Сониноос рок попынхон дунд Үйлдвэрчний эвлэлийн хороо, бүр дарга хүртэл байдаг юм байна шүү. Тэр хороон дарга “Киви”-гийн Ука, Намуунаа нарын цомгийг хэвлэн гаргах ажлыг хэлний мэдлэгээ ашиглан боломжийн хувилбараар шийдсэн бол саяхан ахмад уран бүтээлч МУГЖ Хайдавын Төмөрбаатарын цомгийг мөн хэвлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. Бас түүнийг та бүхэн Зууны манлай Поп дива Б.Сарантуяагийн тоглолтон дээр ч харж байсан.
Бүх хүнд тусалж эрвийх дэрвийхээрээ гүйсээр байгаад “Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга” нэр авсан хүн бол залуу дуучин СТА Э.Болор-Уянга. Энэ талаар ая зохиогч, “Пентатоник” академийн ерөнхийлөгч МУСГЗ ноён Б.Долгион өчигдөр цохон тэмдэглэлээ.
Хямралын шуургыг сөрөн шинэ цомгоо гарган сэтгүүлчдийг Ivy ресторанд өдрийн хоолонд урьсан залуу дуучны шинэ цомгийн баяр энэ Баасан гаригт 20 цагаас тус ресторанд болох юм.
Зууны манлай Сараа өмнө нь тоглолтын хурлын мэдээллээ өгөхдөө сэтгүүлчдийг TOM N TOMS кофе шопод өглөөний цай, кофенд урьсан нь тун өвөрмөц болсон. Залуу дуучид ч гэсэн зүгээр нэг хэвлэлийн хурал биш сэтгүүлчдэд ая тухтай байдал бүрдүүлэхээр хичээх болжээ.
Хэвлэлийн хуралд ая зохиогч Б.Долгион, ая зохиогч продюссер Б.Ангирмаа, поп хатагтай нар оролцож цомгийн баярын сюрпризээс задлав. Тоглолтын TAX 30 мянган төгрөгний үнэтэй нь хөгжим сонирхогчдын таашаалд ихэд нийцэж буй.
Хамгийн гоё нь поп хатагтай энэ үдэш үзэгчидтэй хамтдаа хөгжилдөж сонсохыг хүссэн бүх дууг нь дуулж дуусан дуустал хамт байхаа илэрхийлэв.
Үзэгчдийн хувьд нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг. Шөнийн клубт ямар ч үзүүлбэргүй TAX ийм хэмжээний үнэтэй байдаг бол шинэ уран бүтээлчийн цомгийн баяр үргэлжлээд дараа нь party-д ч оролцон дахин мартагдашгүй мөчийг рок попын акулуудтай өнгөрүүлэх нь.
Цомгийн баярт мөн “Шар айраг” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм билээ. Сюрприз задрах 5-р сарын 6-ний өдрийг хөгжимд дурлагсад тэсэн ядан хүлээж байна.