Японы “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагаМанай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийжээ. Тэд Япон, Монгол сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын хандив, дэмжлэгээр төрөлхийн зүрхний гажиг өвчнийг оношлохоос гадна эмчилгээ хийдэг бөгөөд 21 аймгийн хэмжээнд нийт 5278 хүүхдэд оношлогоо хийгээд байгаа аж. Түүнчлэн уг сайн дурын үйл ажиллагаанд нийт 382 эмч, сувилагч, орчуулагч, сайн дурын гишүүд ажилласан байна.
Тодруулбал, Япон эмч нар жилдээ хоёр удаа хувийн зардлаараа Монголд ирдэг бөгөөд эхний удаад оношлогоо хийж, эмчилгээнд хамрагдах ёстой хүүхдүүдийг сонгон дараагийн удаад эмчилгээгээ хийдэг аж.Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд энэ төрлийн өвчлөл ихтэй Ховд аймаг дахь Баруун бүсийн оношлогооны төвд 119 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийгээд иржээ. Харин энэ сарын 1-4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Дашрамд дурдахад, эмчилгээний зардал тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр байдаг бөгөөд дунджаар нэг хүүхдийн 1300 ам.доллар орчим өртөгтэй байдаг аж.
Эх сурвалж: Bataar.mn