг Цаашдаа эмийн 50 хүртэлх хувийг Монголдоо үйлдвэрлэнэ гэсэн их том зорилттой байгаа. Энэ зорилтыг биелүүлэхэд Моносын эмийн үйлдвэр маш том нөлөөллийг бий болгоно гэж үзэж байна. Монос групп эм ханган нийлүүлдэг байгууллага байсан бол эм үйлдвэрлэгч байгууллага болж байна.

 Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:

 -Монос группийн хамт олонд баяр хүргэе. Би Монголчууд бид Монголыг бүтээнэ. Хэрэглэгч улс орноос бүтээгч ард түмэн болно. Бид IQ өндөртэй ч гэсэн худалдаачин явж ирсэн сэтгэлгээнээс салж бүтээгч ард түмэн болъё” гэж хэлдэг. Үүний цоо шинэ хуудсыг Монос групп нээсэнд талархаж байна. Монголчууд бид чадна гэдэг итгэл үнэмшлийг бий болголоо. Монголчуудын эрүүл мэндийн төлөө, ирээдүйн төлөө их зүйлийг хийгээрэй гэж хүсэн ерөөж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …