Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хоёр сайхан санаачилга, ажил хэрэг сэтгүүлчдийг угтсан. Үүний нэг нь МУБИС-иас сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд тодорхой сэдэв, санаа дэвшүүлж, шийдэл, арга замыг эрэлхийлэх уулзалт байв.
Харин нөгөө нь Орхон аймгийн төв Эрдэнэт хотод “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы орон нутаг дахь нээлт байсан юм. Нээлтэнд уг аяныг санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ерөнхий захирлын орлогч Д.Даваасамбуу, С.Сувдаа, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга болон МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан нар оролцож орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцав.
Уулзалтын үеэр сэтгүүлчид Монголын шилдэг татвар төлөгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас сэтгүүлчдэд тустай, нийгэмд хэрэгтэй аяныг энэ жилийн турш зохион байгуулахаар санаачилсанд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Эдгээрийн заримаас дурдвал, “Хотын шуудан” сонины сэтгүүлч Н.Мөнхтөр “Энэ өдөр би нэг түүхийг дурсмаар байна. Манай аймгийн засаг дарга Зоригт гэж их сайхан хүн байсан. Тэр хүн одоогоос хоёр жилийн өмнө миний бичсэн нэг мэдээг хараад “Энэ их сайн мэдээ байна. Ийм сайн мэдээг хүн өдөр бүр авч байгаасай. Хэрэв ийм сайн мэдээг өглөө бүр унших юм бол настай миний хувьд ч гэсэн их энерги авах юм. Энэ тал дээр сэтгүүлч та нар нэг зүйл бодож хийвэл сайн байна” гэж тухайн үед хэлж байсныг энэ өдөр эргэн санах сайхан байна. Эгэлгүй мөртлөө энгийн ийм сайхан хүмүүсийн санаа яван явсаар биелдэг юм байна. МСНЭ “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтраад энэ аяныг эхлүүлж байгаа нь тэр хүний хүсэж мөрөөдөж байсан зүйл өнөөдөр биелж байгааг харууллаа. Монгол улсын хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид бүгд хамрагдан оролцож байгаа энэ аянд манай Эрдэнэтийн хэвлэл мэдээллийнхэн нэлээд түлхүү, идэвхтэй, илүү сайн оролцох байх гэж би бодож байна.
Манай сэтгүүлч нөхөд бас нийгэмд тустай сайн мэдээний талаар ярилцлаа.
Телевизийн тухайн өдрийн мэдээллийн амин сүнс нь мэдээллийн хөтөлбөр, мэдээ байдаг. Мэдээ бичиж байж, мэдээ бичиж сурсныхаа дараа л бид өөрсдийгөө сэтгүүлч гэж хэлэх хэмжээнд хүрдэг. Тэр мэдээ маань сайн, сайхан, нийгэмд хэрэгтэй мэдээ байх учиртай. Өнөөгийн нийгмийн байдлыг харахад бараан мэдээллийг хүмүүс хүлээж авах нь нэлээд байна. Ийм цаг үед сайн мэдээ яах аргагүй үгүйлэгдэж байсан. Энэ үгүйлэгдэж байсан зүйлийг гаргаж ирж, нийгэмд түгээхээр 8 сарын хугацаатай аян эхэлж байгааг дэмжиж, идэвхтэй оролцохоо илэхийлье. Зохион байгуулж, санаачилсан хүмүүст баярлалаа” гэв.
Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа болон Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Баттогтох нар сэтгүүлчдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний мэнд хүргэж үг хэллээ .
Б.Баттогтох “Нийгэмд сайн мэдээ түгээж ажиллахын тулд сэтгүүлч хүн өөрөө эрх чөлөөтэй байх ёстой гээд Францын зохиолч, сэтгүүлч Камюгийн “Өөрийнхөө ёс суртахууны харгислалаас ангижирсан хүнийг л эрх чөлөөтэй хүн гэнэ” гэсэн ишлэлээр жишээ авч, хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч хүнд ус агаар мэт хэрэгтэй байгааг онцлон ярилаа.
Харин орлогч захирал С.Сувдаа өөрөө сэтгүүлч мэргэжилтэйн хувьд сэтгүүлч хүний үүрэг хариуцлагын талаас илүү харж ярьсан. Тэрээр “Монголчуудын нийгмийн сэтгэлзүйг сайн зүйлд чиглүүлж, төлөвшүүлэх үүрэг манай хэвлэл мэдээллийнхэнд бий. Энэ үүргээ гүйцэтгэхэд нь “Эрдэнэт үйлдвэр” санаачилга гаргаж, МСНЭ-тэй хамтран энэ аяныг эхлүүлье гэж шийдсэн. Монголчууд маань сайн сайхан амьдрах хувьтай улс. Энэ сайхан амьдрал, сайн сайхан бүхэн рүү тэмүүлэх тэмүүллийг иргэн бүрт, хувь хүн бүрт бий болгох нь сэтгүүлчдийн нэг үүрэг. Нийгмийн сэтгэлзүй донсолгоотой байгаа энэ үед зөв мэдээ түгээх, эерэгээр төлөвшүүлэх үүргээ бид биелүүлж ажиллах нь чухал байгааг хэлье. Энэ сайн мэдээ түгээх аяныг хэрэгжүүлэхэд манай үйлдвэр тодорхой дэмжсэн бодлоготой оролцож бодитой хувь нэмэр оруулна. Монгол улсын сайн сайхан бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн оролцоо бий” гэлээ.