Манай орныг эмзэг буурай, хөгжингүй, ядуу гэгчлэнгээр гадаадын хандив тусламжууд ихээхэн ирдэг. Ямар зорилготой манай оронд ядууралтай тэмцээд байгаа нь эхнээсээ “цухалзаж” эхэлсэн. Эрхэм “Сорсын сан” Монголын төлөө сайхан үйл хийхдээ уул уурхай, газар доорх баялаг зэргийг судалсан гэх мэдээлэл ихээхэн “гарах” болсон.
Үнэн худлыг нь эрхэм Сорс л мэдэх биз. Хэрэв тийм бол Монгол улсад жижиг чулуугаар том чулуу цохисон гэсэн үг болж байна. Харин нөгөө талаас үгүй бол “үнэн” гомдмоор “гүтгэлэг” болох байх. Учрыг нь сайн мэдэхгүй ч энэ олон гадны хандив тусламжууд өөр өөрийн гэсэн зорилготой байдаг болтой юм. Зүгээр л нэг оронд очоод өөрийн хөрөнгөөр иргэдийг нь мэдлэгжүүлээд, арга барил заагаад, тэжээгээд байдаг нь сонирхолтой.
Энэ мэт Ханс Зайдлын сан, Сорсын Сан, Адра гэх мэт олон байгууллага бий. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага гэсэн нэрийн дор Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг. Адра ОУБ гэхэд л ногоо тарих арга зүйгээр иргэдийг нэгтгэж хүнсний эрүүл ногоог өөрсдөө тарих арга барилд сургаж байгаа нь сайшаалтай. Гэтэл эргээд иргэдийн гомдол тасрахгүй. Хотоос зайдуу зэргэлдээ айлуудад нэг нь Адра үйлчлээд нөгөөг нь “үл тооно”. Ямар шалгуур цензүрээр Адрагийн арга ажиллагаанд оролцох ёстой юм бүү мэд. Тухайн хороо хорины хийж байгаа ажил ч юмуу, Адра нь ч юмуу гэх иргэдийн “төөрөгдөл” их.
Адра ОУБ маш их сургаж “ногоочин” болгоод улмаар ногооны үзэсгэлэн гаргахад тухайн хороо хориныхон өөрсдөө хийсэн шиг элдэв шагнал урамшууллыг нь “эдлэж” байх юм. Адра өрх бүрийг хамруулж чадахгүй байх л даа гэхдээ аавын хүүг алаг үзсэнийхээ “хариуг” тайлагнамаар юм. Иргэд хороо хоринд танилтай бол арын хаалгаар Адрад элсэн орох жишээтэй. Саяхны нэгэн зар дээр Адра ОУБ сургалтанд хамруулж өгнө …. төгрөгний төлбөртэй гэх мэдээлэл гарч байсан. Нөгөө сайн дурын хүмүүнлэгийн олон улсын байгууллага өөрсдөө “бизнес” хийгээд байна уу эсвэл хороонд танилтай иргэд урд нь “шоудаад” байна уу гэдэг нь тодорхойгүй.
Ямартай ч бараа сураг нь харагдахгүй мөртлөө иргэдэд аж ахуйгаа авч явах тухай “гэгээрлийн” хичээл заагаад байдаг Адра-д гомдох иргэд олон юм. Эмзэг бүлгийн дунд гэгдэх томхон төсөл болох “Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн сургалт” төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь нэгдмэл санаа зорилготой өрхүүд хамтран, хоршоо байгуулсанаар ил талбайд хүнсний ногооны тариалалт эрхлэж, зөвхөн өрхийн хэрэгцээний бус зарж борлуулж ахуй амьдралаа дээшлүүлэхэд чиглэдэг.
Гэтэл манайд зуслангийн газартай, баян айлууд нь Адра-д элсэн ногоо тарьж нөгөөх ядуу “цолтонгууд” нь ардаа үлдэж байх юм. Адра үүндээ шалгалт хиймээр юм даа. Дэлхийн хаа сайгүй үйл ажиллагаагаа явуулдаг Адра ОУБ –т хамрагдах хүсэлтэй иргэдийг бүү “гадуурхаач”.
Б.Саран