Олон улсын Хөдөлмөрийн байгууллага жил бүрийн дөрөв дүгээр сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх “Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэт үйлдвэр” компани хамтран “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал2016” чуулганыг зохион байгууллаа. Тав дахь жилдээ уламжлал болж буй тус чуулганд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн 300 га руй төлөөлөгч оролцож, үйлдвэрлэлийн осол гэмтлээс хэр хэн сэргийлэх талаар хэлэлцлээ. МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Үйлдвэрлэлийн осолд өртсөний дараа иргэдийг эмчлэх бус түүнээс урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулах шаардлагатай” бай гаа тухай энэ үеэр ярив.
Өнгөрсөн онд зөвхөн уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн 59 ослыг бүртгэж, есөн хүн амиа алдаж, хоёр иргэн хөгжлийн бэрхшээлтэй болж, 47 иргэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Мөн өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 3777 иргэн эмнэлгийн хяналтад орсны 65 орчим хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байжээ. Тодруулбал, уул уурхай, барилгын салбарын хөгжлөөс хамаарч үйлдвэрлэлийн осол нэмэгдсэн гэсэн үг. Үйлдвэрлэлийн ослын давтамж барилгын салбарт 10 мянган хүн тутамд 10.3, уул уурхайн салбарт 9.3, боловсролын салбарт 7.1, худалдаа үйлчилгээний салбарт таван хувийг эзэлдэг тухай судалгаа байдаг аж. Гэвч үйлдвэрлэл хөгжсөн Япон улсад л гэхэд үйлдвэрлэлийн осол 0.2 хувьтай байдаг байна.
Харин дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад үйлдвэрлэлийн осол найм дахин их байдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас судалжээ. Энэ нь мэдээж ажиллах хүчин багатай манай улсын хувьд анхаарах ёстой таагүй мэдээлэл юм. Харин олон улсын хувьд техник, биеийн хүчнээс гадна ажилтны сэтгэл зүйн талаас онцгойлон анхаардаг болсон гэнэ. Энэ жишгийн дагуу манай улсын ажил олгогчид зөвхөн багаж, тоног төхөөрөмжөөр хангаад, зааварчилгаа өгөөд гаргахаас илүү ажилтныхаа сэтгэлзүйн байдлыг судлан, тусламж үзүүлж, тогтворжуулах нь туйлын чухал байгаа талаар ч ярив.
Уг нь, 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, аж ахуйн нэгж байгууллагад энэ чиглэлийн зөвлөл, нэгж ажиллуулах зэрэг хэд хэдэн журам баталсан. Үүнийг ч салбарын төлөөллүүд “Олон улсын стандартад нийцүүлэх томоохон алхам болсон” хэмээн дүгнэж буй. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт дүрэм журам хангалттай байгаа хэдий ч аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжилт зохион байгуулах, үр дүн тооцох тал дээр тун хангалтгүй байгааг энэ үеэр онцлов. Түүний хэлж буйгаар ослын дараа ажилтандаа нөхөн төлбөр олгох, тусламж дэмжлэг үзүүлэх нь чухал хэдий ч ийм байдал үүсгэхгүйн тулд урьдчилан сэргийлэх тухай ойлголт аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдаг ажээ.
Харин Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гарснаас хойш аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах болж, энэ чиглэлээр багагүй ажил хийсэн. Гэсэн ч уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого, удирдлага хангалтгүй, шинэ, дэвшилтэт онол, үзэл баримтлал, арга зүй, техник, технологийн талаарх мэдээлэл дутмаг, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэдлэгээ солилцох боломж бололцоо хангалтгүй байна” хэмээн ярив.
Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа төрөөс гадна аж ахуйн нэгжүүд нэгтгэх нь чухал тухай ч тэрбээр өгүүлсэн.
Эх сурвалж: unen.mn